Бид ч мөн адил. Үзүүлээд өгнө өө гэхээсээ илүүтэйгээр энэ халууныг амжилттай даван туулах минь, хялайгаад уначихалгүйхэн шиг нэг өдрийг даван намрын сэрүүтэй золгох л гол зорилго болчихоод байна өө.
Дэлхийн энэхүү дулаарал, цаг агаарын өөрчлөлт эцэстээ юунд хүргэх бол гэж санаа зовох л юм. Нэг их зүйл хүсэлгүй, байгальдаа аль болох хохирол багатай амьдарчих юмсан гэж мөрөөдөх л юм.
Миний хувьд 9 дүгээр сардаа ч овоо хэдэн ном уншаад, овоо хэдэн аяга угаагчаа нэхээд л түүнээсээ урам аваад л явах минь. Энэ долоо хоногт гадаад ажилчдынхаа ганц нэг хүмүүст бэлэглэнэ. Би өөрөө яриа хийх юм. Тэгээд ярианыхаа явцад бэлэглэх санаатай. Монгол улсынхаа нэрийг, монголчуудынхаа нэрийг өндөрт өргөж явах гэж хичээж байхад, төв газар хулгай хийсэн гаруудын тухай мэдээгээр гарахаар сэтгэл санаа шууд газарт унах юм.
Өөр зүйлд ухаан санаагаа уралдуулаад, гар хөлөө хөдөлгөөд, ажил хийж мөнгө олмоор байна аа. Зүв зүгээр сууж байгаад л баяжчих санаатай хүмүүс олшроод байх юм.
Үүнд борооны дараах мөөг шиг олширсон "нөлөөлөгчид" жаахан буруугаар нөлөөлөөд байна. Ажил хийж мөнгө олохыг бус зүгээр сууж байгаад мөнгөтэй болж баяжихыг заагаад байх юм.
Залуус минь та нар тэр "нөлөөлөгч"-өө зүгээр л та нарт зориулж зарим нэг утгаараа бүлт бүлт үсрэхэд нь үзэж, бусдад түгээж, тархиа угаалгаж, тэгээд цаад хүн чинь л баяжихад хувь нэмрээ оруулаад байгаагаа ухаарах цаг нь болсон юм шиг ээ.
Би ч нэг хэсэг сонсдог л байлаа. Хөөх гэж боддог л байлаа. Гэхдээ зүв зүгээр сууж байгаад баяждаг улс нь мөш цөөхөн, бүр маш цөөхөн, тэр цөөхөн нь миний хувь нэмрээр л тэгж баяжаад байна гэж гэнэт ухаараад. Өөрийгөө л хичээж, урдах ажлаа л сайж хийж, бага багаар ч болтугай өөрийгөө хөгжүүлж, өдөр тутамдаа жижигхэн зүйлсээс урам авч, зулзагуудынхаа өмнө хариуцлагатай амьдрах хэрэгтэй юм байна гэж бодох болов.
Маш гэгээрсэн бичвэрээрээ энэ өдрийн мэндийг хүргэж мэндчилэв. Агуулга нь яг таарч байгаа биз дээ?
Өө тийм боловсрол хэрэгтэй хэрэггүй гэж хэсэг шуугив тийм үү? Хэрэгтэй байлгүй яахав. Боломж л гарвал сурч боловсорч байж бид бусдад залгиулалгүй, тархиа угаалгалгүй, хэт нэг зүйлд туйлшралгүй, өөрийн гэсэн бодолтой, аливаад эргэлзэж хандаж, судалдаг, уншдаг, тунгааж чаддаг чадварт суралцана шүү дээ.
Мэдээж зарим ээж аавуудын дунд зулзагууддаа өндөр боловсрол олгох боломжгүй нь бий. Тэглээ гээд бид тэдгээр хүмүүсийг буруутгалгүй, өөрсдийгөө л хичээх хэрэгтэй. Сургууль соёлд суралцах боломжгүй байлаа ч бүгд уншдаг л байх хэрэгтэй.
Сүүлийн үед харьцангуй олон ном хэвлэгддэг болж. Хэл ус сурчихвал ч хэрэгтэй мэдээллээ олоод авчихдаг цаг үе шүү дээ.
Олон зүйл бурахаасаа өмнө өндөрлөх минь.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿