2023年10月19日木曜日

Айлын хүүхдүүд айхтар юм өө

Энд ирснээсээ хойш л айлын хүүхдүүдийн айхтарыг гайхаж байна дөө. Мэдээж сул тал, таалагддаггүй зүйлс бий. Энэ олон хүн дотор чинь тийм биз дээ? 

Бид л гэхэд 3-хан сая мөртлөө есөн зүйлийн л хүмүүс байна даг. Тэгснээ өөрсдийгөө л хэт дөвийлгөх гээд, монголын цус энэ тэр гээд байхад нь ойлгохгүй үе бий бий. 

Зүгээр л урдахаа чанартай сайн хийгээд, зөв явахад болчихмоор зүйл их бий...

Ойрын хэд хоногт монголд болж буй хүүхэд багачуудын эндэгдлийн тухай уншихаар зүрх зүсэгдэнэ ээ. Зулзагуудаас минь өөрцгүй шүү дээ гэж бодно. 

Эд нарын айхтарыг гайхахад хүргэдэг жишээнүүдээс ганц нэгийг бичих үү? 

1. Хотын төвөөр, ялангуяа сургууль цэцэрлэгийн ойр хавьд сармагчин явж байсан. Сармагчин нь хүн лүү дайрч бэртээж, гэмтээх аюултай тул болгоомжтой байгаарай. Сурагчдад энэ тухай анхааруулж хэлсэн. Хичээл тарсны дараагаар гадаа тоглох, дугуйлан секцэндээ явахад нь эцэг эх, арсан хамгаалагч нар ч мөн адил анхаарал болгоомжтой байна уу?

2. Уржигдар хичээлээ тараад явж байсан сурагчийн бугуйнаас гэнэт барьж аваад, угз татсан хэрэг гарсан. Танихгүй хүн байсан тул зугтааж, харьж чадсан. Ээж аав нь цагдаад мэдэгдсэн. Та бүхэн ч анхаарал болгоомжтой байгаарай. Орой үдшийн цагаар хүүхдүүдээ аль болох ганцааранг нь явуулахгүй байх. 

Ийм үл таних хүн таараад элдэв үйл гаргавал эхлээд цагдаад мэдэгдэхийг хүсье. Дараагаар нь сургуулийн захиргаанд мэдэгдээрэй. Бусад хүүхдэд ч анхааруулж хэлэх болно. 

3. Хичээлээ тараад явж байсан сурагчдыг үсээ шар өнгөр будсан, бага оврын мотоциклтой хэдэн залуус өдөж, хоргоосон явдал гарчээ. Иймэрхүү залуустай тааралдвал аль болох шөргөөцөлдөхгүй, зугтаах нь аюул осол бага шүү. Хүүхдүүддээ анхааруулж хэлээрэй. 

Гэх мэтээр байсхийгээд л сургуулийн зүгээс албан ёсны бүртгэлтэй аппликэйшнд мэссэж ирнэ. 

Мөн сургууль цэцэрлэгт нь сард нэг удаа заавал онцгой байдлын сургуулилалт зохиогдоно. Байгалийн гамшиг тохиолдвол яах тухай, хэрхэн биеэ хамгаалах тухай, гадны үл таних хүн, дээрэмчин гэх мэт хүмүүстэй таарвал яах тухай гээд л хичээл заадаг. 

Жишээ нь танихгүй хүмүүс чихэр, амттан өгье гэвэл авахгүй байх, дагаж явахгүй байх, чанга дуугаар орилох, хурдан зугтах гэх мэтээр заана. 

Зугтаж амжсан тохиолдолд хамгийн ойр байх хүүхэд хамгаалах бүртгэлтэй сайн дурын байгууллагад хандах. 

Энэхүү байгууллага нь ямар ч байгууллага байж болдог. Тухайн сургууль оршин байх хороо, хороололд үйл ажиллагаа эрхэлдэг үсчин, дэлгүүр, нарийн боовны цех, хувийн эмнэлэг, эмийн сан. Эдгээр нь цонхныхоо тэнд, үүдний хаалганыхаа гадна "Хүүхдийн 110 дуудлага" гэсэн жижиг самбар өлгөдөг. 

子ども110番の家をご存知ですか❔🏠
110 дугаарын гэр. Айсан үедээ санаа зоволтгүй ирээрэй.

Гэж бичсэн байна. Үүнийг харсан хүүхэд өөрт ямар нэг таагүй зүйл тохиолдвол тэдгээр байгууллагад хандаж тусламж эрнэ. Тус байгууллагынхан цааш нь цагдаад мэдэгдэнэ. 

Энэ зургийг бага зэрэг жижгэрүүлэх гэсэн чинь болдоггүй ээ. Интернетээс зээлсэн зураг шүү. 

Иймэрхүү зүйлийг сургууль, цэцэрлэг нь маш сайн хэлж, анхааруулдаг. Би бол гэртээ барагтаа энэ 110 дуудлагын талаар ярьж байгаагүй. Багш нар л хэлж ойлгуулсан байсан. 

Мэдээж гэртээ бол өөрсдийн гэсэн нууц үгтэй. Хааяа тэрийгээ санаж ярилцана. Гэрийн хонх гадаа хонх дарсан хүний дүрс харагдах тул харьцангуй гайгүй, шууд гүйж очоод онгойлгочих нь ховор.

Анзаараад байхад манайд нэг их олон гадаад хэлтэй, нэг л их мундаг хүүхэдтэй болчих гээд иймэрхүү наад захын амьдралын хар ухаан заахгүй байгаа юм шиг санагддаг. 

Мөн миний л хүүхэд болж байвал гэдэг хандлага их юм шиг анзаарагдсан. 

Бид, бидний гэж ярьж хэлж, өсгөх нь чухал болчихоод байна тийм үү? Эдүгээ цагт.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿