2026年5月25日月曜日

Уусан нь

Хүүш л дээ, энэ ажилд орсноор миний ууж идэх ажил нэмэгдсэн гэж хэллүү? Байсхийгээд л хамт ажилладаг хүмүүстэйгээ, өмнөх ажлынхантайгаа, ганц нэг танилтайгаа, фракцынхантайгаа гээд л ууж идэх шалтаг мундахгүй юм.

Нэг бодлын олонтойгоо яваагийн минь баталгаа гэж өөрийгөө хөөргөнө. Нөгөө бодлын монгол хүн гэсэн нэр нүүрээ аятайхан авч явах гэсэн хариуцлага гэж дотогшоогоо өмөлзөнө. Хэ хэ. Бөөн далим уу? Ха ха. 

Гаднаас нь харахад ундаа шиг л байна уу? Энд гэхдээ нэг их хатуу зүйл уугаад байдаггүй, залуус нь. Өвөө нар сакэ гэх мэт архиа уудаг. Залуус бол шар айраг, ликёр, дарс гэх зөөлөн зүйлс ууна. 

Маргааш нь ажил дээрээ гозойж л байна. Шарттлаа уух нь ховор. Мэдээж ой тоогоо алдтал уудаг хүмүүс бийг үгүйсгэхгүй. 

Би ихэвчлэн улаан дарс шимдэг байсныгаа сүүлийн үед иймэрхүү нялуундуу "ундаа"-г ууж үзэж байгаа, албаар. 

Энэ ямар ч билээ архийг орэнж жүүсээр зөөллөсөн ундаа. Үүнийг би уугаагүй шиг санаж байна. Хэ хэ. Санахаа больтол уугаагүй л дээ, нэлээд дээхний явдал тул мартжээ. 

Мөс ихтэй тул бас их шингэн ирнэ ээ. Заримдаа мөсгүй гэж хэлэх үе бий. Олигтойхон шиг өтгөнөөр нь уучихмаар байхад, нэг их том том мөс хөвүүлчихдэг. Уушийн газартаа бол үнэн ашигтай л байх даа тийм ээ?

Надад бол ашиггүй, мөнгөндөө тааруулаад л уучихмаар байхад, үгүй ээ бүр давуулан уумаар байхад, тийм ээ? Хо хо.  
Төгсгөлд нь гэх үү? Хаалтанд нь улаан дарсаа шимнэ. Дээхэн дан улаан дарсаар дагнаад, маргааш нь шартаад аюул болсон. Тэр нэгэн явдлаас хойш улаан дарсаа бага шимдэг болж туршлагажсан. Хи хи. 

Гэртээ ч улаан дарс авч тавихаа багасгасан. Зочин ирвэл л авна. Наана нь урьдчилаж авахгүй. Гэрт бэлэн байгаад байхаар хаа нэгтээ жаахан "стрессдэн" үедээ задалчих гээд байдаг шүү, золиг чинь. 

Хуучин ажлын газрын маань хэсэг хүүхнүүд дарсаа гоё жаргаж хүртэнэ шүү, бултаараа. Стрессдэж биш, хэрэв стрессээ тайлах гэж уувал дарс минь хөөрхий, өрөвдөлтэй, дарсанд ямар ч буруу байхгүй шүү дээ гэсэн. 

Нэг бодлын зөв тийм ээ? Тийм болохоор дарсаа найз нөхөдтэйгөө хөгжин цэнгэхдээ л уух минь гээд гэртээ бэлэн авч тавихаа больж буй бөлгөө. Бага багаар "гэгээрэх" замдаа орж л байна гэхгүй юу? Ха ха. 

За өнөөх хар халуун, тамын халуун нь эхлэх гэж байна. Ийм халууны үед ч хүйтэн шар айраг ч аяа бас л жаргал шүү дээ. Тамын халуун гэж үг сурсан. Нэгэн монгол охин хэлсэн, тамын халуун нь одоо эхлэх үү? гээд...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿