2023年10月18日水曜日

Хазсан нь

Бага зулзага ангидаа хүүхэд хазсан гэнэ. 

Орой авахаар очиход багш нь "хүүгээ битгий загнаарай, цаад хүүхдүүд нь бас зүгээр байгаагүй" гэсэн. 

Зулзага ганцаараа нэг тоглоомоор тоглож байсан юм байх. Тэгсэн хажуунаас нэг охин, нэг хөвгүүн өдөөд, хамтлаа тоглоё л доо ч гэсэн гэнэ үү? Эсвэл тоглоомыг нь авах гэсэн ч юм уу? Сайн мэдэхгүй байна, шалаад байхаар нь үгүй ээ гэж учирлаад байхад нь нойтон хамуу шиг загнаад байхаар нь хазаад авсан бололтой. 

Овоо муу "уур"вэ? 

Тэгээд гурвалжин дөрвөлжин юм болсон юм байх. 

Багш гурвууланг нь зогсоож байгаад учрыг нь хэлүүлээд, бие биенээс нь уучлалт гуйлгуулсан гэнэ. 

Үдийн хоол идэхийн үед гурвуулаа эвлэрчихсэн хэвийн тоглоод гүйж явсан гэнэ. 

"Яана аа, хазуулсан хүүхдүүд зүгээр үү?

Зүгээр зүгээр, хазуулсан ором энэ тэр гараагүй, зөөлөн хазсан. 

Уучлаарай, дахиж хүүхэд хазаж болохгүй гэж хэлнэ ээ. 

Зүгээр зүгээр, харин сайн харж хандаж чадаагүйд уучлаарай, хүү нь уг нь өөрийнхөө санааг хэлээд байхад цаад хоёр нь ч шалаад байсан тул уур нь хүрсэн байх. 

Гэсэн ч уучлаарай." 

Нэг иймэрхүү яриа болж өрнөв. Машиндаа суугаад л, учирлалаа. дахиж хазаж болохгүй шүү л гэлээ. 

Уг нь нэг их хаздаг, цохьдог хүүхэд биш юмсан. Яасан юм бол доо? гэж бодов. Энэ удаад багшийн хэлснээр учиргүй уурлаж загнасангүй. Дахин ийм хэрэг гарвал харин нэлээд ширүүхэн үзэж тарна даа...

Эрэгтэй хүүхэд хөдөлгөөнтэй гэж их сонсдог байсан. Гэхдээ зулзага минь тийм ч айхтар хөдөлгөөнтэй бол биш, ууртай юу гэвэл ууртай, ааштай юу гэвэл ааштай, эрх үү гэвэл эрх л дээ. 

Энэ бүгд ээж миний буруу гэсэн. Хэ хэ. Би л эрхлүүлээд байдаг гэсэн. Хо хо. 

Дорхноо томроод үүрээ орхиод явдгийг нь мэдсэн болохоор энэ л хөөрхөн цаг үед нь өхөөрдмөөр, хайрламаар, эрхлүүлмээр, базаад базаад үнсээд баймаар, тэврээд л баймаар, мөөмдүүлээд л баймаар болчихдог юм билээ шүү. Ха ха. 

Ээжийн эзгүйд "хүн шиг" байдаг гэсэн шүү. Идэхгүй гээд маяглаад байдаг ногоогоо иддэг гэсэн. Өөрөө иддэг гэсэн. Ээжийн дэргэд бол бүх юмаа чадахаа байдаг гэсэн шүү. Ха ха. 

Ямартай ч ангийхаа 2 хүүхдийг хазсан хэрэгт ороод амждаг гэнэ ээ. Чих халууцуулж эхлэх гээд байна уу? Аавыг нь ирэхээр ховлоно доо. Ккк. 

Харьцангуй бага бичээд байна даа гэж бодоод явсан юм. Бага зулзагынхаа тухай шүү дээ. Тэгсэн чинь "хазсан" паянг нь бичих болдог гэнэ ээ. Хи хи. 

Хойшид ямар паянг нь бичихийг таашгүй. 

Хүүхэд өсгөнө гэдэг чинь "алаан байхгүй юу" гээд хэлчихмээр л байна шүү. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿