2023年11月21日火曜日

6 ном ба 10-с дээш зүтгэл

Суугуул нутагт минь монголоос хүн ирнэ гэж найз хэлээд. Би ч ширлэн нүүрлэж номоо дайгаад. 

Эхлээд бэлэн байсан нэг номоо аваачаад өгчихөөр нь бас нэгэн танил минь би хэлээд өгье, номоо нэм нэм гэхээр нь уухайн тас за  гээд нэмээд 5 ном аваачаад өгүүлчихсэн. 

Түүнийгээ гартаа оруулчихсан, үнэн кайфтай сууж байна л даа. 

Хотод цас орчихсон, халтиргаа гулгаа ихтэй, түгжрээ бүр ч гаарч байна гэж уншаад байсан тул гэрийн нь ойролцоо номын дэлгүүртэй, худалдааны төвтэй хүн хайв. 

Тэгсэн ашгүй нэг хамаатных байж таараад. Сансрын түнээлийн интерном дахт салбараас номоо авахууллаа. 

Шууд очоод авчихгүй ээ бас. Тэрүүхэндээ хөөрхөн адал явдалтай. 

Өглөө нь дэлгүүр онгойход нь гүйж очоод номоо авчихаад залгана гэсэн сурагч охин залгадаггүй ээ. Тэгсэн яасан байх нь уу? Гар бөмбөг хөөгөөд явчихсан. Хэ хэ. 

Өөрөө ч хэлээгүй, ээж нь санаа зовоод бичиж байсан. Би ч хүн гуйж байгаа хүн зүгээрээ гэж хэлсэн мөртлөө номондоо санаа зовоод л. Хи хи. 

Санаа зовсны дагуу зарим нэг номнууд нь байгаагүй. Дахин явуулж өөр ном авахуулсан. 

Залгахыг нь хүлээх зуураа цахим хуудсаар нь мэссэж бичээд асууж байгаа юм. Тэр салбарт чинь тийм ийм ном бий юу гээд л. 

Яг ийм тулсан, сандарсан үед яараад буруу сонголт хийх эрсдэлтэй. Тэгэхээр номоо худалдаж аваад бэлэн байлгах л чухал болж таарна. 

12 сард найз явж ирнэ гэсэн. Одооноос эртхэн захиалаад хүргүүлнэ ээ. 

За тэгээд энэ 6 номыг нааш нь авах гэж нийтдээ 10-с дээш шахуу хүний оролцоо шаардсан байна лээ, тоолсон чинь. Хо хо. 

Бэлэн байсан нэг номыг минь хүргэж өгсөн найз,ийм тийм ном байна уу гэдэг асуултанд хариулж өгсөн дэлгүүрийн ажилтан, сонирхолтой ном санал болгосон номын клубынхан минь, номонд гүйж өгсөн охин, мөнгийг нь төлж өгсөн ээж аав 2 нь, хүн ирэх гэж байгаа шүү гэж хэлж өгсөн найз, мөн сүүлд номоо нэмээрэй, би хэлээд өгөмз гэж хэлсэн найз, номны төлбөрийг шилжүүлж өгсөн хань ижил, хотын нэг захаас хотын төв хүртэл хүргэж өгсөн аав минь, энэ хүртэл зөөж авчирсан шинэхэн танил бүсгүй, хамгийн сүүлд би өөрийгөө оролцуулаад гээд тооцохоор 10-с дээш гарчихаад байгаа юм л даа. Хо хо. 

Түгжрээ гайгүй байдаг бол ч гэж их бодно оо. 

Би өмнө нь нэг их тоогүй гуйдаг байсан. Зун харьж ирчихээд замын хөдөлгөөнд оролцоно гэдэг чинь Улаанбаатар хотод бол асар их энерги шаарддаг, нерв барсан ажил байдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүн чинь одоо хүн гуйхдаа ингэж санаа зовдог болсон.

Бүгдэд нь маш их баярлалаа. Буян нь бум түмээрээ үржиг ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

Жич: Интерномын цахим хуудасны сагсанд 16 ширхэг ном хадгалаастай байна даа. Зарим нь төв салбартаа л зөвхөн байдаг бололтой байсан. Тэгэхээр онлайнаар захиалаад хүргүүлсэн нь амар...

0 件のコメント:

コメントを投稿