2025年4月21日月曜日

Бага сургуулийн элсэлт

Бага зулзага минь шинэхэн сурагч болсоон. Их дажгүй яваад, харьж ирээд ижийгээ харьж иртэл ганцаараа сүрхий л байна. Би ч нэг их удалгүй гүйгээд ирж байгаа л даа. 

Тэгээд ч хажуугийн хөрш эмээ өвөөгийнх яг тарах үед нь сонин тараадаг газрынхаа цонхыг онгойлгоод ажлаа хийж байдаг тул тун дажгүй. Мэнд ус мэдээд, гэртээ ортол нь ажиж байгаа. 

Бид захьсан юм л даа. Уриалгахан нь аргагүй зөвшөөрсөн. 

Эрх танхи, ээжтэйгээ нэлээд нялуун, мөөмнөөсөө гараагүй, нялцгай гээд л бид их санаа зовоод бүр монголоос эмээ өвөөг нь дуудаж байлгадаг юм билүү? гэж ярилцаж байсан гээч. 

Эмээ өвөө ч хил даваад ниснэ гэхээс ядрах байх, зүдрэх байх гээд нэг их хүчлэхгүй байхаар нь нээрээ л настай хүмүүс хэцүү дээ, нам дор газар даралт нь ихсээд, биднийг ажил албандаа явсан үед хийх юм олдохгүй, ганцаардаад, уйдаад байдаг юм гэж бодоод өөрсдийн асуудлаа өөрсдөө л даван туулахаар шийдсэн. 

Харин аз болоход нэгэн буянтай монгол залуу гэр бүл байж таараад. Ирээд удаагүй л дээ. Тэдний охинтой яг нэг жил сургуульд орж таараад, гэртээ өнжих ажил гарахаар л тэднийд аваачиж орхиод байгаа. Баярлалаа, гялайлаа. Сургууль нь өөр л дөө...

За тэгээд нээлтийн өдөр нь яг сайхан сакүра цэцэг дэлгэрэх үедээ давхцаад, яг тэр өдөр салхита ч дулаахан нарлаг өдөр таарсан. Ээж бүтэн чөлөө авч бүтэн амраад, аав үдээс өмнө л чөлөө авч амраад, нээлтэнд оролцсон. 

Орой эрт унтах, өглөөд эрт сэрэх гэж хичээж байна өө бид. Өмнө нь аажуу уужуу сэрдэг байсан юм. 

Шар малгайгаа өмсөөд л, хөөрөгний үнэтэй цүнхээ үүрээд л ойр хавийнхаа бусад сурагчидтэй нэгэн цуваа болоод л алхаж явна. Өдөр нь арай өөр бүрэлтдэхүүнтэй харьж ирнэ. 

Эхний ганц нэг өдөр багш нар нь гэрийн нэлээд ойрхон хүртэл хамт алхана. Мөн сайн дурын эмээ өвөө нарын үүрэг, ач тус их. Өглөөд булан тохой бүрт нэг эмээ, эсвэл нэг өвөө зогсоод сурагчдыг өнгөртөл нь харж хамгаална. 

Гэхмэтчилэн олон хүний туслалцаа, дэмжлэгтэйгээр 6 жилийг амжилттай даван туулахыг өөртөө болон зулзагадаа, мөн гэрийнхээ бусад гишүүдэд хүсэн ерөөе өө. Хэ хэ. 

Дур хүсэлт төрвөл сургуулиас өгсөн зүйлс, зулзагынхаа паян зэргийг бичээд явахыг хичээнэ ээ. Учир нь би жаахан зав муутай болоод, гэртээ харьж ирээд ядраад, бушуухан шиг л ор луугаа явмаар санагдаад байдаг болсон. Хи хи. 

Яваандаа жигдрээд, дасан зохицоод, гялалзах байх өө...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年4月20日日曜日

Чингис хааны нууц түүх 3

Санаж явмаар үгс хэд хэд гарсан. Тэмдэглэж авав. Учир нь хааяа маниас илүү бидний түүхийг мэддэг япон хүн мэргэн үгс хэлээд, асуугаад байдаг юм. Ингэж бичвэл ой тойнд үлдэх нь арай илүүтэй юм даа. 

  • Дайсан гэгч хэлж ирдэггүй, яг л өвс ногоо шиг хөлийн дороос чив чимээгүй ургадаг ажээ. 
  • Сэтгэлийн доторхи дайсан...
  • Ирт сэлэмнээс итгэл бишрэл илүү хүчтэй.
  • Хүнд өөрөөс нь илүү аюултай дайсан байдаггүй.
  • Олны сэтгэлийг эзэмдэн дагуулах нь энэ ертөнцийн хамгийн их хүчийг олох ганц арга зам.

Өүлэн

Их дагина, дарь эх мэтээр л дүрсэлдэг дээ, бид. Асар их ухаантай, хатуужилтай, тэсвэртэй, дайчин гээд л хөврөх байх. Насан залуудаа хань ижлээсээ салаад өнчин хоцорсон хүүхдүүдээ тэжээхийн тулд их л зовлон амсаа биз? 

Эр хүний нөмөр нөөлөг хэрэгтэй л байсан биз? Эр хүний хайр энхрийллийг хүсээ л биз? Анхны хайрт Чилэдүд биеэ сул тавьж өгөн, хагссан тачаалаа тайлж буй нь, Мэнлиг харцтайгаа амраглаж буй зэргийг нь учиргүй ойлгож хүлээж авав. Эмэгтэй хүн хэдий цэвэр ариун, хань ижилдээ үнэн ч байх ёстой ч хүн л болсон юм хойно " хүснэ, тачаадна" тийм ээ?  

Гэхдээ л эдгээр үйлдлийнхээ дараагаар сэтгэлээ чангалж, овог аймгийнхаа төлөө, хүүхдүүдийнхээ төлөө хийж буй үйлдэл, ааш зан нь цаанаасаа л хатан ухаан гэгч нь тэр байх даа гэж бодов. 

Бодохоор бас л энэрмээр, өрөвдмөөр, хайрламаар тийм ээ. Хүүхэд бүрийнхээ онцлогийг тунгаан бодон, эргэцүүлэн, харьцуулан, ажиглан, тунг нь тааруулан харилцдаг байж, хүмүүжүүлдэг байж. 

Эхийн ажигласнаар бол Хасар нь шулуун шударга, бодсон санаснаа ил хэлчихдэг, хэлсэн үгэндээ хүрдэг. 

Харин Тэмүжин болохоор нэлээд дотогшоо, одооныхоор бол нэлээд санаатай, биеэ барьж чаддаг, тунгааж байж үйлдэл гаргадаг. 

Гэхчилэн хөвгүүдийнхээ зан авирыг ойлгон, тааруулж харьцана, сургана. Агуу их удирдагчид төрүүлээд өсгөчихсөн эх хүнийхээ хувьд асар их үр өгөөжтэй, үржил шимтэй байгаль эх нь байжээ.

"Токсик эцэг эх" номонд байх аа? Эх хүн гэдэг бол нэг үржил шимтэй байгаль эх буюу газар нь болдог, нэг бол эсрэгээр нь зарим нэг ээжүүд ямар ч үржил шимгүй хатанги байгаль эх шиг л байдаг гэсэн үг гэж бичсэн байхтай таарсан. Үүний гол санаа нь эх хүний үр хүүхдэдээ өгдөг хүмүүжил, үнэт зүйл зэргийг газартай зүйрлэн хэлсэн. 

Үр хүүхдүүдээ эвтэй найртай байхыг чухалчилдаг байсан ч эрх мэдэл, хаан ширээний суудлын төлөө ямагт тэмцэлдэж ирсэн нь одоо ч бидний цусанд багаар ажиллаж чаддаггүйн, хамтарч цуглаж ямарваа нэг арга хэмжээ зохиож чаддаггүйн эх сурвалж ч юм шиг. Хэ хэ. 

Бурууг бусдаас хайгаад байна тийм үү? Хи хи. 

Өө тийм, Бөртэ, Зүчи хоёрыг өмгөөлөн хамгаалан, сайхан сэтгэлээр хандсан нь үнэхээрийн бахархам, биширнэм. 

Тэмүжин

Хар багаасаа тэнгэрт мөргөдөг байж.

Чингис хааны хэн хүнийг үнэлэх хамгийн гол хэмжүүр нь үнэнч сэтгэл юм. 

Маш дотогшоо, бодсон санаснаа шууд хэлдэггүй, нэлээд бодод тунгааж байж хэлдэг, одооныхоор бол зэвүүн. 

Хүмүүсийг тэр энэ гэж дорд үзэлгүй, хэнийг хэзээ яаж ашиглах вэ? Хэдийд хэний санаа оноог сонсох вэ? гэж эргэн тойрныхоо чанарыг ашиглаж чаддаг, авч чаддаг хүн байсан мэт. Бусдын алдаа оноо, хэлсэн ярьсныг овжин ашигладаг байж. 

Эзэн Чингис хаан минь маш том зорилготой, амбицтай, харизмтай хүн байсан шиг байна  шүү. Бүр тэр хар багаасаа буюу дөнгөж 18 настайдаа л дэлхийг эзэлнэ, өөрийн улсыг байгуулна гэж зорьж байсан шиг санагдав.

Хасар дүүгээ, Зүчи хүүгээ алчихдаг гэж гардаг. Үнэний ортой байж мэдэхээр. Учир нь өөрийнх нь зарлигийг зөрсөн, өөрт нь нэлээд саад болохоор, өрсөлдөгч болохоор хүмүүсийг алахыг нь алаад, зайлуулахыг нь зайлуулаад явчихдаг. Нэлээд зэрлэг, балмад, хүний мөсгүй ч юм шиг. 

Мөн багаасаа тэнгэрт хүслээ хэлж, мөргөдөг, тэнгэртэй ярьдаг, тэнгэрийг шүтдэг хүн байжээ. Тэнгэр шүтээн гэдэг нь хүний сэтгэл дотор байдаг гэжээ. 

Нэлээд бясалгагч, ихийг тунгаадаг хүн байсан шиг. 

Бөртэ хатныгаа хайрлахын зэрэгцээ Зүчийг төрүүлсний дараагаар гар хүрдэг байсан гэж бичсэн байсан нь үнэний ортой ч байж магад гэж бодсон. Хэ хэ. Жавхлан юм даа. 

Бөртэ үүнийг нь асар их хүчээр тэвчсэн нь эргээд авааль нөхрийнхөө хүндэтгэл, хайрыг хүртсэн гэлтэй. 

Хасар

Их дажгүй хүн байсан бололтой. Чингис хааны маш том өрсөлдөгч байж. Тийм ч учраас хороогдож, нас баржээ. Хаан болчих санаатай л байсан байх мэдээж, тийм үү? Их дайчин, хурц зантай... Ямар сайндаа л Хавт Хасар гэх вэ дээ? 

Хэрэв надаас хэнтэй нь суух вэ? гэвэл Хасарыг л сонгох байсан. Аая. Их санасан уу? Ха ха. Ээждээ, гэргийдээ, үр хүүхдэдээ, ойр тойрныхондоо энэрэнгүй ханддаг байж. Яланугяа ижийгээ их ойлгодог, ижийдээ их хайртай нэгээ байсан бололтой. 

Ахынхаа их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Түүнийхээ хариуд хороогдчихсон нь жаахан харамсалтай. 

За тэгээд бусдаар манайхны сайн мэдэх түүхэн хүн...

Энэ удаад ингээд өндөрлөе. Бусад дүрүүдийн тухай дараагийн бичвэрт. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年4月19日土曜日

Их сургуулийн төгсөлт

О.зулзага их сургуулиа төгсөв. 3 сарын сүүлээр болсон л доо. Бичих гэсээр байтал өдий хүрэв. 

Төгсөлт дээр нь бид гэрээрээ очив. Зураг даруулах гэж. 4 жил очиж эргээгүй, алсаас л харьцаад явсан. Мэдээж о.зулзага гэртээ хэд хэд харьж ирсэн л дээ. Ерөнхийдөө биеэ даагаад, дажгүй суралцаад, амжилттай төгсөв. 

Сургалтын төлбөрөө нэхнэ. Бусдаар бол харьцангуй гайгүй. Манайхаар бол боловсролын сангийн зээл авсан бид. Үүнийгээ ажиллаад эхлэхээрээ төлнө. Бага багаар. 

Гол нь хүүгүй тул тун дажгүй. Ижий аав нь боломж гарвал бага сагыг төлөхийг хичээнэ ээ. Одооноос ганц мянган иен ч болтугай хадгалахыг зорино оо. 

Дүү нарт нь бас зоос хадгалах хэрэгтэй байдаг. Юмны үнэ асар хурдацтайгаар өсөж байдаг, цалин өсдөггүй...

Яалтай билээ? Жавхлан юм даа. Бүсээ чангалах хэрэгтэй би болон бид...

Тэгсэн зулзага минь үргэлжлүүлээд суралцана. Дахин 2 жил төлбөр төлнө. Тэтгэлэг хөөцөлдөх юм гэсэн. Өөрөө ч бас хажуугаар нь ажиллана. Нэг газар тэнцсэн гэсэн. 

Амжилт хүсье ээ. 

За тэгээд энд төгсөлт, элсэлт, шилжилт хөдөлгөөн гээд л цэцэгсээр л их гоёх юм. Өгч авалцах юм. Би ч бас авсан, гоёмсог цэцгийн баглаа. Дараа зураг хөрөг оруулна аа. 

Энэ 3, 4 сард манай гэр бүлийн гишүүд бүгд л дор бүрнээ завгүй байна. Ээж хамгийн завгүй нь. Өөрийн ажлаас гадна гэрийн ажил, хоол унд, хувцас хунар. Хүүхдүүдийн холбогдолтой янз бүрийн арга хэмжээ.

Бүгдэд нь менежер хийнэ. Хааяадаа их ядарна. Кофе ууж сэргэнэ. За тэгээд хамгийн гол нь эрүүл саруул л байцгаавал гэж боддог нас ирж. Насны намар гадаа...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年4月18日金曜日

Чингис хааны нууц түүх 2

Номоо уншаад дуусав. Ерөнхий сэтгэгдлээ өмнөх дугаарт бичсэн. 

Энэ удаад дүрүүдийн тухай бага зэрэг сийрүүлэхүү? Түүхэн хүнийх нь хувьд хэт их нэг талыг барин шүтэх, бараг л бурхан мэт байсан гэж үзэх гээд байдаг даа. Бидний онгон шүтээн болсон хүн тул, янз бүрийн л шүүмж сонссон шиг байна лээ уг ном. 

Манайхан минь ээ, хэт нэг талыг, нэг өнцгийг харж, барьж уншаад байгаа юм биш үү? Олон талаас нь харж, аан ийм байж болох юм? аан ингэж харж болох юм, аан ийм байсан байж магад гэж таамаглаж уншиж сурах хэрэгтэй ч юм шиг санагдав.  

Гэтэл эдгээр түүхэн хүмүүст, удирдагч хүмүүст, домог болсон хүмүүст өөрийн гэсэн онцлог зан чанар, ааш авир, үзэл бодол, үнэ цэнэ, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй байжээ. Нэлээд холын санаатай, алсын хараатай хүмүүс байсан шиг...

Мэдээжийн л зүйл байх тийм үү? 

Бөртэ

Залуу гоолиг насандаа бол үнэхээрийн энхрий, наалинхай байжээ. Хөөрхий минь булаагдаад, хүний эрхэнд явахдаа эр нөхрөөсөө өөр хүнээс хүүхэд олж тээгээд төрүүлснээр их л сэтгэлийн шаналан эдэлнэ ээ. Зүчи хөвгүүнээ хамгаалж буй нь асар өрөвдмөөр өө. 

Үүнээсээ болж нөхөртөө зодуулдаг хэсэг гардаг. Эхэндээ арай ч ингээгүй байхаа гэж бодсон ч цаг хугацааны хувьд хүний эрхийн асуудал, ялангуяа эмэгтэй хүний эрхийн асуудал түй ч яригддаггүй цаг үед иймэрхүү явдал байсан байж мэдэх гэж бодсон. 

Ямар их тэвчээр ухаан шаардсан нь ойлгомжтой. Мөн эр нөхөр нь бага хатан буулгах бүрт л сэтгэл нь эмэрч байсан л байлгүй. Боолынхоо Хадаан гэгч хүүхэнтэй учир ургуулж, энд тэндхий газар нутгийн өчнөөн л сайхан хүүхнийг эдлэх нөхөртөө уур нь хүрдэг л байсан байлгүй, харамладаг л байсан байлгүй. Тийм үү?

Одооны бид бол "галзуурна" биз дээ. Тийм болохоор өөрийн эрхгүй л өнөөгийн хэллэгээр "хатан ухаан" зарах хэрэг гарсан биз? 

Ийнхүү цаг хугацаа өнгөрөх тусам нэлээд зэвүүн их хатан болж хувирна. Хэ хэ. Бас нэлээд хорчин. Бага хатдын, зугаацуулагч хүүхнүүдийн хооронд, тэднийг үр хүүхэд төрүүлэхээргүй байхаар хорлодог байсан ч байж магад, уг номд гардагчлан. 

Дээхэн үеийн хаан, хатантай гадны улсуудад иймэрхүү түүхэн явдлууд байсанчлан манайд ч байсан байх магадлал өндөр. Хулан хатанд нэлээд ширүүн ханддаг байгаа юу даа гэж бодогдохоор. Мөн Хадааныг үзэж чаддагүй байсан бололтой. 

Жамуха

Бас л хурц дүр. Сэтгэл санаа хурц, хувирамтгай, их хартай, олон ааштай. Бөртэд бас санаархаж байсан мэт. Жамухын үнэнч шадар Хантөмөр нь ч бас "сэртэндэж" байсан гэнэ шүү. 

За тэгээд Чингис хаан Жамуха хоёрын тухай зөндөө л яригддаг дөө. 

Ухааны туйл байжээ гэж бодов. Гэхдээ анд найз Тэмүжингээсээ нэг ялгаатай нь дэргэд нь "хатан ухаант" гэргий байгаагүй нь түүний мөхлийн, төгсгөлийн шалтаг байсан ч юм шиг санагдав. 

Тэгээд л "Амжилттай яваа эрэгтэйн ард маш чадварлаг эмэгтэй хүн байдаг" гэдэг үг гарсан юм болов уу? Хо хо. 

Тэв тэнгэр

Тэв тэнгэр нь Есүхэй баатрын харц Мэнлигийнх нь хүү. Багын нэр нь Хөхөчү. Багадаа алив юмыг өөрөөр хардаг, нэлээд шидтэй хүүхэд байж. Эргэн тойрных нь түүнийг ойлгохгүй мангар тэнэг, солиот гэдэг байж. Харин Тэмүжин л өмгөөлж хамгаалдаг байж.  

Энэ хүүгийн тухай сонин содон зүйлс их гарна. Хожим бөө болоод, нэр ус нь алдаршиж, нэлээд баяжина. Тэмүжинд буцан ирж түүнд зүтгэнэ. Сүүлд харин Чингис хаан түүнийг хороолгочихдог. 

Маш их дур тачаал ихтэй, бүсгүй хүн тэрхүү дур тачаалыг нь хангаж чадахгүй болохоор нь гүү гишгүүлдэг байсан гэсэн. Итгэхэд жаахан бэрх ч юмыг яаж мэдэхэв байж магад шүү дээ. Ха ха. 

Энэ хэсэгт нэг гоё үгтэй таарсан. 

"Мөнх Тэнгэр хэмээн нэрлэж Монголчуудын эрт дээр цагаас шүтэж биширч ирсэн тэр зүйл бол харин энэ Хөх тэнгэрээс ангид байх бөгөөд зөвхөн хүмүүний сэтгэлд оршигч тэр их орчин ахуйг хэлж болохыг Хөхөчү ойлгож мэдсэн хэрэг байлаа. Хүмүүний сэтгэл оюуныг Мөнх Тэнгэр гэж монголчууд үздэгийг мэддэг болжээ."

Хөх Мөнх Тэнгэр минь гэж залбирдаг шүү дээ. Монголчууд бид Мөнх Тэнгэр болсон сэтгэл оюунаа саруулхан, цэлмэгхэн, ариухан байлгах цаг нь болсон юм биш үү дээ. 

Мөн "овоо" гээч зүйл асар их утга учиртай юм билээ шүү дээ. Одооны бидэн шиг хогийн цэг биш. 

"Овоо босгодог нь газрын их хүчний урсан гарах өрхийг хааж, газарт шингээн хадгалах, бас учир мэдэхгүй хүн цохигдон хорлогдох зэргээс сэргийлдэг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн арга болохыг Хөхөчү сая л өөрийн биеэр үзэж мэджээ. Хэтэрч хэмжээ нь ихдэхгүй л бол газрын хүчний урсгалд богино хугацаанд орох нь хүний бие болоод сэтгэлд хоргодон шингэсэн муу ёрын сүнс сүүдрийг зайлуулж ариусгадаг учиртай тул Монголчууд овоог гурваас илүү тойрдоггүй ёс бүр Хүннү гүрнээс өмнөх үеэс тогтсоор ирсний учрыг Хөхөчү сая л ухаарав." 

Дараагийн бичвэрт үргэлжлүүлье. Учир нь хэт урт болох гээд байна. Би өөрөө бичих гэсэн залхуу хүрчихлээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年4月17日木曜日

Цэцэрлэгийн төгсөлт

Эрх бяцхан жаахан минь албаа төгсөөд дараагийнхаа албанд орчихсон шүү дээ. Угтаа цаг тухай бүрд нь бичнэ гэсэн амжсангүй. 

Хөөрхөн дуу дуулцгаана. Ээждээ талархлын үг хэлнэ. Түүнийг нь сонссон чинь миний аньсага чийгтээд л ирсэн. Учир нь би зулзагуудаа цагтай уралдаж зөөсөн, бүр нэг минут хэтэрчихбэл нэмэлт төлбөр тооцогддог байсан тул нэг минут надад маш үнэтэй байсан. 

Гэх мэт олон олон дурсамж нүдний өмнө жирэлзээд, энэ бүхнийг би болон бид даваад гарсандаа өөрсдөөрөө бахархав. Хүний нутагт, эмээ өвөөгөөс нь хол. Өвдлөө гэхэд түр хараад өгөөч гэж гуйх хүнгүй, бүгдийг өөрсдөө даван туулсан. 

Хамаг гоё дээрээ тавиад л явсан. Багш нар нь, бусад ээжүүд, аавууд бүгд л Юндэн гөөгөө болсныг нь гайхсан. Энгэр дээрх улаан цэцгийг цэцэрлэгээс цаанаас нь зүүж өгсөн. Ургаад л явчихна лээ. Хайр хүрмээр...

Гэхдээ бусад бүхий л хүүхдүүд хөөрхөн, ганган байсан. Багш нар ч гоёсон байсан. Танигдахгүй л шахуу болцгооно эд чинь. Жирийн өдрүүдэд энгийн, даруухан хувцасладаг хүмүүс шүү дээ. Ганган үедээ хачин их ганган. 

Багш нарын талархлын, баярын мэндчилгээний үгтэй ийм хавтас өгнө. Мөн хайрцаг балын харандаа бэлэглэсэн. Түүн дээр нь овог нэр нь бичээстэй. Учир нь 1 дүгээр ангид элсэн ороход харандаа хэрэгтэй. Хичээлийн бүх хэрэглсэл дээр нь хүүхдийнхээ нэр усыг бичдэг. 

Яагаад гэвэл тооны хэрэгсэл гээд ихэнх зүйл нь бүгд ижил байдаг тул. Хоорондоо хольж солихоос сэргийлж буй нь тэр. Энэ тухай тусад нь бичнэ ээ. 

Мөн "диплом" өгнө. Анхныхаа дипломыг авав. Цаашид олон олон диплом авах болтугай...

Хүүхэд болгонд ийм хөөрхөн шар өнгийн цэцэг өгсөн. Амжилттай төгссөнд баяр хүргэе гэж бичээстэй. Савных нь гаднах хайрцгийг өөрсдөө хийсэн. Сүүний савыг өнгөлж наагаад, ганц нэг наалт наана. Хүүхдүүд өөрсдөө бүтээнэ. 

Үүнээс гадна мөн үзэгний сав хийж өгсөн. Түүн дотроо цаасаар урласан цэцэгтэй. Одоо ширээн дээр минь өөдөөс хараад байж байна. Усны хуванцар саваар хийсэн. 

Гэх мэт эдний энэ энгийн, төсөр тэмдэглэдэг нь таалагддаг. Элдэв сахарын орц найрлага ихтэй амттан өгдөггүй. Учир нь хүнснээс харшилтай ч хүүхэд бий. Дургүй амттан ч бий. Хэрэв амттан өгмөөр байвал эцэг эх нь дараа нь өөрсдөө авч өгнө биз гэдэг хандлагатай. 

Анги даасан хоёр багшид нэг хүүхдээс 598 иен цуглуулж сарнай цэцэг хэлбэртэй саван өгсөн. Хүүхэд бүр хоёр багшдаа нэг нэгийг. Мөн зурагт талархлын үгтэй гоёмсог хавтас өгсөн. 

Би сүүлд дараа нь цэцэрлэгийн бүх багш нарт хандаж кофе авч өгсөн. Учир нь ганц анги даасан хоёр багш хардаггүй. Өглөө, оройд өөр өөр бусад багш нар ч харж хандаж байдаг тул. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年4月16日水曜日

Шагайн хэлбэрт амттан

Үүний зургийг мөн оруулаад, хадгалчихаж. Тэгж байгаад бичнэ дээ л гэж бодсон байх. 

Хэлбэр нь хөөрхөн. Амт нь нэлээд нялуун. Би бол дурлаж идэхээргүй юм билээ. Ганц би ч биш, гэрийнхэн минь бүгд л. 

Монгол яваад ирсэн шавь залуу авчирч өгсөн юм. Өөрөө ч худалдаж аваагүй, хүн өгсөн гэсэн. Хи хи. 

Сар шинээр л зориулж гаргасан бололтой. Зөвхөн хэлбэр, зөвхөн өнгөнд ач холбогдол өгмөөргүй л байна тийм үү? Цаана нь хүний эрүүл мэнд явж байдаг шүү гэж бодох цаг нь болсон юм шиг ээ, үйлдвэрлэгчид минь. 

Тэмээ, ямаа, хонь гэсэн дүрсүүд тун дажгүй гарсан. Морьны хэлбэр жаахан хэцүү байсан байх. Хавтгайдуу санагдсан. Морьны толгой нь яг жинхэнэ шагай шиг гараагүй байсан гэсэн үг. 

Таваглаад тавьчихсан байхад хөөрхөн л юм билээ. Орсон гарсанд амсуулаад дуусгасан. Өөрөө бол нэгийг амссан. Хо хо. 

Өөрөө бол худалдаж авахгүй ээ. Хи хи. Мөн хүнд бэлэглэхгүй ээ. Учир нь би хэт нялуун амттанд тааруу, сахарын хэрэглээгээ хасах хэтийн зорилготой тул. 

Бүх зүйл таны сонголт гэдэг үгтэй их таарч байна өө. Хөвсгөр хөөрхөн байгаа минь хүртэл миний өөрийн сонголт. Хэ хэ. 

2025年4月15日火曜日

Модон чихэр

Олон хоног алга болсонд уучлаарай. Хэ хэ. 

Модон чихэр хүлхээд гар болон минь завгүй байлаа гэхгүй юу. Зургийг нь оруулаад хадгалчихсан байна. Бодол ийм шинэ бүтээгдэхүүн гарсан байна шүү гэж сонирхуулах гэж л санасанбайх. 

Ямартай ч шар сүүн чихэрний ийм иштэй нь гарсан байна лээ шүү. 

Сонин содон ихтэй ихтэй. Сургуулийн төгсөлт, хичээлийн шинэ жил, нээлт, элсэлт гээд бид тун чиг завгүй явна өө. 

Мөн ажлаа сольсон юм. Өдөр тутамдаа хэрэглээд байдаггүй олон олон ханзан дунд эргэлдээд, хэсэгтээ цочирдов. Одоо овоо дасах янзандаа орж л байна. 

За тэгээд тайлангаа бичээд явна аа. Энэ зүйл нь дажгүй юм уу даа, энэ санааг нь хэрэгжүүлбэл гэсэн зүйл байвал бичихийг хичээнэ ээ. Та бүхэн нэг их хажиглалгүй л хүлээж аваад уншчихна биз дээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжиль хүсье.