2023年4月26日水曜日

40 насандаа хийх 17 зүйл

"Саятны сэтгэлгээний нууц" номыг унших явцдаа, орчуулсан Хонда Кэний бичсэн ганц нэг номыг сонирхож үзэв. Энэ хүн маань өөрөө бас ч гэж зүгээргүй хүн бололтой дог шүү. 

Зохиолч гэж явдаг ч хэд хэдэн компанитай, мөнгөний мэргэжилтэн, мөнгө олох тухай, баяжих тухай лекц уншдаг бололтой. Мөн бичиж хэвлүүлсэн ном бүхэн нь олон хувиар зарагддаг юм байна. 

Мөн хэд хэдэн ном орчуулсан, дандаа мөнгөжих, баяжих тухай агуулгатай байсан байх шүү. 

40 гарчихсан хүн чинь "40 насандаа хийх 17 зүйл" гэдэг номноос нь эхэлж уншихаар шийдээд, зээлэв. "10 насандаа хийх 17 зүйл" гэдэг номыг нь хамт зээлсэн. 

Зулзага уншиж магад гээд. Одоохондоо уншаагүй л байна. Би хааяа сөхөж харчихаад л явж байна. Номын сүүл хэсэгт бичсэн энэ насандаа уншчихсан байвал зүгээр гэсэн номнуудаас нь ганц нэгийг зээлээд өгчихсөн. 

Унших байгаа гэж найднам. Учир нь дунд сургуульд эхний хэдэн минутыг "өглөөний уншлага" гэж хийдэг. Тэр нь зураг ихтэй манга ном биш, ханз ихтэй ном байх ёстой гэж анги даасан багш нь хэлсэн. 

Мөн хэвтээ биш босоо байвал сайн гэсэн. Сайн ч гэж дээ бүр босоогоор бичээд, хойноосоо уншдаг ном байх ёстой гэсэн. 

Би ч дотроо маш сайн зүйл гэж сайшааж байгаа. Тэгээд л 10 хэдэн насныхаа явцад уншсан байвал сайн гэсэн номны жагсаалтаас түүж хэд хэдийг зээлсэн нь тэр. 

Гэснээс түүн дотор "Алхимич" явж байна лээ. Юун 10 хэдэн насандаа унших, 40 насандаа уншлаа шүү дээ би. Ай амьдралаа гэж...

 Мөн 10 хэдэн насандаа уншсан байх номын жагсаалтад Дейл Карнеги явж байх юм. Нэг зээлэх гэснээ арай л ахдах юм болов уу? гээд больлоо. Яван чангарана аа. 

За тэгээд энэ удаад өөрийн насныханд минь зориулсан 17 зүйлийн гарчгийг нь бичлээ. Япон хэлтэй хүмүүс дэлгэрүүлж уншина биз дээ?

1. Хийж чадах, эс чадах зүйлсээ ялгаж, ангилах.

Бусдын үнэлгээнд хэт автахгүй байх. Сайн чаддаг зүйл, маруухан зүйлсээ мэдэж авах.  Чухал болон чухал бус зүйлийг ч ялгаж салгах.

2. Өөрийн түүхийг бичих.

Би гэж ер нь хэн юм бэ? Юу хийж чаддаг вэ? Юуг чадахгүй вэ? Ямар авъяастай вэ? Миний юуг үнэлдэг вэ? Ямар хүмүүстэй байхдаа аз жаргалыг мэдэрдэг вэ? гэх мэтээр өөрийн амьдралаа эргэн нэг харах. Гэр бүл, садан төрлүүдээ нэг тойруулан харах. Тэд ямар мэргэжилтэй байна вэ? Ямар хүмүүс вэ?

Хойшдын амьдралаа хэрхэн өнгөрөөмөөр байна, хэрхэн ажилламаар байна гэдгийг тунгаан бодоход ингэж эргэн нэг харах нь тустай. Мөн өөрийн намтрыг бичиж болно.

Өөрийн тухай, ээж аавын тухай, найз нөхдийн тухай, хүүхдийнхээ тухай гээд юу ч байж болно. 

Энгийн л нэгэн, онцын авъяасүй нэгэн байгаагаа хүлээн зөвшөөрөх. Гутрахгүй байх үүндээ. Өөрийгөө байгаагаар нь хүлээж авч, хайрлах. Учир нь энэ энгийн, хэвийн зүйлд ч гэсэн өөрийн гэсэн аз жаргал оршин байдаг. 

Өөрийгөө голж, өнөөдрийг хүртэлх аз жаргалаа үгүйсгэх хэрэггүй.

3. 60, 70 настнуудаас үг сонсох. Тэднийг ментор болгох.

Ахмад настан, нэг ёсондоо илүү оймс илээж буй хүмүүсээс суралцах. Тэдний амжилт, бүр алдаанаас нь суралцаж болно. Өөрт буй боломжийн тухай асууж мэдэж авах. Тэд нараас урамшууллын үг сонсох.

Өөрөө ментор болж залууст заах, үлгэрлэх. Залуу хойчд үедээ заангаа тэд нараас эрч хүч авах.

4. Ирээдүйд харамсах зүйлээ энэ насандаа хийх.

Энэ хорвоогоос явахдаа харамсах буюу тэгдэг байж, ингэдэг байж гэсэн 10 зүйлийг бичих. Шалтгаан нь 50 насандаа, 60 насандаа хийж чадахааргүй зүйл ч байж магад шүү дээ. Хэрэв тийм зүйл бичигдсэн бол залуу байгаа дээрээ буюу 40 насандаа амжуулна гэсэн үг. 

20 насандаа хийхийг хүсэж байсан зүйлсээ жагсааж бичих. Хэрэв хараахан амжуулаагүй зүйл байвал амжуулах, оролдож эхлэх. 

Сэтгэл догдлуулсан зүйлийг олох. 40 насанд нэлээд намба суугаад, тэр бүр зүрх сэтгэлээ догдлуулсан зүйл хийх нь багасчихдаг. Ажил , амьдралын хэв маягтаа дарагдаад...

Чадахгүй гэдэг амны уншлагыг таягдан хаях. Цаг зав байхгүй, мөнгөгүй, ур чадвар байхгүй гээд л шалтаг тоочоод суувал 70 насандаа хүрчихээд "40 насандаа хийж байхгүй юугаа хийж байсан байна аа, тэр үед л эхэлдэг байж" гэж харамсах болно шүү.

5. Цаг хугацаа, эрүүл мэнд бол таны хөрөнгө гэж бодох. 

Хүний амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? 40-д нас бол хамгийн завгүй, шаргуу ажиллаж өнгөрдөг үе. Хүүхдүүд ч томорч, санаа зовох агуулга нь ч өөрчлөгддөг. Мөн өөрийн эцэг эхийн эрүүл энд суларч, асаргаа сувилгаа шаардагдах үе ч энэ насанд элбэг. 

Ганц эцэг эхийн эрүүл мэнд ч бус, өөрийн эрүүл мэндэд ч ямар нэгэн асуудал үүсэх нь олонтаа. Энэ наснаас хойшхи үе бол эрүүл мэнддээ анхаарах үе. 

Мөнгө болон бусад зүйлсийг яаж ийгээд бүтээж болно. 

Цаг болон эрүүл мэнд бол таны өв хөрөнгө. Энэ хоёр нь нүдэнд ил харагддаггүй тул хайнга хандчихдаг. Тоохгүй орхичихдог. 

Цаг, эрүүл мэндээ гамгүйгээр үрэхгүй, ашиглахгүй байх. Цагаа зөв зохицуулах, нойр хоолондоо ч анхаарах...

За энэ удаад ингээд өндөрлөе. Үргэлжлэлийг нь дараагийн бичвэрт. 

Бүгдэд нь эрүүл энх, хайр, аз жаргал, амжилт, мөнгө хүсье. Түр баяртай.

Жич: Халуун боргол уух гээд усаа буцалгах зуураа дарсан зураг.

0 件のコメント:

コメントを投稿