2024年4月28日日曜日

Түрийвч мину зэ

Түрийвчээ алдаад хэд хонож байна өө. Олдоггүй. Хайгаад л байдаг. Гэрээ орвонгоор нь эргүүлэхээ шахав. Алга. 

Унагаасан байж магад гэсэн дэлгүүрийн хогийг хоёр удаа онгичов. Явсан замаараа хэд ч алхав даа. 

Ядаж байхад их эрээн хээ хуартай. Ялгуун билүү? Үндэсний хувцастай хүүхний зураг бүхий, хар хөх, усан цэнхэр өнгө хосолсон. Дөрвөлжин, цахилгаантай. Хэн билээ дээ, найзуудын нэг л бэлэглэсэн юм. 

Охидод бэлэглээд, охид хэт эрээн мяраан байна гээд ээжид "гулгуулсан" шиг санаад байна. Хэ хэ. 

Дотор нь баахан каартнууд. Хамгийн чухал нь жолооны үнэмлэх, гадаад иргэний үнэмлэх, кредит каарт. Энэ гурав л чухал байлаа. Бусад нь энд тэндхийн дэлгүүрүүдийн онооны каарт. 

Бэлэн мөнгө байгаагүй. Гэхдээ номын дэлгүүрийн худалдан авах эрхийн каарт байсан шиг санаад л байна. Мартааский. 

Мартааский гэснээс хүн чинь ой санамж нь их орж гардаг юм байна шүү, ялангуяа юм хумаа гээхэд. 

За тэгээд алдсан хүн арван тамтай гэгчээр элдэв л зүйл ургуулан бодно. 

Ямартай ч мөнгө алдаж магадгүйгээр нь виза картаа хаалгав. Мөн хурдны замд ашигладаг төлбөрийн каартаа хаалгав. 

Хамгийн түгшүүртэй байсан нь жолооны үнэмлэхгүй машин жолоодох. Эз нь таараад замын цагдаа зогсоовол тэгээд л будаа. Дүрэм зөрчилгүй хүн шиг яваад, энэ жилийн 2 сард үнэмлэхний хугацаагаа сунгуулаад, эднийхний хэлдгээр "алтан үнэмлэхтэй" болчихсон гээд л их маадгар байсныг яана? 

Цагдаагийн газарт мэдэгдэв. Утасдахыг нь хүлээгээд л, цагдаад үгүй ээ мөн их хайртай болохыг шахав. Ха ха. 

Жолооныхоо үнэмлэхээ дахин гаргуулав. Мэдээж зардалтай. Цээж зураг хэрэгтэй, зургаа авахуулсан. Үнэмлэхний төлбөр гэж 2,250 иений хураамж төлсөн. Харьцангуй гайгүй л дээ, гэхдээ л...

Одоо хамгийн том ажил нь гадаад иргэний үнэмлэхээ дахин гаргуулж авах. Ойрхон бол ч хамаа алга. Гол нь зайтай, нэг өдрийн ажил болдог. Ажлаасаа чөлөө авах хэрэг гарна. Угтаа ингэж чөлөө авмааргүй байгаа юм. 

Учир нь бага зулзага өвдөнө, хавдана. Ээж л амарч харна гэх мэт надад амрах өдөр мундахгүй. 

Өмнө нь түрийвчээ энд тэндхийн дэлгүүрийн лангуун дээр тавьчихаад, эргээд очиход байж л байдаг, нэг бол дэлгүүрээс нь утасддаг гэх мэт паян надад мундахгүй их л дээ. 

Бүр ингэж таг алга болгож гээгээд, бухимдсан нь анхных. Яагаад ч юм гараад ирэх байх гэсэн горьдлго тасардаггүй, япончуудын ухамсарт итгээд л явлаа. 

Хань ижил "муу хүний гарт орчихож ээ" гэхээр нь сэтгэлээр унасан гэж юүхэв. Хи хи. 

Жолооны үнэмлэхтэй болсон хүн чинь хөлд нь хий орно гэдэг шиг машинд нь хий орчихсон л байна. Орж гараад л. Хо хо. 

Блогоо бичих гэсэн ч гар хөл нэг л эвлэж өгөхгүй л явлаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿