Номныхоо үргэлжлэлийг бичих гэсэн чинь мэдээжийн зүйлсийг их энгийнээр бичсэн байсан тул юу бичих вэ гэж бодон сууна. Тэгснээ гэнэт дараах хуудсыг санав. Нүүр номдоо зургийг нь оруулсныгаа эндээ бас татаад ирэв.
Солонгос хүмүүсийн дунд хийсэн судалгаа. "Амьдралдаа хамгийн их харамсдаг зүйлс чинь юу вэ?" гэдэг асуултыг эр эм хүмүүст, мөн нас насаар нь ангилж байгаад л тавьж л дээ. Хариулт нь байна аа даа...
"Хичээлээ л сайн хийж байдаг байж." гэсэн гэнэ. 10, 20, 30, 40, 50, 60, 70 гээд насны ангилалд эр эм хүйс, нас харгалзалгүй бүгд шахуу л хичээлээ хийж байх минь яав даа гэж боддог гэнэ.Мэдэж дээрх хариултыг нэгт тавьж байна уу? Хоёр, гуравт тавьж байна уу гэдэг нь бага зэрэг ялгаатай ч ямартай ч харамсдаг зүйлсийнх нь дотор зоолттой л хичээлээ хийж байсан бол гэдэг харамсал байдаг байх нь ээ.
Цахим ертөнцөөр "гэр бүлийнхэндээ их цаг гаргадаг байж, ээж ааваа тэгж асардаг байж, үр хүүхдэдээ тэгж ханддаг байж" гэх мэт нэлээд уянгын халилтай харамсал их харагддаг ч гэлээ илүү сайн хичээлээ хийж байсан бол гэдэг харамсал сэтгэлийнх нь угт хадаатай л байдаг байх нь.
Солонгос улс нь нэлээд өрсөлдөөнтэй нийгэм учир бас энэ харамсал дээгүүрт орсон байж магад. Манайхан шиг "сэтгэлийн амьтдад" бол ч дундуур хавьцаа л явах байх, тийм ээ? Та юу гэж бодож байна?
За тэгээд гарчиг болгоны ард хөөрхөн түүхүүдийг бичжээ. Эхийн хайр, эцгийн хайр гээд л. Мөн багшийн чин сэтгэл гээд л...
21 хоногийн дүрэм баримтлах нь зүгээр гэнэ. Мөн 7 чухал дадлыг онцолжээ.
1. Цэх зөв суун хичээлээ хийх.
2. Тэгэнгээ, ингэнгээ хичээл хийхгүй байх. Жишээ нь дуу сонсонгоо хичээл хийхгүй байх.
3. Дэвтрийн чинь гаднах үзэмж биш доторх агуулга чухал. Үүнд хэт цэмцгэн, гоё бичсэн дэвтэр биш байх, эсрэгээрээ хэт муухай сараачсан, ноорхой дэвтэр биш байх. Өөрт ойлгомжтой, эргэн сөхөхөд "аятайхан" тэвдэр хөтлөх.
4. Эхний эгнээнд суух. Арын эгнээнд голцуу суугаад байж болохгүй. Аль болох урагшаа суух. Тэгвэл өөрийн эрхгүй л багшийн хэлж буйг сонсоно.
5. Аль болох ханиад хүрэхгүй байх. Үүний тулд биедээ, эрүүл мэнддээ сайн анхаарах. Гараа сайн угааж байх. Шингэн зүйл сайн уух, нойр сайн авах, уураглаг, витаминлаг хоол хүнс идэх. Мөн биеийн дулаанаа сайн хянаж, мэддэг байх.
6. Завсарлагааны цагийг зөв өнгөрөөх. Энэ цагаар "сайн амрах". Завсарлагааны цагийг тоглож, найз нөхөдтэйгөө буу халж өнгөрөөх нь их ч энэ нь эсрэгээрээ нэлээд энерги зардаг тул хэрхэм амрах тухайгаа сайтар тунгаан бодох хэрэгтэй.
7. Ширээн дээрхээ болон цүнхэн доторхоо эмх цэгцтэй байлгах. Нэг дор бүгдийг эмхлэх, цэгцлэх гэж зүдрэх бус бага багаар л эмхлээд явах нь чухал. Хэрэгтэй зүйлс чинь тогтсон байранд байх, тэр бүр хэрэглээд байдаггүй зүйлсээ далд хийх.
Гэжээ. Мэдээжийн зүйлс байгаа биз дээ? Сүүлийн үеийн бүхий л хүний хөгжлийн номонд гардаг шахуу зүйлс бичээстэй байсан.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿