2026年1月9日金曜日

Шударга ёсны хордлого

12 сард уншсан сүүлийн ном. 30-нд эхлээд 31-нд уншиж дуусав. Шинэ рекордоо давтав. Төвлөрөөд уншвал, яг таг суугаад уншвал номыг "уудаг" л хүн юм байна би чинь. Мэдэж авлаа. Хэ хэ.  

Санаандгүй нет хэсэж яваад, энэ номын тухай олж мэдээд, найздаа захиад, 12 сарын эхээр надад ирсэн ном. Түүнээс өмнө нь ёстой таарч байгаагүй ном. Би чинь захих номоо их судалдаг байхгүй юу? 

Агуулга нь хэр вэ? Өгөөж нь хэр вэ? Зохиолч нь хэн бэ? Гэх мэтээр судална аа. Мөн япон хэлээр орчуулагдаж уу гэж хайж үзнэ. Яагаад гэвэл эд нар муу зохиолыг бол орчуулахгүй шүү дээ. Тийм үү? Хэ хэ. 

Тэгсэн энэ номтой ёстой санаандгүй таарсан. Яг хаанаас олж уншсанаа ч мартчихаж. Захисаныхаа дараа ямар ном бэ? гээд хайж үзсэн чинь ганц нэг сүрхий хүмүүс ютүбээрээ танилцуулсан байна шүү. 

Зохиолчийн тухай ч япон хэлээр хайж үзэв. Залуухан бүсгүй байна. Тархи судлаач гэнэ. Чухам олон ном товхимол хэлүүлсэн гэж байна. Зурагтаар ч үе үе гарч, дуу хоолойгоо өргөдөг нэгэн байна. Би ойрд нэг их зурагт үзэхгүй байгаа тул мэдэхгүй л байлаа.

Харин энэ номын ачаар нэг ч гэсэн япон хүний тухай мэдэж авлаа. Бусад зохиол бүтээлээс нь уншихыг хичээнэ ээ. Хойшид уншина аа, унших юмсан гэсэн ном ямар их байна аа. Би өөрөө ганц. Ха ха. 

Накано Нобүко "Шударга ёсны хордлого" ном. Орчин үеийн, өнөө цаг үеийн нийгмийн тулгамдсан асуудал болох сэтгэлзүйн эмзэг үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан байв. 

Интернэт орчинд үүсч буй бие биелүүгээ давшлах, шүүмжлэх, хараах, зүхэх гэдэг үйлдэл газар авч буй нь хүний өөрийх нь мөн чанартай холбоотой гэжээ. Нэг л их тал болцгоогоод ганц нэг хүн лүү дайрч давшлах, өөрийн үзэл бодлоо тулгах, миний зөв чиний буруу гэж мэлзэх нь нэг ёсны "шударга ёсны дон"-д автсаны шинж гэж байна шүү. 

Мөн ингэж бусдыг шүүж, буруутгаж, шийтгэх үед хүмүүс таашаал мэдэрдэг мөн чанартайн хувьд энэ нь донтолт болон хувирч болзошгүй гэнэ. Үүнийг зохиогч тархи судлаачийнхаа зүгээс тайлбарлахыг, тархины бүтэц, үйл ажиллагаатай холбон тайлбарлахыг оролджээ. 

Зохиогчийн хэлснээр шударга ёсны хордлогод буюу донтолтод та ч, би ч, бид ч, ер нь хэн ч автаж болзошгүй гэнэ. Үүний хамгийн тод жишээ нь ковид цар тахлын үеэр халдвар авсан нэгнийгээ нийтээрээ гадуурхах үзэгдэл гарч байсан нь энд өгүүлж буй дон хэрхэн илэрч, газар авч даамжирч болохыг харуулсан явдал юм. 

Мөн өнөө цагт цахим ертөнц нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсноороо бусдыг шүүх энэ дон улам газар авч, хүмүүс өөрийнхөө байр суурийг хэт туйлшруулан хамгаалж, "би л зөв ярьж байна, миний л зөв, би л шударга" гэсэн үзэл бодол, хандлагад гүн гүнзгий автахдаа амар байдаг байна.

Өөрөөр хэлбэл сошиал медиа нь шударга ёсонд донтогсдын хувьд хямд төсөр хэрэгсэл болсон нь нүднээ ил. Сошиал медиад бичиж үлдээсэн сэтгэгдэл, бичвэр нь хэдийгээр хүнд санаа агуулалгүйгээр хөнгөнөөр бичсэн байсан чиг уншиж буй хүндээ сэтгэлийн гүн шарх болж үлдэх нь, мөн нөхөж баршгүй хор уршиг ч дагуулах нь элбэг.

Уншиц буй явцдаа би өөрийгөө нэлээд донтойгоо олж мэдлээ. Нүүрномд нэг хэсэг их бурснаа бодоод, ичив. Хэ хэ. Жишээ, хамт архи ууж байгаад нэгнийгээ зодоод алчихсан алдартай бөх хүнийг их шүүсэн. Хэдийгээр их гавъяатай, алдар цолтой байсан ч ёс бус үйлдэл гаргасан л бол хариуцлагаа хүлээх ёстой гэж энд тэнд санаа оноогоо их бичсэн.

Ингээд бодохоор угтаа шударга ёсыг шаардаад буй болов чиг, тэр хүний зөв бурууг хууль нь шүүгээд явчих юман дээр илүү үглэснээ мэдэх шиг, толгой руу ёнк гээд л ороод ирэв. Хэ хэ.

Блогтоо бичих гэж бодсоор явтал шинэ он гарчихлаа. Шинэ оныхоо эхний номыг эхлүүлчихсэн л байна. Нэг их удалгүй дуусгана даа. 

Дараагийн бичвэрээр номонд бичсэн бас бус зүйлсээс бичнэ ээ. Сүүлд өөрөө орж уншина. Мөн Батцэцэгийн энэ номны тухай ярьсан бичвэрийг ютүбээр олж үзээрэй. Их хөөрхөн товчлоод, базаад ярьчихсан байна билээ.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿