2024年12月21日土曜日

Хараацай зогсолт 2

12 сард уншиж дуусгаад ярилцах ёстой ном. Оны сүүлээр хуучин оноо үдэх, шинэ оноо угтах гээд л ажил мундахгүй  тул гялс уншаад дуусгах санаатай үзэж тарж л байна. 

Хоёр дахь дэвтэрт сэтгэлд тод үлдсэн бичвэрүүд? "М М М" их хөөрхөн байлаа. Асуултын бүх хариултыг "Ном" гэж хэлээд байвал ойлголцох болов уу? Туршиж үзнэ гэж бодож байсан чинь мартчихсан явна. 

Мөн эхний хэдэн хуудсанд бичигдсэн захидлууд "эвий эвий" гэхээр юм. Хааяа ч ингээд хэн нэгэнд хаяглаад захидал бичмээр болдог шүү, тийм ээ. 

Гомдлоо, бухимдлаа илэрхийлэх аргатай, хүнтэй байх хэрэгтэй гэж ухаараад байгаа. Дотроо хадгалаад байвал хэзээ нэгэн цагт дэлбэрч мэдэх...

"Компьютерийг таалж, үзгээсээ урван, цагийг хэмнэх болсноор цаг хугацаанд улам л хожигдох болсон доо." 

Юутай үнэн үг вэ. Угтаа бүхий л ажлаа цахимаар амжуулаад байгаа юм шиг хэрнээ л цаг хугацаа надад хүрэлцэхгүй байх юм. Учиргүй зохиолч, яруу найрагч хүн биш ч блогоо бичихэд, номоо уншихад цаг гаргаж чадаад байгаа хэрнээ л 24 цаг багадаад байх юм...

"Зураачид нэг гараараа л зурдаг, харин төгөлдөр хуурчид хоёр гараараа зурдаг" хэмээн аугаа Рихтер хэлсэн байдаг. Харин яруу найрагч хүн дөрвөн гараар зурдаг билээ л. 

Үнэн байх өө. Яруу найрагчид цаанаа л нэг өөрөөр сэтгээд, өөрөөр оршоод байх шиг санагддаг юм. Гэхдээ би энд ирснээсээ хойш нэг их шүлэг, яруу найраг сонирхохоо байчихжээ. Юунаас болов бүү мэд, ажил амьдрал гэж гүйгээд "эморох" цаг багассан юм болов уу? 

"Хүмүүсээс тусгаарлагдана гэдэг жинхэнэ уншигчийн л ойлгох баяр баясгалан шүү дээ." 

Би хараахан уншигч болж амжаагүй л байгаа гэж өөрийгөө боддог. Заримдаа ч тусгаарлагдаж байгаад бүтэн өдөр ном унших юмсан гэж мөрөөддөг. Юу ч хийхгүй, юу ч идэхгүй, халуун кофе бол ууна. 

"Чихрийн цаас"-ыг уншсан чинь багын дурсамж сэдэрч байдаг шүү. Би ч мөн адил багадаа чихрийн цаас цуглуулаад, дэлгээд тэнийлгэж хадгална. Дүүтэйгээ, найзуудтайгаа чихрийн цаасддаг байлаа. Ховор гоё гялгар цаас бол их л нандигнан хайрлана.  

Ингээд дурсахаар зохиолчтой насаараа нэлээд дөхөж очих гээд ч байх шиг. Мэдээж би хамаагүй? дүү л дээ. Тэгэхээр би их л багынхаа зүйлийг санаад байна гэсэн үг байх нь...

"Зугтахуй бол амьдрахуйн нэгэн " арга техник" минь юм. Мунхаг хүнээс сүүлээ хавчин зугтагтун. Эгээ л цус сорогчтой таарсан мэтээр, ум хумгүй: "Ээж ээ". 

Энэ үгс ихэд таалагдав. Би энд нэгэн монгол гэр бүлээс "зугтдаг". Энд тэнд тааралдчих вий гэж, "эмээнэ, зугтана". Учир нь мунхаг санагддаг тул... Санагдах ч биш мунхаг юм байна. Би ганцаараа биш нэлээд олон хүн үүнийг хэлдэг. Хи хи. 

"Аялал хүнийг тэнгэрээс газарт буулгаж, ихэмсэг, хөөрөлхүү занг нам дарж өгдөг сайн талтай."

Үнэн байх тийм ээ. Энд ирж их удаан аялснаараа би ч газарт буусан байх өө. Хи хи. 

"Ганцаардах хэрэгтэй. Маш их ганцаард. Тэгж байж л чи найзтай байхын сайхныг ч, найзгүй байхын сайхныг ч ойлгоно." 

"Хүнээр дутахыг "ганцаардал" гэхгүй."

Тийм ч юм уу? Энд ирснээс хойш нээрээ л үе үе ганцаардана, хэдийгээр гэр бүлтэйгээ хамт байгаа ч. Тийм учраас л уншиж, бичиж "ганцаардал"-аа тайлдаг байх нь...

"Хүмүүсийн хандлага чинь эргэлзээтэй зүйл шүү дээ. Хэзээ ч өөрчлөгдөж болно. Мөнх биш юманд найдаад хэрэггүй. Чамайг хэзээ ч ойлгож, мэдэрч чадахгүй мянган хүнээр хүрээлүүлээд яах ч юм билээ."

Чухам үнэн л энэ байх тийм ээ? Миний өөрийн хандлага ч мөнх бус, байнга хувьсан өөрчлөгдөнө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿