Өмнөх жилийн 10 сарын сүүлээр л зээлсэн ном. Байнгын үйлчлүүлэгч тулдаа л сунгаад л яваад байлаа.
Шинэ он гараад зориглон дэлгэв ээ. Энэ сард уншиж дуусгана.
Угтаа дунд сургуулийн сурагч зулзагадаа уншуулах санаатай л байлаа.
Өнөөх маань тоож ч харсангүй ээ. Өөр ном л уншаад байна. Ангийнхаа ганц нэг хүүхэдтэй ном солилцож уншаад байхаар нь хайр хүрээд байгаа.
Хайр хүрэхээр чинь тэгээд үглэхгүй хэлээ хазаж байгаа.
Номын нэр "14 настай чамд зориулав-Хэрхэн тунгааж хэрхэн амьдрах вэ". Зохиолч нь Икэда Акико. Эвий минь таалал төгсчихсөн юм байна. Бөөрний хорт хавдраар, их л эрт хорвоог орхижээ. 46 настайдаа. Үнэхээрийн харамсалтай.
Түүний энэхүү номны эхний дэвтэр нь гэж байдаг юм байна. Нэг завандаа, санавал олж уншихыг хичээнэ ээ.
Философич бүсгүй байж. Түүний эдүгээ ном болоод хэвлэгдсэн энэ бичвэрүүд нь дунд сургуулийн сурагчдад зориулсан өдөр тутмын сонинд цувралаар гардаг байж.
Одоо дунд сургуулийн номын сан, хүмүүнлэгийн хичээл зэрэгт ихээхэн ашиглагддаг гэнэ.
Агуулга нь нэг хүнд үг хэллэг, ханз хэрэглээгүй, сурагчдад зориулсан хэрнээ цаанаа л нэг гүн гүнзгий утгатай юм аа. Зарим хэсэгт философилог тал нь давамгайлаад миний ухаан санаа нэг л гүйцэж өгөхгүй байна шүү. Хэ хэ.
Ямартай ч 14 настангуудыг нэг зүйлийг ухаараасай, ойлгоосой, өөр өнцгөөс хараасай, хандлагаа нэг өөрчлөөд үзээсэй, хамгийн гол нь өөрийн үзэл бодлоор аливааг тунгаан бодоосой, яагаад гэдэг асуулт тавьж ухаж төнхөөсэй, бүх зүйлийн ард хүн гэдэг байгалийн бүтээгдэхүүн байдаг юм шүү, хүн өөрөө байгалийн амьтан шүү...
Гэж бичжээ. За тэгээд дэлгэрэнгүй бичнэ гэхээр бас их цаг зав шаардах тул ганц нэг таалагдсан агуулгыг л бичнэ. 2 сард дахин нэг зээлж уншихыг хичээнэ ээ. Энэ удаад сэтгэл санаа нэг л төвлөрч өгөхгүй, гялс уншчихлаа.
Саяхан нэг зүйл олж уншсан нь нэг юмыг олон дахин уншаад байвал аяндаа утга нь ойлгогдоно гэсэн. Тэгэхээр энэ зулзага Харри Поттерыг дахин дахин уншаад байдаг нь учиртай байж шүү. Хүүхдүүд минь заримдаа ээжийн ментор болох юм даа гэж.
Ном 4 бүлэгтэй.
1. Жинхэнэ би, жинхэнэ найз.
2. Тунгаан бодвол үнэнийг мэдэж чадна.
3. Чи ер нь "Хэн" бэ?
4. Хэрхэн тунгааж, хэрхэн амьдрах вэ?
Эдгээр бүлгүүд нь дотроо тус бүр дөрвөн гарчигтай. За өнөөдөртөө энэ гарчгийг нь л уншина гээд төлөвлөөд уншсан чинь болж байна шүү. Хэ хэ. Би л худлаа халшраад байж. Нэг гарчиг нь тавхан хуудас. Цайныхаа цагаар таван хуудас бол уншчихаад байна шүү.
Тэгсэн чинь дорхноо уншаад дуусчихлаа. Хо хо.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿