1 сард уншиж дуусгах ном. Жилийн 50 ном гээд ам гарчихсан хүн шүү дээ. Бүр гэрийнхэндээ хүртэл зарлалаа. Ээж нь утсаа маажаад, хийцгүйрч байвал "50 ном шүү дээ" гэж сануулж байгаарай гээд охиндоо хэлчихсэн. Өнөөх маань их л дуртай за гэсэн.
Учир нь нь миний гар утсыг тэр хугацаанд өөрөө маажих санаатай. Санаа гэж айхтар шүү, эдний. Хи хи.
Зохиолч нь Жон Максвэл. "Хандлагын хүч". Одоогоос 10 жилийн өмнө орчуулагдсан, хэвлэгдсэн байх юм. Би ч тэгээд иймэрхүү номноос жаахан дөлдөг байсан л даа. Сүүлийн хоёр гаран жил л зориглон барьж авч, уншдаг болсон.
Нэг их айхтар том өөрчлөлт гарахгүй ч бага сага өөрчлөлт, ойлголт ч төрнө л дөө. Үгүйсгэхгүй.
Тэртээх олон жилийн өмнө хэвлэгдсэн ном тул нэг их нуршихгүй. Өөрт таалагдсан, хааяа сэргээн уншиж байвал гэсэн ишлэлүүдээсээ түүн бичив.
- Хандлага бүх зүйлийг шийднэ гэдэг нь үнэндээ хоосон үг. Хандлага бол бүх зүйл гэсэн үгэнд итгэж байвал энэ нь тус болохоос илүү хор хөнөөл учруулах болно.
- Хандлага ялгааг бий болгодог. Хандлага хамгийн чухал нь биш ч таны амьдралыг өөрчилж чандна.
- Хүмүүсийн хооронд өчүүхэн ялгаа байдаг. Тэр өчүүхэн ялгаа нь том ялгааг үүсгэдэг. Өчүүхэн ялгаа нь хандлага бөгөөд том ялгаа нь энэ хандлага өөдрөг байна уу үгүй юу гэдэгт байдаг.
- Хандлагад саад болдог 5 хүчин зүйл бий. Гутрал, өөрчлөлт, асуудал, айдас, бүтэлгүйтэл.
- Хандлага гэж юу вэ? Сэтгэл дэх мэдрэмж гадагш илрэн гарсан зүйл гэж үздэг. Хандлага бол үргэлж гадагш илэрхийлэгдэх шинж чанартай байдаг.
- Хандлага нь амьдралын бүхий л зүйлд өнгө нэмдэг. Хандлагыг сэтгэлийг будагч бийртэй зүйрлэвэл гэгээлэг өөдрөг өнгөөр ч будаж болно, хар бараанаар ч будаж болно. Үүний адилаар амьдралд үзүүлэх хандлагын нөлөө үнэхээр их бөгөөд тун чухал байдаг.
- Хандлагаар өөрийгөө хамгийн сайн илэрхийлж болно.
- Хандлагын үндэс сэтгэлд байдаг бол үр жимс нь гадагш илрэн гардаг.
- Хандлага бол хамгийн сайн найз чинь ч болж чадна, хамгийн хорон дайсан чинь ч болж чадна.
- Хандлага таныг үг ярианаас чинь илүүгээр илэн далангүй, уялдаа холбоотой таниулна.
- Хандлага бол олон туршлагын үр дүнд бий болсон өнөөгийн дүр төрх юм.
- Хандлага хүмүүсийг дуудаж ойртуулахаас гадна үргээн холдуулдаг.
- Хандлага заавал илэрхийлэгддэг.
- Хандлага бол өнгөрснийг тэмдэглэдэг бичээч, өнөөдрийг харуулдаг төлөөлөгч, ирээдүйг мэдүүлдэг зөнч.
Гээд л бичээд байвал номыг тэр чигт нь хуулах болчих гээд байх юм өө. Хэ хэ.
Сүүлийн үед ч хандлага их чухал гэж их ярьдаг болсон тийм ээ. Би ч мөн адил хандлагаа өөрчлөх, шинэчлэх гэж хичээдэг өө. Жишээ нь суугуул нутгийг минь хачин уйтгартай, хүйтэн хөндийдүү, сүнстэй бла бла гээд л их бичдэг, ярьдаг.
Магадгүй л юм. Би өөрөө ч хааяа бухимдахаараа зарим нэг хачиг жигтэй сул талыг нь бичдэг, ярьдаг, муулдаг л даа.
Гэхдээ байна аа, их олон залуус энэ улсад суралцаж ажиллаж байна, зэрэг цолоо хамгаалж байна. таван цаас хураагаад монгол руу ээж аавдаа, ах эгч, дүү нартаа явуулж байна. Тус дэм болоод л байх шиг харагддаг энэ улс, энэ улсын хүмүүс.
Би ч өөрөө тэдний нэг. Чадлынхаа хэрээр тус болчих юмсан, "ийти ши каадо га соонюү сарэтэ имасэн" гэдгийг нь орчуулаад өгчих юмсан гэж хичээдэг дээ. Ха ха.
Өөдрөг хандлагынхаа ачаар энэ улсад би нэг их уйддаггүй байгаа шүү, хүмүүс минь. Тэгээд ч зулзагууд минь ээждээ уйдах зав өгөхгүй, найзууд минь гээд л эргэн тойрныхон минь наддаан сэтгэлээ гаргаж ном бэлэглээд л би түүнийг нь уншаад л уйдах завгүй л гүйж яваа шүү.
Үлдсэн ганц нэг хэрэгтэй зүйлсийг нь дараагийн бичвэрт.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿