Угтаа сүм үзэхээр явсан юм аа. Гэмгүй байж байгаад л үе үе салхинд гараад, зугаалчихдаг тийм ээ. Энэ удаад бас л сонирхолтой, хөгжилтэй аялачихаад ирсэн.
Найзуудынхаа ажиллаж амьдардаг газраар ээлжилж аялдаг юм аа. Өнгөрдөг намар Кобэ хотоор зугаалсныг санаж байгаа биз дээ? Энэ жил Осака. Экспо үзэх гэсэн тасалбар нь дууссан тул үзсэнгүй ээ. Өөр зүйл үзээд, зугаалчихсан. Зураг хөрөг оруулж тайлангаа бичнэ ээ.
Дарүма хүүхэлдэй нь ёроолыг нь хүндрүүлсэн байдаг. Манайхаар бол "Дондогмаа" хүүхэлдэй гэсэн үг. Яаж ч түлхэж унагаасан босоод ирдэг дээ. Тэгж босоод ирдэг гэдэг утгаар нь аливаад бууж өгдөггүй, ямагт босоогоороо хэмээн "Ялалт, даван туулах, бууж өгөхгүй байх"-ыг бэлгэддэг гэнэ.
Дарүма гардаг нэг хөөрхөн зурагт ном байдаг юм. Бага зулзага дуртай байж билээ. Өдөр бүр шахуу уншуулна. Агуулга нь хөөрхөн тул ээж ч өөрөө их дуртай. Цэцэрлэгт байхад нь тэр зурагт номоороо жүжигчилсэн тоглолт хийгээд, даанч зулзага минь урд өдөр нь халуураад, урлагийн үзлэгтээ очиж чадаагүй.
Жүжигтээ өмсөх байсан цамцан дээр нь дарүма оёсон байсныг хадгалчихсан. Багадсан гээд хүнд өгчихдөг юм уг нь хувцаснуудыг нь. Дурсгал болгоод тэрхүү дарүматай цамцыг нь аваад үлдчихсэн байгаа. Жижигхэн хөөрхөн цамц бий. Ингээд бичсэн чинь л хайр хүрчихлээ. Босч очоод үнсээд, үлгээд орхилоо. Хэ хэ.
Угтаа бидний очиж үзсэн "Кацүо" гэдэг нэртэй сүмийн нэг онцлог нь энэ дарүма юм билээ. Дарүмандаа "Кацү дарүма" гэдэг нэр өгчихсөн. Кацү гэдэг нь ялах гэсэн утгатай. Гадаад дотоодын жуулчдын хөл тасардаггүй юм байна. 2023 оноос гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэж, автобус хүрэлцэхгүй гэх мэт асуудал тулгарч, сүм хүртэл явдаг автобусны тоог нэмэх, сүмийн сахиус буюу дарүма хүүхэлдэйг тавих газрыг өргөтгөх зэргээр шуурхай арга хэмжээ авч буй гэнэ.
Нэлээд том талбайг хамарсан ногоон байгууламж бүхий газартай. Байгалийн үзэмж, хараа сайтай, тайван амгалан газар байна лээ. Ойрхон байдаг найзууд маань хааяа эморохоороо ирж зугаалдаг гэсэн шүү.
Зурагт байгаа шиг жижиг жижиг дарүмаг сүм байрлах ногоон байгууламжинд энд тэндгүй тавьчихсан байдаг юм билээ. Хүсвэл нүд хөмсөг зураагүй дарүмаг худалдаж аваад нүд ам хамар гэх мэтээр царайг нь зураад, мөн биенийх нь хаа нэгтээ хүслээ бичдэг юм билээ.
Ялалт гэдэг нэртэй тул спортынхон, бизнесийнхэн, урлагийнхан гээд л төрөл бүрийн л салбарын хүмүүс ирж хүслээ бичдэг юм байна. Шалгалтаа амжилттай өгөхийг, ажил үйлс нь бүтэмжтэй байхыг, эрүүл саруул байхыг гээд л юу ч хүсч болдог шиг байна лээ.
Мөн төлбөрөө төлөөд ороход хүний тоогоор нэг нэг цулгуй, цагаан ил захидал өгнө. Түүнийг сүмийн байгууламжаар мөргөн, залбиран зугаалах явцдаа a, b, c... хэмээн дарааллын дагуу тамга дарна. Хамгийн сүүлийн тамгыг дарахад сүмийн хэлбэр дүрс дарүматайгаа тодроод ирдэг юм билээ.
Мөн төлбөрөө төлөөд ороход хүний тоогоор нэг нэг цулгуй, цагаан ил захидал өгнө. Түүнийг сүмийн байгууламжаар мөргөн, залбиран зугаалах явцдаа a, b, c... хэмээн дарааллын дагуу тамга дарна. Хамгийн сүүлийн тамгыг дарахад сүмийн хэлбэр дүрс дарүматайгаа тодроод ирдэг юм билээ.
Мөн бага зулзага бидэн хоёрын дунд өрнөсөн харилцан яриаг сонирхуулах уу?
Ээж: 100 аваасай хэмээн залбираарай, миний зулзага.
Зулзага: 100 оноо юухан байсан юм, аваад л байгаа шүү дээ.
Ээж: Одоохондоо ч авч байна л даа, цаашдаа...
Бага ангид авдаг 100 оноо ч бараг нүдээ аниад л авчихдаг "эд" гэж эгч нар хэлдэг юм. Хо хо.
Дараагийн бичвэртээ дахин ганц нэг хөөрхөн зураг оруулна аа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿