2023年10月15日日曜日

Цэнхэр дээл

Зээ, бага сургууль явж улсаа танилцуулдаг ажил минь эхэлсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөхөн сургууль байна даа гэж бодсон. Коронагийн нөлөө их их. Бага сургуулиудад гайхал чинь мэр сэр гараад, анги танхимаараа карантийлаад байгаа сураг байсан. 

Дунд сургууль, цэцэрлэг одоохондоо гайгүй л байна. Өвөл болохоор бусад төрлийн ханиад бас дэлгэрнэ ээ, зулзагууд хүн шиг өвлийг даваасай гэж бодоод л сууна. 

Зун монгол харьчихаад ирсэн тул амралт бараг байхгүй. Цалингүй л чөлөө аваад явна гэсэн үг. 

Олон жил өмссөн улаан дээлээ халсан. Их сургууль төгсөхдөө хонхны баяраараа өмссөн гэж бодохоор олон жил өмсжээ. Наашаа ирэхдээ хийлгэсэн цэнхэр дээл маань зузаан ч байж, халуунд өмсөөд, хөлрөөд, суга хэсгээрээ цайраад өнгө алдчихсан тул хэдэн жилийн өмнө халсан юм. 

Тэгээд өмсөх дээлгүй хүн чинь энэ жил дээл хийлгэж ирсэн. Эхлээд худалдаад авчихдаг хэрэг гээд хайсан чинь яг таарах хэмжээ, сэтгэл нийцсэн өнгө тааралдаагүй. 

Мөн худалдагч нарын ажлаа хийж байгаа байдал нэг л сонин. Зарим нь бүр хэвтчихсэн гар утсаа маажаад, хүн орж ирж байна гэж тоож байгаа ч юмгүй байсан шүү. 

Эргэн тойрны хүмүүс маань захаас аваа гэдэг зөвлөгөөг дагаж захаас торго авсан. Харин захын торго зардаг эгч бол их идэвхитэй тайлбарлаж өгсөн. Тэдэн метр торго орно, ингэж өнгө дагуу эмжвэл аятайхан болно гэж зөвлөгөө өгсөн. 

Хэлснээр нь тэндээс л авчихсан. Хэ хэ. 

Тэгээд оёдолчноор оёулсан. Энэ удаад мөртэй дээлтэй болсон. Тэгвэл мөр хэсэгтээ үрчийгээд байдаггүй гэсэн. 

Дээл хийлгэх зардлыг минь газар дээрх ганц нагац ах минь төлсөн. Бэлэг гэсэн. Баярлалаа. Дээлээ өмсөх тоолондоо л бодно шүү дээ. 

За тэгээд зах дагуулж явах, хамт явж захиалах, бэлэн болсных нь дараагаар очиж авах гээд л их л олон хүний оролцоотойгоор дээлтэй боллоо. Бүгдэд нь маш их баярлалаа. 

Дараа нэг явахдаа дахин нэг өөр өнгийн дээлтэй болно оо. Ээлжлээд өмсөхөөр. Халуунд бол жаахан хэцүү. Би та нарыг гайхдаг, тэр олон дээлээ яаж арчилдаг юм бол гэж? 

Угааж болохгүй, хими цэвэрлэгээнд өгөх гэхээр үнэтэй. Тийм үү? 

Би угаасаа арчилгаа шаарддаг зүйлд жаахан дургүй талдаа. Угаалгын машинд хийгээд л угаачихдаг, гаргаж ирээд хэд сэгсрээд л хатаачихдаг, индүүддэггүй гэх мэт хувцсанд дуртай. Амар тийм ээ? 

Срочкон цамц өмсөлгүй зөндөө уджээ. Цагаа хэмнэнэ, тогоо хэмнэнэ. Хи хи. 

Над шиг ийм залхуу хүн байна уу? Байдаг бол лайк дараарай. Ха ха. 

За ямартай ч гоё цэнхэр дээлтэй болсондоо баяртай байгаа. Элбэгхэн цэнхэр дээлтэй, улаан пүүзтэй, шар бүстэй хүүхэн гунхалзаж харагдвал тэр чинь би шүү. 

Аминдаа далбааныхөө өнгөтэй хослуулж байгаа ухаантай. Улаан, шар, цэнхэр. Дажгүй л хослол байгаа биз дээ? Түүнээс яг энэ өнгөөр нь, илүү гарсан торгоор нь бүс хийж өгсөн байсан л даа. 

Хөвсгөр хүн чинь өнөөхөө бүслэх гэж жаахан цаг авах юм билээ. Тэгэхээр нь шууд л ташаандаа эрвээхэй зангидчихдаг шар бүсээр бүсэлчихсэн хэрэг. Хо хо. 

Нэг дээлтэй болсноо юу гэж боддог байна аа, тийм ээ? Яахав, хэдэн онд хийлгэж өмслөө гэж дараа нь уншихад хэрэгтэй гэж бодсон юм өө. Сонирхолгүй бол алгасна биз дээ? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿