Энэ зузаан номыг үргэлжлүүлж бичихгүй бол алдас болох байх тийм ээ?
Софи охин ээжээсээ нууцаар захидлаар харилцах гэж хөөрхөн л юм болно. Ээж хүн тэгээд агуу юм дөө. Үр хүүхдийнхээ нэг л биш, нэг л догдлонгуй байгааг мэдэрч л орхино.
Тэгээд л ургуулан бодоод хардаж эхлэнэ. Нийлж буй найзууд нь, уулзаж учраад буй хөвгүүн нь гээд л ургуулан бодоод санаа зовнино. Хэ хэ. Би ч ээж хүн тул хамгийн түрүүнд Софийн ээжийн бодож буйг бодно, хардаж буйтай нь адил хардана.
Захидлаар ирсэн асуултуудын эхэнд
1. Чи хэн бэ?
2. Дэлхий хаанаас үүссэн бэ?
3. Амьдралд юу хамгийн чухал вэ?
Эдгээр асуултыг уншаад, тухайн цаг үеийн философичдын үзэл бодол, итгэл үнэмшлийг унших их сонирхолтой байлаа.
Өдий насандаа уншихад шүү дээ. "Аан ийм өнцгөөс харахад ийм юм, аан тэр өнцгөөг харахад тийм юм" гэж өөрийн эрхгүй бодогдоно. Учир нь энэ асуултуудын тухай ингэж философич сэтгэлгээгээр хандаж, эргэцүүлж байсан удаа байхгүй.
Ямартай ч нэлээд шашинлаг эргэцүүлэл бол хийж байсан. "Зүүний үзүүр дээр будаа тогтсонтой адил зүйрлэшгүй ховор хувь тохиол болох хүмүүн заяаг олж төрсөн тул утга учиртай амьдрахгүй бол" гэдэг ч юм уу?
Бид тэр бүр философич сэтгэлгээгээр аливааг эргэцүүлж, тунгааж чаддаггүй, энэ тухай хүүхдүүдтэйгээ ярилцаж чаддаггүй тул энэ номыг хамтдаа уншаад, хамтдаа ярилцаж болох юм тийм ээ?
Хоёр дахь зулзагатаа санал болгосон. Япон хэлээр унших тул, шууд очоод зээлсэнгүй. Номын санд бол байдаг шиг байна лээ. Нэг зээлж ирээд, ширээн дээрээ хэсэгтээ "хөглөрүүлнэ"-дээ.
"Сайн философич болохын тулд бид аливааг гайхах чадвартай байх хэрэгтэй."
"Чамайг би мэдлэгт тэмүүлсэн, оюун ухаантай, түүнийхээ үр шимийг хүртэж, утга учиртай амьдралаар амьдраасай гэж хүсэж байна."
Эртний философичдын үзэл бодол, гаргалгаа зэргийг дарааллаар нь тайлбарлаж бичсэн тул их л олон үе үеийн философичдын тухай гарна. Өмнө нь уншиж байсан хүн ч гарна. Нэрийг нь огтоос дуулж байгаагүй хүн ч гарна.
За тэгээд зөндөө л гоё гоё үндэслэл, онол гарна. Бүгдийг нь л бичиж үлдээмээр блогтоо. Ямартай ч номон дээрээ шараар тодруулаад орхив. Чадвал үе үе сөхөж харна аа.
Гэснээс ингэж сөхөж харна гэсэн ном зөндөө. Одоогоор нэгийг ньч сөхөж хараагүй. Учир нь шинэ ном олноороо өрөөстэй байна өө. Тэтгэвэрт гарахаараа сөхөж харах ч юм билүү? гэж мөрөөдсөөр.
Дараагийн асуултууд.
Хувь тавиланд итгэдэг үү?
Өвчин бурхдын гэсгээл мөн үү?
Түүхийн явцыг ямар хүчнүүд удирддаг вэ?
За та нар юу гэж хариулах вэ? Би ч заримдаа хувь заяанд итгэнэ, заримдаа ч үгүй. Мөн өвчин ч ямар нэгэн үйлийн гэсгээл мэтээр хүлээж авах тохиолдол ч гарна. Хүн л болсон хойно. Сэтгэл санааны хувьд олон юм бодож, ухаан санаа орно оо гарна аа. Ха ха.
Бас нэг зэвүүн бөгөөд гүн ухааны асуулттай таарна.
Төрөлхийн даруу байж болох уу?
Мэдэхгүйгээ мэддэг хүн хамгийн ухаантай...
Жинхэнэ ойлголт дотроосоо бий болдог.
Зөв гэж юу болохыг мэддэг хүн л зөв хийдэг.
Та нар бас л юу гэж боддог вэ? Гэх мэтээр баахан асуулт, түүний хариулт, эдгээр асуултуудын тухай эргэцүүлэл хөврөнө. Унших тусам толгой эргэнэ. Хэ хэ.
Дараа дахин үргэлжлүүлнэ ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿