2023年10月6日金曜日

Ахмадын баярын мэнд

70, 80-аад оны биднийг ахмадын тоонд оруулаад байгаа билүү, жаахан бацаанууд чинь. Ха ха. 

Би энэ баяраар ээж аавдаа мэнд хүргэдэггүй. Сонин санагдаад байдаг. Хорооноос зохиож буй ажлууд нь таалагддаггүй юм. Тойруулж суулгаад сүүтэй цай, гарын бэлэг гэх мэт нь ч нэг тийм тааламжгүй. 

Цаанаа л нэг тийм тухайн цаг үеийн улс төрчид нь ирэх сонгуульлдаа бэлдээд байгаа юм шиг хар төрөөд байдаг юм. Ха ха. 

Ээж аавынхаа "хороон дээр тийм арга хэмжээ болоод, ийм ахмадуудад зориулсан үйл ажиллагаанд оччихоод ирлээ" гэж хэлэхийг сонсож байгаагүй.

Өөрсдөө л өөрсдийгөө баясгана хөөрхийс. Өдөр тутамдаа ач зээгээ хааяадаа авна, жимсээ хураана, хамаатан саднуудтайгаа хөзөр даалуу тоглоно.

Мэдээж сонирхлоороо нэгдсэн ахмадууд байна аа, жишээ нь сүүлийн үед хөгжөөд буй граунд буюу талбайн гольф, ууланд алхах гэх мэт. Орж гардаг ахмадууд нэмэгдэж л байна тийм үү? 

Японд бас ахмадын өдөр гэж байна. Баяр биш өдөр гэж явдаг. 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн даваа гарагийг ахмадын өдөр хэмээн нийтээрээ амардаг. Үр ач зээ нар нь ээж аав, эмээ өвөөдөө бэлэг өгдөг, хамтдаа тэмдэглэдэг.

Энэ жилийнх 9 сарын 18-нд болсон. 

Сонирхлоороо нэгдсэн хүмүүс хааяадаа үзэсгэлэнгээ гаргах, хамтдаа аялах гэх мэтээр зугаатай өнгөрөөдөг. Мөн тухайн хорооны цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдийн зурсан зураг, бүтээл зэргийг хорооныхоо эмээ өвөө нар бэлэглэх тохиолдол ч байдаг юм билээ. 

Байсгээд л амьд цэцгийн урлагийнхны бүтээлээс зураг оруулдаг даа. Тэр ч ахмад настан эмэгтэйчүүдийн бүлгийнхний бүтээл. Улиралдаа нэг бүтээл гаргаад байдаг юм. 1 давхрын коридорт хэдэн ширээг цагаан даавуун бүтээлгээр бүтээж байгаад цэцгээ тавьдаг. 

Би цайныхаа цагаар гарч орохдоо саатан сонирхож зураг дардаг юм.

Энэ саяхных. Ганц энэ икэбана байгаагүй л дээ. Хажууд нь хэд хэд бий. Би ганц нэгээр нь л зураг оруулдаг. Холоос нэг дараад, ойроос цэцэг, навчных нь зургийг бас дардаг.  

Нэг их тод харагдахгүй байгаа биз? Ойртоод харахаар ийм хөөрхөн цэцэг нуугдасхийгээд л амилсан байна. Икэбана гэдэг үг өөрөө цэцгийг амилуулах гэсэн утгатай шүү дээ. 

                              

Мөн энэ бяцхан хөөрхөн цэцэг. Хараахан дэлбээлж амжаагүй байгаа мэт. Эсвэл цаанаасаа ийм хумиастай байдаг ургамал ч байж мэдэх. Мэдэхгүй зүйл их юм дөө, энэ хорвоод. Хи хи.   

Манай ахмадууд ч гадны орныг дуурайх нь юу юм? Гэхдээ л сайхан өөрсдийгөө амраасан, тайтгаруулсан, таашаал авсан сонирхлоороо нэгдэж цөлөөт цагаа өнгөрөөдөг сайхан нийгэм цогцлоосой гэж боддог.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Сонирхлоо олоорой...

0 件のコメント:

コメントを投稿