2025年1月11日土曜日

14 настай чамд зориулав 2

Зээ, хөөрхөн санагдсан хэсгээсээ ганц нэг зүйлийг түүж бичихээр шийдэв. Сүүлд санаж байхаар. Заримдаа ч олон ном уншаад, агуулгыг нь мартаад, хольж хутгах юм өө. Хи хи. 

Тэмдэглэл бичих чинь их зүгээр. Түүнийгээ блогтоо бичих бүр ч зүгээр. Интернеттэй газар бол хаана ч явсан ороод л уншчихна. Дэвтэрт бичихээр байнга цүнхэлж явахгүй тул бага зэрэг сул талтай...

Хүний амьдралд маш ойр сэпвүүдийг хөндөж бичжээ. Жишээ нь эр эм хүйс, найз нөхөд, хувийн зан чанар, үзэл бодол, хичээл, түүх, нийгэм, хүмүүнлэг, дайн, байгаль, сансар огторгуй, шашин шүтлэг, ү хэл,  мөнгө, аз жаргал, хүмүүний амьдрал. 

Эрэгтэй болж төрсөн, эмэгтэй болж төрснөөсөө болоод сэтгэлээр унаж байна уу? Санаандгүй л аль нэг хүйсийн хүн болж төрнө. Нэгэнт л өөрийн хүйсийг олж төрснөөс хойш үүндээ нэг их сэтгэлээр уналгүй, хүйсээр ялгаварлах үзлийн цаана "хүн" оршиж байдаг гэдгийг ойлгож ухаарах. 

Угтаа хүмүүс бид л нэг нэгнийгээ ялгаварладаг, гадуурхдаг. 

Найз нөхдийн хувьд ч дотны найз, нэг их дотно бус найз гэж бий байх чамд. Яавал найз нартаа таалагдах вэ? Тэднийгээ гомдоохгүй байх юмсан, олон найзтай болох юмсан. 

Эсрэгээрээ харахаас дургүй чинь хүрдэг хэн нэгэн ч байж магад. Бүр эсрэгээрээ чамайг өөрийг чинь ч харахаас дургүй нь хүрдэг хэн нэгэн байж магад. Ийм үед яавал дээр вэ? 

Ганц л арга бий. Хүлээн зөвшөөрөх, хайрлах. Хандлагаа өөрчлөх. Байгаагаар нь л, байх л зүйл гэж хандах. 

...Бусдаас сонссон, бусдаар заалгасан зүйлээ өөрийн үзэл бодлоор, өөрийн толгойгоор тунгааж бодож үзэх. Мөн түүх сонирхолгүй санагддаг бол тэдгээр түүхэн хүмүүсийн оронд өөрийгөө тавьж, төсөөлөн бодож үздэг байх. 

Жишээ нь би тухайн үеийн Напелион байсан бол, би тэр хаан байсан бол ямар шийдвэр гаргах байсан бол? Ямар үйлдэл хийх байсан бол гэж төсөөлөн бодож уншвал ихээхэн сонирхолтой байж магад юм. 

...Мөнгө? Яг юунд хэрэгтэй вэ? Мөнгөтэй бол аз жаргалтайд тооцох уу? Мөнгөгүй бол азгүй, хувьгүй гэж үзэх үү? Мөнгийг амьдралынхаа зорилго болгох уу? 

Мөнгөтэй хэрнээ аз жаргалгүй хүн байдаг. Мөнгөгүй хэрнээ аз жаргалтай хүн байдаг. Үүний учрыг ухаж төнхөж нэг бодоод үзвэл тухайн хүн хэрхэн хүлээн авч, хэрхэн сэтгэлээрээ аз жаргалыг мэдэрч байгааг ойлгох болно. 

Хамгийн гол нь сэтгэлээрээ баян, сэтгэлээрээ аз жаргалтай байх нь чухал. 

Чи яг одоо азтай үедээ явж байна. Учир нь ээж аав чинь хамаг зүйлийг чинь бэлдээд өгч байна. Хувцас, идэх хоол, суралцах орчин гээд л чадлынхаа хэрээр бэлдэж өгч буй гэж бодож байна. 

Хандлагаа жаахан өөрчлөөд одоогийн байгаа зүйлдээ сэтгэлээсээ талархаад нэг үзээрэй. Хөнгөрөөд л явчихыг мэдрэх байх... 

Хүний шунал, хүсэл гэж хязгааргүй, мөнгөний төлөө үхэн хатан явдаг хүний сэтгэл хэдийд ханаж цадах бол? Хүн их мөнгөтэй байлаа гээд үхэх нь гарцаагүй, үхэхдээ мөнгөө яах вэ? 

Мөнгийг амьдралынхаа зорилго болгочихсон хүн байдаг. Тэдгээр хүмүүсийн үнэ цэнийн тухай ойлголт юунд байдаг вэ? Эцсийн дүндээ мөнгө гэдэг бол ямар ч үнэ цэнгүй цаас, харин жинхэнэ үнэ цэн хүний дотор оршдог гэдгийг ухаараад ойлгочих хэрэгтэй. Чиний дотор оршдог үнэ цэн бол асар хүчтэй. 

Мэдээж аятай тухтай амьдралд мөнгө хэрэгтэй, гэхдээ хамгийн чухалд тавих зүйл биш...

Аз жаргал? Аз жаргалыг хэрхэн ойлгодог вэ? Хэрхэн мэдэрдэг вэ? 

Ирээдүйн мөрөөдөл, амьдралын зорилго хоёр огт өөр зүйлс. Мөрөөдлөөсөө няцаж, шантарч болно. Харин амьдралынхаа насан туршийнхаа зорилтоос шантарч няцаж болохгүй. 

Мөнгөтэй болбол аз жаргалтай болно гэж үздэг хүн бий. Угтаа мөнгө биш сэтгэлийн амар амгалан л хамгийн чухал аз жаргалд тооцогдоно. Сэтгэлдээ, дотооддоо аз жаргалгүй хүн аз жаргалтай байж чадахгүй. 

Хайр мэдрээгүй бол аз жаргалыг мэдрэхгүй л болов уу? Амьдралын тав тухыг мөнгөөр худалдаж авч болно, харин аз жаргалыг худалдаж авч чадахгүй. Учир нь аз жаргал хүний сэтгэлд байдаг зүйл. 

Аз жаргалтай болъё гэвэл яах ёстой вэ? Тун амархан. Сэтгэлээ л аз жаргалтай болго. Хэн нэгнийг үзэн ядалгүй, хардалгүй, дорд үзэлгүй зүгээр л хүлээн зөвшөөр. Харин ч эсрэгээр нь бодож, ханд, төсөөл. Хэнд ч буруу өгөх хэрэггүй. Бүгдийг байгаагаар нь л хүлээн ав. 

Бүхий л зүйлд талархах. Аз жаргалгүй байна гэдэг бодлоо толгойноосоо аваад хаячих. Эцсийн эцэст хүн л өөрөө тухайн орчныг, тухайн нийгмийг, тухайн үзэл бодлыг бий болгож, бүтээж, түгээж байдаг шүү дээ. 

Аливаа үзэгдэл, үйлдэл бүхний цаана хүн байдаг. Хүн түүнийг үйлдэж, өдөөж, түгээж байдаг. Тэгэхээр зогсоох нь ч, үзэн ядахаа болих нь ч, хүлээн зөвшөөрөх нь ч, хайрлах нь ч хүн өөрөө...

Жинхэнэ амьдрал, хуурмаг амьдрал. Эдгээрийн алинаар нь амьдрахыг хүсч байна вэ, чи? 

Жинхэнэ амьдрал гэдэг нь "хэзээ нэгэн цагт гарцаагүй үхнэ" гэдэгтэй эвлэрээд, амьдарсан шиг амьдрах. Хуурмаг амьдрал гэдэг нь "хэзээ нэгэн цагт гарцаагүй үхнэ" гэдэг үнэнээс зугтаж өнөө маргаашийг аргацааж амьдрах.

Гайгамшгийг гайхамшиг гэж мэдэн, тэрхүү гайхамшгийг хэрхэн, яагаад бий болов гэдгийг тунгаан бодохыг мэддэг болсон чиний хувьд "шантарч залхах"-ыг мэдэхгүй л болов уу? Орчлон ертөнц, чиний өөрийн оршихуй нь хязгааргүй атал түүний тухай тунгаан бодох нь яагаад хязгаартай байна гэж?

Чи бүхий л амьдралынхаа турш баяр жаргалыг эрэлхийлэн явах биз ээ? Энэ бол хүмүүн төрөлтний онцгой эрх билээ. Онцгой эрхээ мэдэлгүйгээр, эдлэлгүйгээр амьдралаа үрэх нь хэр оновчтой вэ? 

Бодох тусам оньсогоор дүүрэн амьдрал. Эрдэнэт биеийг олоод төрчихсөн юм чинь оньсогыг тайлан, амьдрал гээчийн гүн гүнзгий утга агуулгыг, түүний сонирхолтой талыг баяр хөөртэйгөөр хайн, эрэлхийлье гэж бодохгүй байна уу?  

Товчхон базаад, бага сага хачир оруулаад биччихлээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

1 件のコメント: