Сэрүү ороод, энэ сард ёстой ном уншихыг үзүүлээд өгнө дөө гэж бодож төлөвлөж байсан юмсан. Нэг л амжихгүй юм шиг л болоод явчихлаа шүү.
Ямартай ч уншсан ганц нэг номныхоо зургийг оруулаад, таван үг холбож бичих үү дээ. Зүгээр суухаар зүлгэж суух минь...
Угтаа "Хүүхдээ ойлгох ном"-оо бичиж дуусгаагүй байгаа юмсан. Үргэлжлүүлж бичнэ ээ. Сүүлд өөрөө блогоо сөхөж харж байхад ч хэрэгтэй. Тийм ээ? Мөн нэг найз минь хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэсэн юмсан. Блог хаягаа л өгчихдөг хэрэг. Тэгээд авч уншихаа өөрөө шийдэх биз?
Төлөвлөгөөт ном. Яг хэдэн сард унших байсныг нь сайн санахгүй, бас бичиж тэмдэглээгүй байсан тул уншина гэж төлөвлөөд, худалдаад авчихсан номнуудаа угсруулаад уншчихая гэж бодов.Тэгээд оны сүүлээр бага сага жижиг, нимгэн ном уншина даа.
Энэ удаагийн ном минь "Алдагдсан охин". Элена Ферранте гэдэг зохиолч. Анх удаагаа мэдэж аваад, уншив.
Итали зохиолч юм байна. Монсудар хэвлэлээс орчуулж гаргасан "Ганцаардлын өдрүүд" номыг нь тэгж байгаад авч уншина аа. Учир нь энэ Алдагдсан охин ном таалагдав.
Солонгон аашт эмэгтэй хүнийхээ хувьд зохиолын гол баатрын бүсгүйн сэтгэл санааны байдлыг учиргүй ойлгон, толгой дохин байж уншив. Нээрээ л хүүхдүүд хөлнөөс чаргууцалдаад байхаар өөрийн эрхгүй бухимдаад, жаахан цаашаа байгаад өгөөч гээд хэлчихдэг үе бий л биз дээ?
Энэ ээж хүний, эмэгтэй хүний сэтгэл санааны тогтворгүй байдлын тухай сүүлийн үед ил тод бичдэг, танилцуулдаг болсон нь авууштай. Түүнээс нэг л их уянгалсан хүмүүс шүү дээ, манайхан чинь.
Дээхэн үед яахав, хониндоо явахдаа, сүү саальдаа гарахдаа, малаа маллаад, байгальтайгаа ойр байсан тулдаа даваад гарчихдаг байсан байх гэж таадаг юм. Тэгээд ч сав нь хөөрчихвөл хэцүү гэж сануулдаг, анхааруулдаг, халамжилдаг байж.
Мөн эмэгтэй хүмүүсийн тухай сэдэв нэлээд дарагдмал, хаагдмал байж дээ.
Миний бие, нэлээд сүүлд зулзагаа төрүүлсэн тул бас нэлээд бухимдсан, стрессдсэн үе бий. Эмээ өвөөгөөс нь хол болохоор орхиод хаа нэгтээ гарчихаж чадахгүй, эндхийн сонин сонин дүрэм журамд "дарамтлагдаад" өөрийн эрхгүй л уурлачихсан л байдаг байлаа.
Энэхүү стрессээ яаж тайлдаг вэ гэхээр ойлгомжтой. Ном уншина, блог бичнэ гэх мэтээр дуртай зүйлсээ хийнэ. Мөн хааяадаа орж гарна, зугаална. Халбага дарсаа ууна. Хэ хэ.
За тэгээд зэвүүн зэвүүн ишлэлүүдээс нь бичье дөө. Яг ямар үйл явдал гардгийг өөрсдөө уншаарай.
"Марта ч үргэлж л хүүхдүүддээ гомдоллох байсан юм бол яах гэж төрүүлсэн юм бэ гэх маягийн үг хэлж л байсан. Өгүүлбэр, үгс. Хүүхдүүд чинь бухимдангуй өнгө аясаар яах гэж өөрсдийг нь төрүүлснийг асуух мөч ирдэг л юм байна."
"Эмэгтэй хүний бие махбод гэдэг мөн ч олон янзын юм туулна даа...шаргуу ажиллах, гүйж харайх, сурч судлах, ургуулан бодох, бүтээх, байгуулах, өвдөх зовох гээд л. Бас болоогүй, тэр дундуур хөх томорч, бэлгийн уруул хөөнгөтөн, шинэ махбод чиний амь амьдралаар лугшиж эхэлнэ..."
"Хорин тав хүрэхэд миний хувьд бүх боломж дуусгавар болсон байлаа. Гэтэл тэдний аавд болохоор дэлхийг тойроод л нэг боломж нөгөөгийнхөө араас гарч ирж байв."
"Би хэдэн сарын турш номын ганц ч хуудас эргүүлсэнгүй. Үргэлж л ядарсан, цухалдсан мэдрэмжид хүлээстэй байх..."
"Унших бичих нь үргэлж л өөрийгөө тайвшруулах найдвартай арга зам байсаар ирсэн билээ."
"Харин охид минь хол явжээ. Өөр цаг үед харъяалагдсан тэд маань урагш тэмүүлцгээж, тэднийгээ би ирээдүйд нэгэнт алджээ."
Эдгээр ишлэлүүдийг уншихад л ойлгомжтой байна уу? Ялангуяа эмэгтэйчүүд, ээжүүд л ойлгох байх тийм үү? За гэхдээ огт бухимддаггүй, үргэлж сайхан ааштай, сайн ээж байхыг үгүйсгэхгүй шүү.
Мөн хажуу дахь хань ижлүүд нь дэмжээд өгдөг, сэтгэл санааг нь хааяадаа тайтгаруулчихдаг, шалтгаангүй уурлахад нь чимээгүйхэн хүүхдүүдээ аваад унтчихдаг байх нь чухал шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿