2023年9月29日金曜日

Цэцэг ба сонин сайхан

Хэд хоног бичихгүй байхаар бичмээр санагддаг болчихож муу блогоо. Хэрэгтэй зүйл ховор ч өөрт минь сэтгэлийн нэгэн тайтгарал олгодог тул бичмээр санагддаг байх даа. 

Мөн худлаа үнэн бичиж суухад адаглаад дүрмийн алдаа гаргачих вий гэж санаа зовж, тархиа ажиллуулна. Хэ хэ. Айхтар ажиллуулж байна уу, энэ тархийг. 

Бас хүн шагайгаад гарсан ч хөнгөн, ойлгомжтой бичих хэрэгтэй гэж бодон бичнэ шүү дээ. Нэгэнт л бичиж байгаа юм чинь тийм ээ? 

Ойрд нам тайван дөө, ганц нэг бичгийн орчуулга хийсэн юм байна. Эхлээд гүүгл орчуулга юм аа, хараад өгөөч гээд. Ажлын газраар дамжаад. Нэг босс амарч таарсан тул, нэг ажилтан маань хүлээж аваад надад өгчихсэн хэрэг. 

Мэдээж эхнээс нь орчуулсан. Гүүгл орчуулга богино өгүүлбэрт бол зүгээр байж магад л даа. Урт бөгөөд уянгын халилтай орчуулганд жаахан тохиромжгүй. 

Тэгсэн маргааш нь дахиад нэг нүүр орчуулга хараад өгөөч гэсэн гэнэ. Манай босс өө энэ чинь тусдаа үнэлгээтэй, тэгээд ч манай хүний үндсэн ажлын агуулгад орчуулга гэж заагаагүй тул үнэлээд орчуулуул гэсэн. 

Ачаар нь би таван цаас авна. Хэ хэ. Мөнгө гуайг болгож өгөх гэж байгаа хүн чинь буцахгүй биз дээ. Өмнөх 2 нүүр орчуулгынхаа мөнгийг ч гэсэн авмаар л байсан. Ха ха. 

Яахав заримдаа 2 улсынхаа найрамдалт харилцааны төлөө сайн дурын ажил хийлгүй л яахав гэж боддогийнхоо хүчинд сэтгэл санаа өөдрөг л байна. 

Мэдээж орчуулга хийхээр шинэ үг, хэллэг мэдэж авдаг. Энэ удаад ч ялгаагүй. Түүнийгээ гол нь ашиглаж өөрийн болгох. 2 удаа хэрэглэж үзсэн. Хүмүүс яасан мундаг юм бэ? гэж магтсан. Ха ха. 

Магтсан хүүхэн хуримандаа гэгчээр дараа мартчихна л даа. Хэлүүлэлтгүй. Гэхдээ байна аа, хүний тархины гол ажил нь мартах гэсэн биз дээ. Мартаад л санаад л...

За тэгээл бурхангүй газрын бумба гэгч нь шүү. Түүнээс чадалтай орчуулагч нарын хажууд үнэн жулдрай. Ичээд байдаг...

Сэрүү орох гээд л байна. Гэхдээ л нэг тийм бүгчим халуун. Саун л гэсэн үг. Хөлрөөд л, хувцас биед наалдаад л. Байгууллагын сэрүүцүүлэгч цаанаасаа хаагддаг юм. Тэгсэн тэсэхээ байсан уу? Бусад байгууллага гомдол мэдүүлсэн үү, хэд хоног асаагаад, сэрүүхэн сайхан л байлаа. 

Энд ч албан газрууд тог цахилгаан гэх мэт зардлаа хэмнээд, бас их тохиргоо хийнэ. 

Нүүрномоор эх орныхоо тухай жаал харах юм даа. Эмгэнэлтэй, харамсалтай үйл явдал нь давамгайлах юм даа. 

Нэг эхнэр нөхөр 2 салсан юм даг уу даа...

30 жилийн өмнөх ногоон автобусыг улсын нууцад хамруулж байгаад л худалдаж авсан юм даг уу даа. Чухам шилэн данс, шилэн тооцоо, ил тод байдал гээд л тунхаглаад байдаг биш билүү? Ингээд идээд уугаад байхаар улс эх орон минь улам л шившигээ тарих юм дөө. 

Энд би мянга өмөөрөөд, дийлэхээ байж байна шүү. Аминдаа монгол хүн ийм шүү гэж харуулах гэж их хичээх юм. Ооё...

Нэгэн гоё цэцгээр блогоо чимнэ ээ. Зураггүй болохоор бичсэн болохгүй байна. Хи хи. 
Эмээ нарын сонирхол. Тэтгэвэрийн насны хөгшчүүл л харагддаг. Чимж, хичээллэж байгааг нь харахад. 

Тэгээд л бодно. Манайх хэзээ ингээд л тэтгэврийн насны хөгшид нь түлээ нүүрсэндээ санаа зовохгүй, өөрсдийн сонирхлоороо цуглаад цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг болох бол? гэж. 
Ахмадын баяр нь бас их л өвөрмөц болдог шиг... Манай хөгшчүүл хороон дээрээ очоод халуун савтай цай уух, сто грамм татах...
Энэ их өвөрмөц санагдаад. Өмнө нь ийм цэцэгний зураг оруулж байсан бол уучлаарай. 

Олон л зураг оруулдаг тул мартах тохиолдол гарах бөлгөө. 

Намар цаг айсуй... 

10 сард нэлээд завгүй байхаар зурхайд буусан тул бага бичих байх шүү. Эртхэн сануулчихая... Ккк

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Үнжий билүү? Хи хи.

0 件のコメント:

コメントを投稿