Үргэлжлүүлж бичихгүй бол санаа амардаггүй ээ. Бие минь ажил дээрээн, гэртээн мөртлөө сэтгэл санаа минь блог дотроо эргэлдээд байна. Хэ хэ. Мөн номоо номын сандаа өрж тавихгүй бол санаа амардаггүй ээ.
Уншиж дуусаад номын сандаа номоо өрж тавих ч айдаа мөн чиг их сэтгэл ханамжийг мэдрүүлдэг тийм ээ? Уншдаг хүмүүсийн л мэдрэх сэтгэлийн таашаал байх даа...
"Гэр бүл, ойр дотны хүрээнд сайн үлгэр дуурайл байгаа бол тэр хүүхэд хамгийн азтай бөгөөд сайн хүн болох магадлал өндөр."
Үглэж дуулахаас илүүтэйгээр үлгэрлэх нь чухал гэж их ч уншиж байна дөө. Яг гэртээ ээж нь, аав нь үлгэрлэх гэхээр нэг л сэтгэлд буудаггүй ээ. Утсаа маажсан ээж аав хоёр л байгаад байдаг.
Яахав ээж нь үе үе ном шагайж үлгэрлэдэг байх. Орсон гарсныг дайлдаг цайлдаг нь бас нэг үлгэр байж магад. Манайх оюутны гуанз шиг байна тийм ээ? гэж нэг удаа зулзага хэлж билээ. Хи хи.
Гэрээсээ хол залуусыг өөрийн жаахан хүүтэйгээ зүйрлээд өө. Зарим нэг нь "өндөр ээж" гэж "өргөмжилсөн ч удаатай. Ооё.
"Үнэт зүйл өвлүүлэх...
Үнэт зүйл гэдэг бол ганц таны хүүхэд төдийгүй олон хүнд хэрэг болох, аль ч цаг үед хаана ч хүндлэгдэх сайхан чанар юм."
"Хаа нэгтээ түүхийн явцад монголчууд бид хулгай хийдэггүй байсан үндэсний үнэт өвөө мартаж гээжээ."
Энэ их харамсалтай тийм ээ? Би ч хааяа малчин ахуйгаа магтаж ярихдаа өргөө цагаан гэрээ цоожилдоггүй, данхтай цай боорцог нь бэлэн, аяншиж ундаассан хүн орж цай уучихаад явчихдаг соёлтой байсан гэж танилцуулна аа. Хулгай зэлгий байхгүй шүү дээ гэж ирээд л.
Даанч одоо цаг үед мартагдаад л байна гэж халаглахаа мартахгүй. Мөн Улаанбаатар хотод олон хөлийн газар түрийвч, мөнгө, гар утсаа алдав аа гэж байнга сануулж, бие хамгаалагч шиг нь явна шүү дээ...
Үндэсний үнэт өвөө сэргээх юмсан тийм ээ? Ядах байхад төрд байгаа ихэнх нь "хулгайч" болчихсон. Тэдгээрээс үлгэж жишээ авч буй хойч үе их гэж бодохоор...
"Хуультай танилцуулах...
Хүүхэд дагаж мөрдөж эхэлдэг анхны хууль нь Замын хөдөлгөөний тухай хууль юм.
Хүүхэдтэйгээ хуулийн тухай ярьж бай...
Хууль ойлгож сурах нэг ноу-хау хэлэхэд заргалдаж үз."
Хөөрхөн ноу-хау байна уу? Яаж ийгээд л нэг удаадаа заргалдаад үзчихэд хэрэгтэй л юм байна. Гэхдээ л шүүх цагдаагаар явах нь манай улсад бол хохирогч нь өөрөө хэрэгтэн болчих гээд байдаг сул талтай гэж их уншиж, сонсох юм дөө.
"Айл бүрт Моцарт бий. Тэд юу ажиглаж, юунаас суралцах вэ гэдэг нь л өөр. Гэхдээ гэр бүлийн гишүүд утсаа шагайгаад хоорондоо ярихгүйсуудаг бол хүүхэд хэнээс ч юу ч сурахгүй нь мэдээж. Харин гэрт нэгэн зүйл давтагдан болдог бол, тэр нь идэвхтэй ажил, хичээл бол хөгжмийн хичээд ажигласан гурван настай Моцарт хүү шиг л хүүхдэдээ гэрийн боловсролыг эрт эзэмшиж эхэлнэ."
Гэртээ зулзагуудынхаа нүдэнд гар утсаа бага маажих гэж хичээж л байна. Огт маажихгүй байна гэж байхгүй л дээ. Ямартай ч олон цагаар, удаан маажихгүй байх санаатай үзэж тарж л байна. Хаа нэгтээ нүдэнд харагдахгүй газар тавьчих чинь зүгээр юм билээ. Нүдэнд ил байвал гар өөрийн эрхгүй утас луугаа явчихна...
"Айл бүхэн давтагдашгүй боловсрол олгох орчин юм. Та хүүхдээ бусдаас онцгой байлгах гэж янз бүрийн давтлага, дугуйлан, сургалтаар хэт бүү ачаалаарай. Зарим цагийг гэртээ, гэр бүлээсээ суралцахад нь үлдээгээрэй. Тэгсэн цагт хүүхэд тань жинхнээсээ бусдаас онцгой нэгэн болж чадна."
За тэгээд гэрийн ажлын чухлыг ч өгүүлжээ. Хамгийн гол нь тухайн гэрийн ажил нь нэг их түүртэхээргүй, сэтгэл ханамж төрүүлдэг байвал сайн.
"Хүүхдийн нүдийг хар. Гялалзаж, гялтганаж байна уу? Тийм бол энэ хүүхэд маш сайхан амарч, хорвоогийн бүх юмыг сонирхож, ид хөгждөг дээрээ байна. Хэрэв нүд нь гялалзахаа больсон бол ачаалал нь хэтэрч амрах, нойр авах эсвэл гадаа тоглох шаардлагатай болжээ.
Хүүхэд гаднаа бараг ажил хийхгүй байгаа ч дотроо маш хурдацтай өсөж хөгжиж, энерги зарцуулж байдаг. Ийм учраас хүүхдэд өөрийн гэсэн цаг маш их хэрэгтэй. Энэ цаг дээр хүүхэд амарч болно, унтаж болно, тоглож болно, дуу хөгжим сонсож болно.Тэр хүүхэд зүгээр зөнгөөрөө байж болох цаг гэсэн үг."
Хүүхдийн мэдлийн цагийн тухай ингэж бичиж шүү. Зулзагуудаа хараад байхад яг л энэ дээрх шиг байдаг. Гэртээ гэрийн ажил тэр бүр хийхгүй. Харин онгод нь буувал ёстой сайн хийнэ. Бидний бохир завааныг гайхаж ирээд л. Хэ хэ.
Өдөрт сургууль дээрээ хамаг энергиэ зарцуулчихдаг. Гэртээ бол ёстой нэг зөнгөөрөө, залаад ирчихсэн бурхан мэт л байдаг даа.
Ээж нь нэг иймэрхүү зүйл хаа нэгтээгээс олоод уншчихдаг тул хүлээцтэй тайван хандахыг хичээж л байна. Түүнээс миний өөрийн өссөн цаг үе чинь огт өөр байлаа шүү дээ. Хэ хэ.
Энэ удаагийнхаа бичвэрийг үүгээр дуусгая.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿