2024年7月14日日曜日

Тунгалаг хөх асар

Жилийн өмнө шахуу уншихаар авчирсан. Амжддаггүй.

Зориглож эхлээд дундуур нь бас л завсарласан. Өөр ном уншаад гүйсэн. Энэ сар бүр зорилт тавиад, барин тавин суусаар, дууслаа. "Норгой" номныхоо үргэлжлэл гэсэн. Умбаа лам, Сийлэн бүсгүй, Ашид хүү гээд зохиолыг холбогч баатрууд гарна. Зүүдний ертөнц, дээд өвөг, урд хойд нас, эрдэмт лам нар, ардын засаг, улааныхан, цагааныхан, нүүдлийн ахуй соёл, өвөг дээдсийн минь суу ухаан гээд сэтгэлийн мяндсан утас хөндсөн зүйлс гарна. 

Сонгуультай давхцсан тул яагаад ч юм нэг тийм гуниг төрөөд. Ийм их үнэтэй цэнэтэй улс эх орныг минь чин сэтгэлээсээ сайхан удирдаад, зөв залчих төрийн хүн сонгогдоосой, төрөн гараасай гэж бодогдоод байв. 

Нүүдэлчин, малчин ахуйн тухай сонин содон зүйл их уншсан. Мөн сайхан сайхан ишлэл, миний хэрэглэж мэддэггүй, сонсоогүй үг хэллэг ч их байсан. 

Эх хэлээ сайн сурах гэж үнэхээрийн үнэн шүү. Хальт хулт орчуулга хийхэд орой руу ордог л юм. 

Эдүгээ цагийн зохиолч Аргай залуу, түүний найз нөхөд, мөн хязгаар нутгийнхны өнгөрсөн үеийн ахуй амьдралын тухай ээлжлэн өгүүлнэ. Нийгмийн ороо бусгаа байдал, шинэ засгийн бурангүй үйлдэл зэргийг өгүүлнэ. Энгийн нүүдэлчин ард иргэдийн зовлонт, бэрхшээлт аж амьдралыг хүүрнэн өгүүлнэ.

Эдгээр нь хоорондоо нууцлаг нэгэн жимээр холбогдоод явна.  Нэн сонирхолтой. Ялангуяа 100 жилийн өмнөх тэрхүү оньсого мэт үйл явдлууд анхаарал ихэд татна. Тэртээх 100 жилийн өмнөх харанхуй бүдүүлэг гэгдэж ирсэн өвгөд дээдсийн минь ертөнцийг үзэх үзэл нь одоогийн зарим нэг үзэлтэй асар нийцээд байх юм. 

Аргагүй л "суут" өвгөд, элэнц хуланц юм гэж биширмээр...

Номонд гардаг ишлэлүүдээс орууллаа.

Эхийнхээ хэвэлд зарагдсан унага эргэж гүйдэг.

Хуучин цагийнхан угаасаа аливаа зүйлсийг ханатал нь домоглодог улс.

Зан муут ганц гэр, заяа муут ганц тугалт. 

Мал эзнээ эс дуурайвал мах нь хорон гэдэг.

Үхэхгүй юм шиг амьдарч, амьдраагүй юм шиг үхэхийн эсрэг л явбал болох нь тэр. 

Муудсанаа хатгавал уран, хуучнаа санавал цэцэн.

Тарган морь байвч унаад хүрч чадахгүй, торгон дээл байвч өмсөөд гангарч болохгүй.

Номыг ямаа шиг иддэг хүн.

Чулуу хийгээд үүлс нэг хэлтэй. Тэр хэлийг зөвхөн ажиглаж байж сурна. 

Үйлдэл оюун санааны хэлмэрч. 

Хүсэлд автахын хэрээр хясалд унана. Хүсэхээ больчих, тэгвэл сэтгэл төдийгүй явах зам тань амсхийнэ.

Хэдий амийг нь тэвчин хүртдэг идээ шүүс нь боловч мал гэгч монгол хүний хувьд чандмань эрдэнэ нь, сайн нөхөр нь, энэ замбуутивийн амьдрал дээр нь тогтдог тэр суурь мөн. 

Мал бас тэнгэр газартай зохицон амьдрахад багш нь болж, байгалийг таних арга нь болдог. 

Өнгө мөнгө гэдэг төрөл доогуур лусынханд нь эрхэм байдаг юм гэсэн.

Уггүй ноёнтой бид улгүй гуталтай адил боллоо. 

Гэнэт цадах гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд цөвтэй. 

Моринд эрлэг, үгэнд сэлэм, үйлэнд ирвэс л гэсэн үг.

Албат эзнийхээ аашийг дагадаг. 

Ер нь бол төрийн хэргийг олны дотор задлан ярьдаггүй нь эртний уламжлал. 

Үгээгүй ядуу хүнд газрын холоос гийчин ирэх орчлонгийн гурван хэцүүгийн нэг. 

Уурга нь урт, хуйв нь уужим. 

Аз жаргал гэж сэтгэлийн ханангуйг хэлнэ ээ. 

Өглөг өглөгийн дээд дайсандаа өгөх нь байдаг. 

Сэтгэл тогтсон үед зам төгсдөг. 

Хүний нутгийн чулууг бүү өшиглө хүү минь, өөрийн чинь нутгийн шороо хийснэ гэдэг дээ. Хаа очивч хошуу нутгаа битгий мартаарай. Хөл хүрсэн нутгийн чулуу чинь чамайг тэнд бүдрэхэд энд байрнаасаа холбирдог жамтай юм шүү.  

Орчлонгийн өр хатуу боловч

Цөмөрнө гэж цомцойж суу

Огторгуйн хязгаар уудам боловч

Тулна аа гэж бөхийж яв. 

Урд гарсан чихнээс хойно гарсан эвэр. 

Цээжтэй өвгөчүүд нь эрдмийн цол зэрэг хамгаалдаггүй, сайхан хүүхнүүд нь мисс болдоггүй, сүйхээтэй эрчүүд нь комдани байгуулаагүй даяараа малчны хотонд байсан тийм цаг.

Эр биеийн жаргал гэгч гэр улсаа төвхнүүлэхийн дэргэд өчүүхэн жижиг. 

Суусан газар архлаа (аргамжаа) болдог, сургийн хүн жишиг болдог.

Амьд явна гэдэг гайхамшиг, амь зууна гэдэг хэцүү. 

Ойрын бодол гэдэг чинь эргэнэг хавиар байдаг юм

Олзонд шунаагүй санаа холынх байдаг юм. 

Санасан санаа чинь хэнхдэгээ дүүрч

Саруул ухаан чинь олныг дагуулах болтугай.

Энэ хүрээд дуусгая. Дараа дахин нэг бичвэр оруулна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿