2023年10月20日金曜日

Найзуудын бэлэг

Найзууд өөрсдөө ирэх нь БЭЛЭГ.

Гэр ажил, ажил гэр, хааяа орж гарах гэсэн амьдралын хэв маягт минь богинохон ч гэсэн хөгжөөн, цэнгээн нэмж, дурсамж үлдээх нь бэлэг биз дээ? 

Өнгөрдөг жил ирсэн найзууд, нэлээд хэдэн жилийн өмнө ирсэн найзуудтайгаа уулзаад суухад энд ирж аялснаа, зугаалснаа, идэж ууснаа дурсдаг. Нээрээ тэгсэн билүү? гээд мартчихсан үйл явдлыг ч эргэн сануулаад сайхан байдаг тийм ээ? 

Хааяа ухаалаг утсанд тэр үеийн зураг хөрөг гарч ирээд, хөөх гээд дурсамж сэдэрнэ. Тэдэн онд ирж байсан байх нь гээд цаг хугацааны хурдныг гайхна. 

Юу захих вэ? гэж асууна. Захих юм байхгүй дээ гэж хэлсэн ч номоо захьчихсан л сууна. Хэ хэ. 

Мэдээж номноос өөр гого гого бэлэгтэй ирдэг. Ааруул, ээзгийнээс эхлээд л амттай бэлэгтэй ирсэн. 

Буу халж суунгаа идээд л, хэвээд л, уугаад л...

Зээ, энэ удаад ширэн нүүрлээд л захьсан номнууд минь. Тэгж байгаад л уншина даа. Өнөөх мөнгөний тухай номоо дуусгаж амжаагүй. 

Одооноос идэвхитэй уншина аа. Сайхан сэрүү ороод, сэтгэлд таатай улирал үргэлжилж байна. Гэхдээ бас орж гарах нь нэмэгдээд л... 

Ингэхэд 2хон сарын дараагаар шинэ он гарлаа, журмын олон нөхөд минь. Дүгнээд хэлэхэд олон ном уншжээ. Олон ч шинэ танилтай боллоо. Зарим нэгтэй нь зун уулзсан. 

Номын клуб маань ч их хөдөлгөөнд орж, идэвхижиж байна. Дан бүсгүйчүүд л уншаад, ярилцаад явж байна. Эрчүүд минь хаана явна вэ? Тусдаа уншаад, тусдаа клубтэй байх тийм ээ? Хо хо. 

Эдгээр номнуудыг ч номын клубынхны бүсгүйчүүд бид уншихаар төлөвлөсөн. Ганц нэгийг нь сонирхож уншихаар захиж авчруулсан. 

Гэснээс авч ирж амжаагүй ганц нэг ном үлдчихсэн. Наашаа ирэхээр хүн байвал хэлээрэй, ном дайна шүү. Хи хи. 

Энэ хүмүүс ямар их уншдаг юм бэ? Ихэнх номыг уншчихсан байх юм. Хажуугаар нь англи, япон, орос, герман хэлээр уншчихсан байх юм. Би уншаад байгаа хэрнээ л гүйцэхгүй юм. 

                             


Эдгээр номнуудыг бас ихэнх нь уншчихсан гэсэн. Би ганцыг нь ч уншаагүй явж байдаг. 

За бэлгэнд ном авах нь миний хувьд хамгийн тансаг бэлэг болоод удаж байна өө. Баярлалаа найзууд аа. Үлдсэн номоо тэгж байгаад авна шүү. Ккк. 

Энэ удаагийн найзуудын минь айлчлал ч мөн адил дурсамж болон мөнхөрнө. Хэдэн жилийн дараагаар зурагнуудаа хараад хөвсгөр байсныгаа, залуухан байсныгаа харж баясцгаах байх даа, тийм үү?

Би өөрөө бэлэг өгч гавихгүй ээ. Ямартай ч сайхан дайлаад цайлаад, шинэ соргог юм юу байна, түүнийгээ үзүүлэхийг хичээнэ. Чаддагаар нь аяга угаагчаа нэхэж бэлэглэнэ. 

Сүүлийн үед харин манайхан кофе уудаг болсон тул аятайхан кофе бэлэглэдэг болсон. 

Дараа таалагдсан зүйлсээсээ захиарай гэж хэлдэг дээ. Боломж нь бүрдвэл өгөөд явуулахыг хичээдэг. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿