Хүүгийн тайлбар" манга номоо уншаад дуусгав. Уг нь өгүүлбэр цөөхөнтэй, хөөрхөн ном байсан ч, би зузаан зузаан монгол ном уншаад өө.
Чинагийн Галсан туужаа дуусгаагүй ээ, талаасаа өнгөрөөд явж байна. Энэ хар халуун чинь хүнийг асар идэвхигүй болгох юм дөө.
Зүгээр суугаагүй л дээ, аяга угаагчийг машиндаж байгаа. 7 хоногийн хугацаанд нийтдээ 25 ширхэгийг нэхэж, хүмүүст бэлэглэжээ. Ихэвчлэн япон хүн. Дараа монголчууддаа зөндөөг бэлэглэнэ ээ. Тэвчээрэй. Хэ хэ.
Тайлан нэг иймэрхүү. Номныхоо гол хэсгээс товчхон хүргэе.
Ихэнх эрчүүд орон зайн мэдрэмж өндөр байдаг. Алсыг харж байдаг. Аливаа үйлдлийг тэр чигт нь орхих нь их. Жишээ нь хувцсаа тайлсан чигт нь орхих, нүдний нь өмнө байгаа аягаа хураадаггүй, жорлон орохдоо жорлонгоос өөр юм олж хардаггүй гэх мэт.
Хүүгийнхээ иймэрхүү будлиу ч юм шиг, хэнэггүй ч юм шиг байдлыг хүлээн зөвшөөрөх.
Тоглоомоо хураа гэж хэт үглэх нь заримдаа дэмий зүйл гэдгийг ойлгох. Учир нь тэр хөглөрсөн олон тоглоомон дундаасаа сонирхсон зүйлээ олж харах, сонгох, төсөөлөх гэх мэт нь хөгжиж байдаг.
Хүний тархи нь чаддаг зүйлээ хийх дуртай байдаг. Тийм учраас хөвгүүд орон зайг хэмжиж, бүтээх аргачлалыг нягтлах гэгч ажиллагааг хийж байдаг.
Томчуудтай харьцах цагийг нь уртасгаж өгөх. Үүнд аавынх нь, өвөөгийнх нь нөлөө их. Тэд нараасаа өөрийн дуртай зүйлийнхээ илүү нарийн мэдээллийг авч байдаг.
Мөн эргэн тойрных нь томчуудтай үе үе уулзуулж байх. Тэднээс ч мэдэхгүй зүйлийнхээ тухай мэдэж авч байдаг.
Өөрийн гэсэн орон зайг нь гаргаж өгөх. Зөвхөн түүний мэдлийн орон зай. Жишээ нь тоглоомоо дэлгээд өөрөө дотор нь ороод суучихдаг орон зай. Түүнд нь хэн ч гар хүрдэггүй тийм нэг орон зайтай бол түүний тархи асар их тайвшралыг олж, улмаар хөгжиж байдаг. Энэ зай тийм ч өргөн биш байж болно. Өрөөний нэг жижиг булан, 2 давхар орны дээд талынх нь гэх мэт.
Ээж хүн бол бяцхан хөөрхөн хүүгийнхээ бүхий л зүйлийн эхлэл байдаг. Ээж нь түүнийг ганцаараа алхахад, өөрөөс нь жаахан зайтайхан тоглох мэтэд амгалан тайвнаар харж, түүний ертөнцийг тэлж өгөх.
Эрхлүүлэх. Хэт эрхлүүллээ гэж хэлдэг хүн байдаг ч эрхлүүллээ гээд нэг их буруудахгүй. Ээж хүн амар амгалан, эелдэг байдлаа хадгалж чадвал бяцхан эр тархи ч амар тайван хөгжинө.
3 нас хүртэлх хүүхдийн тархи ээжтэйг холбоотой байдаг. Ээж гунигтай бол хүүхэд ч гунигтай, ээж баяртай бол хүүхэд ч баяртай.
8 нас хүртэл нь ээж хүүтэйгээ аль болох ярилцах. Амьдрах чадвар нь ихэвчлэн 8 нас хүртэлх хугацаанд бүрэлддэг. Хөдөлгөөний эвсэл, хэл яриа, урлаг уран сайхны чадвар, мэдээлэл солилцох чадвар, хими физикийн чадвар гээд л.
Бага тархины хөгжил 8 нас хүртэл идэвхитэй явагддаг. Түүнээс цааш хөгжих нь их удааширдаг гэж үздэг. Гадаад хэл заахаасаа өмнө эх хэлийг нь сайтар хөгжүүлэх.
Хүүхдээ хөхүүлэхдээ гар утас маажихгүй байх. Хайран цаг, хөхүүлэхдээ хүүхэдтэйгээ аль болох ярилцах. Бүүвэйлэх.
Гадаа тоглох, чөлөөтэй тоглох, чөлөөт тоглоом нь хүүхдийн тархийг хөгжүүлдэг. Гадаа тоглохдоо ах хүүхдүүдтэй, дүү хүүхдүүдтэй хамт тоглох нь мөн л чухал.
8 нас хүртлээ бага зэрэг бүтэлгүй байх, удаан байх, нэг ёсондоо төмс байх зүгээр.
Адал явдалтай ном уншиж өгөх, уншуулах. Ном уншдаг хүүхдийн тархи аливаа зүйлийг шингээж авахдаа маш өндөр чадвар сууж байдаг. Хөвгүүд адал явдалтай номонд дуртай байдаг. Харри Поттерийг уншиж өгч болж байна.
8 нас хүртэл нь ном сайн уншиж өгөх, хамтдаа унших. Ингэхдээ чанга, яруу тод уншиж өгөх. Бага ангид чанга унших цаг гэж байдаг нь цаанаа учир жанцантай байх нь.
Хичээл хичээл гэхээсээ илүүтэйгээр түүний унтах цагийг чухалчлах. 22 цагаас хойш гар утас, зураг гэх мэтийг үзүүлэхгүй байх. Мөн унтахын өмнө амттан өгөхгүй байх.
За өнөөдрийнхөө бичвэрийг ингээд өндөрлөе. Хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйл их байна. 22 цагаас өмнө унтуулах гээд чадахгүй байна. Яаж ийгээд л 22 цаг өнгөрчихөөд байх юм.
Үүнд бас аавыг нь гэр дотроо бага зэрэг үүрэгтэй байгаасай гэж бодоод, шүд угаах ажлыг даалгадаг юм. Хөдлөхийг нь хүлээгээд оройтчихдог. Үглээд дийлэхгүй юм.
Гэрээс гараад гадаа ажил дээрээ хичээж байгааг нь би бол мэднэ. Гэхдээ хүүхдүүд тэр бүр мэдэхгүй шүү дээ. Гэртээ л ямар байна? түүгээр нь харж өсдөг гэж уншиж байсан.
Мөн бидний жаахан үеийн цаг үеэс шал өөр болчихоод байгааг энэ эрчүүд мэдэхийг хүсэхгүй байгаа юм уу? Мэдээд хөдлөхгүй байгаа юм уу? Уур хүргэх юм. Хамгийн наад захын жишээ гэхэд л ухаалаг утас байна.
Ухаалаг утас үзүүлэхгүй л дээ. Зурагтыг бол үзчихээд байна. Яаж ийгээд, өөрийн дуртай нэг киногоо үзчихээд байх юм. Заримдаа загнаад, заримдаа би өөрөө хоол хийж амжуулах гээд бухимдахаараа үз үз гэж хэлчихээд байна. Яалтай...
Хүүхдийг ганц ээжүүд хичээж хүмүүжүүлмээргүй л санагдах. Аавуудын оролцоог нэмэгдүүлмээр...
Та бүхний гэр бүл яадаг вэ? Аавууд хэр оролцож байна? Манайх харьцангуй оролцдог гэж боддог ч, наддаа бол хангалтгүй. Хэ хэ. Би ихийг шаарддаг ч байж магад...
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿