Голцуу л мартчихсан явна. Жаахан бухимдахаараа бүр санан санан уртаа гэгч нь амьсгаагаа аваад, удаанаар гаргадаг болсон. Бухимдана аа би чинь, блогийнхоо агуулга шигээ байнга ном уншаад л, зулзагуудтайгаа тоглоод гүйнэ гэж байхгүй. Хэ хэ.
Энэ удаад бясалгалын талаар монгол хэлээр олж уншив. Зохиолч нь япон хүн юм байна. Сүүлийн үед япон хүний ном бүтээл их орчуулагддаг болж тийм ээ? Заримыг нь би энд удаж байж анх удаагаа сонсож буй нэр ус ч харагдана.
Алхалтын тухай номыг нь монголд нэг хүн уншаад байна, гээд л ярих болгондоо хэлээд байгаа. Японоор унших бодолтой. Уншмаар ном ч их байна даа...
Тэгсэн энэ удаагийн зохиолч Тич Нат Ханы бясалгах аргыг ерөнхийд нь үгүйсгэсэн байх юм. Бурхан болчихсон шүү дээ, хөөрхий 90 хэдэн насандаа. Зурагнаас нь харахад их амгалан дүр төрхтэй хүн байсан.
Номыг бичсэн зохиолч маань ч тэнгэрт заларсан байна. Залуухнаараа явчихаж. 66 насандаа. Өнгөрдөг жилийн 3 сард. Жил болох гэж байна.
Их олон бясалгалын арга байдаг гэнэ. Зүгээр л нүдээ аниад суух биш гэж байна шүү, хэхэ. Сүүлийн үед бясалгалын ачаар хүмүүс маш их сайн яваа, амжилтанд хүрсэн гэж сонсож буй тул яг ямар аргых нь бясалгалыг хийгээд байна гэж судлана аа. Би ч гэсэн амжилтанд хүрмээр байна өө.
Хамгийн их таалагдсан нь "ном унших нь нэгэн төрлийн бясалгал" гэж бичсэн байна шүү. Мэдээж унших агуулгаасаа хамаарах ч гэсэн гоё урт, зузаан ном унших нь бясалгал болдог гэжээ. Уншаад байдаг хэрэг ээ.
Нээрээ л гоё ном унших урамтай шүү. Дуусгаад номоо хаасны дараагаар нэг тийм үгээр илэрхийлшгүй мэдрэмж авдаг даа.
Нэгэн шинэ ойлголт мэдэж авлаа. "Гурван хэмжээст ертөнц". Бидний өнөөгийн амьдарч буй энэ ертөнцийг хэлээд байх шиг байна тийм үү?
Мөн бясалгана гэдэг чинь дээд төрлийн сүнстэй холбогдох юм байна. Сэтгэлээ бэлдээгүй байхдаа бас хамаагүй бясалгах хэрэггүй юм шиг байна.
Нэлээд шинэлэг зүйлийг олж уншсан ном байлаа.
Мөн зохиолчийн их олон ном орчуулагдсан байдаг юм байна шүү. Би анх удаагаа сонсож буй тул хойшид бага зэрэг сонирхоод явна аа. Нэлээд шашинлаг хүн юм байна. Бурханд итгэдэг хүн байна.
Би чинь ний нуулгүй хэлэхэд сүүлийн үед энэ шашныг жаахан шүүмжлээд байгаа. Ялангуяа манай монголчууд арай хэтрүүлээд байгаа юм шиг санагдаад. Элдэв хэрэгсэл, үйлдэл нь олшроод, туйлшраад байгаа юм шиг санагдаад.
Түүнээс шашин нь бас хүмүүсийг муу муухай зүйл хийхээс сэргийлж байдаг, угтаа байх ёстой зүйл гэж боддог л доо. Нүгэл болно гэж айгаад муу муухай, бузар зүйл хийхээс зайлсхийдэг хүмүүс ч их, би ч өөрөө далд ухамсартаа бурханд итгээд, нүгэл үйлдчихгүй юмсан гэж хичээдэг.
За бясалгал хийдэг хүмүүст улам өндөр амжилтыг хүсээд, бясалгаж эхлэх юмсан гэж над шиг мөрөөдөөд явж буй хүмүүстээ гялс эхлээрэй, надаас түрүүлээд эхлээрэй гэж хүсье. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿