2026年6月28日日曜日

Тойром

6 дугаар сарын төлөвлөгөөт ном. Нимгэвтэр ном байлаа. Зузаан ном уншаад байсан хүн чинь дорхноо л уншаад дуусгав. 

Нимгэвтэр тул замдаа уншина гэж төлөвлөөд, замдаа авч гарсан. Яг оносон байна лээ. Зузаан ном авч гарвал ачааны нэмэр, нимгэн, жижиг ном нь цүнхлээд явахад амар тийм ээ? 

Уншчихаад буцаагаад аваад ирсэн. Угтаа үлдээж болох ч номын клубынхны минь төлөвлөгөөт ном тул үлдээж зүрхэлсэнгүй. Тэгээд ч эндээ бас тэмдэглэж бичиж амжаагүй тул...

Ц.Гончиг гэж нэг хөөрхөн "хүү" байх шиг байгаа юм. Хүү юу? Ха ха. Дүү юм билээ, эгчээс нь. Тэгээд л... 

Өмнө нэг номыг нь унших гээд би өөрөө хайгаад ололгүй, найздаа захиж үлдээгээд. Тэр найз минь хаа байсан Хөвсгөл аймгаас зохиолчоос нь өөрөөс нь гарын үсэгтэй номыг нь олж өгч явуулсан шүү дээ. 

Маш их баярласан шүү. Одоо ч баярлаж явдаг шүү. Үргэлж сэтгэл гаргадагт нь... 

"Цул мөнгөн гүүр" хэмээх хөөрхөн ном байж билээ. Зохиолчийг нь цахим ертөнцөөс хайж үзсэн. "Хөөрхөн хүү" шиг санагдсан. 

Зохиолч миний энэ блогийг олж унших болов уу? Уншаасай... Хи хи. Жаахан аальгүйтэв...

Энэ удаагийн ном нь "Тойром" хэмээх роман. Гол агуулга нь шагайн харваа гарна. Миний мэдэх ганц нэг сонин хүмүүс шагайн харваа тоглоод байдаг юм. Тэгээд би ч шагай харвааг жаахан үл тоох маягтай байлаа. 

Тойромыг уншаад бодол минь 360 хэм өөрчлөгдөв. Шагайн харваа ямар ч буруугүй гэж. Мөн аавын минь шагай харвааны хашлага, сум нь энд надад байдаг. Хаа нэгтээ яваа. Олж аваад нандигнан хадгалах минь...

За тэгээд зөвхөн шагайн харвааны тухай бус түүнийг тойрон хүрээлсэн хүмүүний амьдрал ахуй, бодол санаа зэргийг яруу тодоор өгүүлсэн. 

Үгийн сонголт нь үнэхээрийн таалагдаад, яаж бичихээрээ ингэж бичдэг байна аа л гэж бодсон. Би ч ямар бичих биш, хааяадаа ганц нэг зүйл орчуулах гэхээр бяд дутаад байдаг юм. 

Тийм болохоор л монгол зохиолчдынхоо номыг алгасалгүй унших гэж хичээнэ. Ганц нэг үг, хэллэгийг тэмдэглэж авна. Мартчихсан л явна. Дахин сөхнө. 

Уламжлал ёсоороо хөөрхөн санагдсан хэлц зэргийг эндээ бичиж үлдээх минь...

Сүүлд уншихад "онц сонирхолтой" байдаг юм. Тийм үү? 

Зохиолчийн өөрийн хэлсэн "Шагайн харвааг хүн спорт, уламжлалт наадгай, сонирхол гэх мэт олон талаас нь харж болно. Харин би урлаг талаас нь хараад, түүнийгээ хүмүүст хүргэх нь зүй гэж санан бичсэн" хэлсэн байдаг юм байна. 

Нээрээ л хойшид урлаг талаас нь нэг харж үзэхийг хичээнэ ээ. 

"Хууччуул хашлагандаа хуруугаа нийлэхдээ эмэгтэй хүний хөхний товчинд хүрч буй лугаа мэдрэх ёстой гэдэгсэн..."

Эмэгтэй хүмүүс бид ийм л агуу. Хаа байсан шагайн харваанд хүртэл ингэж нөлөөлдөг байх нь. Ха ха. 

"Хамгийн гол нь сэтгэлээ л хичээж яваарай". 

Энэ хэлц уг номын хамгийн хамгийн нь юм шиг санагдсан. 

Хачин их гуниг төрүүлсэн нэг үйл явдал нь Чин Ван Ханддоржийн агь Дэнзэнжамцын хувь заяа... Манжийн хаанаас цээрлэл хүртчихдэг. Ийм л их үнэ цэнээр олж авсан эх орон минь, эрх чөлөө минь, тусгаар улс минь гэж өөрийн эрхгүй бодогдоод, хэсэгтээ сэтгэл хөндүүрлэнэ. 

Бод доо? Бага зулзагаа оронд нь тавиад үзэхээр үнэхээрийн тэвчишгүй...

"Хашлаганаас сугарсан сум, хагархайгаас унасан үг хоёрыг барьж болдоггүй юм даа."

"Хоосон гэдэг нь чухамдаа юу ч байхгүй гэсэн үг биш харин бүх зүйл өөрчлөгддөг, аливаа зүйл тогтсон нэг мөн чанаргүй гэсэн утгын тухайтад ойлголт юм."

"Хоосон чанарт бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай хэмээн сургадаг."

Най задлахгүй, зай холдохгүй нөхөрлөдөг хүмүүс. 

"Халхын заяа их ээ" хэмээн бичвэрээ өндөрлөе. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿