Дуусгав. Номын тавиуртаа хурааж өрөв. Уншиж дууссан номоо папхийтэл нь дуу чимээтэй гэгч нь хаагаад, номын тавиуртаа хураах ч аяа мөн ч их сэтгэлийн таашаал өгдөг шүү. Ном уншдаг хүмүүс л ойлгож, мэдрэх байх тийм үү?
Уншсан олон номоо хараад, хөөх би их ном уншчихсан юм уу? Гээд л.
Ямартай энэ ондоо багтааж унших ёстой төлөвлөгөөт номнуудаа бүгдийг нь алгасалгүй уншиж дуусгав. Өөрөөрөө бахархаж, өөртөө урам зориг өгөөд сайхан амттай агя халуун кофе уунгаа бичиж сууна.
Хараацай зогсолт 2-н агуулга нь мөн л зохиолчийн сэтгэл дотор, тархин дотор явдаг элдэв бодролуудын цуглуулга байлаа. Уншихад хөнгөн, нээрээ л хүний тархи, сэтгэл доторхыг уудалвал нэг иймэрхүү бодролууд ил гарч ирэх байх хэмээн бодов.
Би ч хальт блог бичдэгийнхээ хувьд яагаад ч юм нэг л дотно санагдав. Ихэвчлэн гэр бүл, өөрийн эргэн тойронд болсон үйл явдал буюу болсон явдал бичдэг болохоор хааяадаа ингэж сэтгэл доторхоо бичиж уудалж байвал зүгээр ч юм уу гэж бодогдов.
11, Зохиолч гэх мэт дүрүүд нь хэрэв Өлзийтөгс зохиолч өөрөө мөн бол түүний хадам ээж буюу Мама, мөн нөхөр нь хүний хайлангууд юм аа."Алт ухаж арван үеэ барснаас аргалаа түүж элэг бүтэн яв."
"Тос ид тоо бод."
"...өвлийн хүчинд л манай Монгол энэ хүртэл тэссэн, үлдсэн юм шиг санагддаг. Хэрэв өвөл болдоггүй сэн бол манайхыг аль хэдийн эзлээд авчихна шүү дээ..."
Чухам үнэн юм шиг ээ. Санагдах ч биш ер нь л тийм бололтой шүү. Хэ хэ. Дулаахан орон байсан бол урд зүгийн нэгэн муж болчихсон л явах байсан биз ээ.
Тос ид гэдэг ч бас л үнэн. Сайхан хайлмаг, шар тос гээд л чухаг чухаг тос их байна дөө. Гэм нь энд би хайлмаг идэж чадахгүй л байгаа болохоос. Шар тосыг харин "Халбага шар тос" гэдэг бүтээгдэхүүн гараад, нэг хайрцгийг авчирсан. Сүүлд бас бэлгэнд авсан. Баярлалаа, та бүхэндээ.
Алтаа ухаад бид улам л хоосроод байх шиг санагддаг уу?
"Өтөлнө гэдэг айхаа болихын нэр. Үхлээс бол бүр ч!". "Өтөлнө гэдэг шуналаасаа хагацахын нэр!". "Хүн хэдий өтөлж хөгширлөө ч үр хүүхдэдээ хэрэгтэй байгаагаа мэдрэхийг л хүсдэг аж."
Сайхан намбатай өтлөх юм шүү гэж боддог болжээ. Насны намар хаяанд ирсэн буй нь тэр биз ээ? Ха ха. Хөгшин хүн шиг л бичлээ. Угтаа болоогүй шүү дээ, жаахан зулзагатай ид насандаа яваа ээж шүү би. Хи хи. Жаахан аальгүйтэв...
"Эмэгтэй хүн бүр газар..."
Энэ үгний үргэлжлэлийг номноос нь уншаарай, өөрсдөө. Ингээд бодохоор би өөрөө үржил шимтэй газар байхыг хүснэ.
"Ухаалаг хүн л хамгийн үзэсгэлэнтэй..
"Нөхрийн минь тухай сайхан үг хэлсэн хүнийг би үнсэхэд ч бэлэн болчихдог."
Хань ижилдээ үнэнхүү хайртай бололтой, тийм ээ? Нөхрийнх нь зохиол бүтээл ч мөн л сонин содон шүү дээ.
"Тэнэгдүү байна гэдэг царайлаг эмэгтэйчүүдийн хувьд давуу тал. Царай муутай эмэгтэйчүүдийн хувьд сул тал."
Царайлаг байсан ч болоосой. Тэнэгдүүхэн царайлаад явахад минь таатай байхгүй юу. Ха ха.
Зээ ийнхүү Өлзийтөгс зохиолчийн тэр бүр ярилцлага өгөлгүй, зарим нэг зохиолчид шиг бла бла гэлгүй, ийнхүү номоороо дамжуулж сэтгэлээ уудалсан номыг нь уншсандаа таатай байна өө.
Уран бүтээлийн амжилт хүсье.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿