Унших сэдэл төрөлгүй явсаар...
Интерномын 2+1 урамшуулал худалдаагаар нэг ном минь дуусчихсан байсан тул оронд нь энэхүү шинэ хэвлэлийг нь худалдаад авчихсан. Үнэ нь ч яг тэр байхгүй байсан номын үнэтэй адил байсан. Ашгүй минь гээд л худалдаад авчихсан. Хэ хэ.
Хуучин номоо яасан бэ? гэхээр дүүдээ өгчихсөн. Дутуу байна шүү дээ гэхээр нь төгсгөлийг нь өөрөө яриад өгчихье гэж бодоод л сууж байна. Ха ха.
За тэгээд сүүлийн үед номнуудаа их зоригтойгоор барьж авч уншиж буй тул шууд л сонгоод уншлаа. Дууслаа. Сэргээлээ. Сэтгэлийн таашаал эдэллээ.
Эхэндээ ч огт уншиж байгаагүй ном мэт л байлаа. Гэтэл нэг үйл явдлыг уншаад л шууд санаж эхэлсэн.
Эвий минь, эвий минь Янжинхорлоо бүсгүй галт тэргэнд дайруулчихдаг хэсэг...
Сайнбилэг залуу хайрт бүсгүйгээ алдчихдаг, өнөөх л "Арван ембүү хараад алгаа тосдог аав уу даа" гэдэг дуунд гардаг шиг аав нь охиноо хятад залууд хүчээр эхнэр болгон өгөөд явуулчихдаг аав нь "галзуурчихдаг", охиноосоо хойш нэг их удалгүй хадан гэртээ явчихдаг хэсэг...
Энэ хэсгүүд бага насны минь тархинд хадагдан үлдсэн байж ээ. Бага насны минь ой тоонд үлдсэн хэсэг гэж бас л агуу юм аа. Яаж ийгээд л агуулга нь тархины минь тэртээ доор орших архиваас гараад ирдэг юм байна. Ай хүний тархиа гэж...
Хаа очиж нэг таалагдсан нь Сайнбилэг залуу очсон газрынхаа хэл усыг нь гойд сайн суралцдаг нь.
Учир нь гадаад дотоодод оччихоод тухайн газрынхаа хэл усыг нь суралцаагүй, сурах гэж мэрийгээгүй олон жилийг өнгөрүүлсэн байдаг хүмүүс байдаг даа.
Би ч өөрөө тэдгээрийн нэг төлөөлөл. Яахав их сургуульд хальт сураад ирсэн юм болохоор огт сураагүй гэж хэлэхгүй ч гүнзгийрэн судалсан уу? гэвэл ичмээр дамшиг дөө.
"Хөөрцөгдөх" гэдэг үгтэй таарав. Цай сүлэх, самрахыг хэлдэг шиг байна. Нутгаасаа хөөрцгөө авч гаран, харийн нутагт өтгөн сайхан сүү хөөрцөгдөж уухаар хөлс нь гараад гээд л гарна.
Хань ижилдээ нэг сайхан цай хөөрцөгдөж өгдөг юм билүү? гэж бодов. Хэ хэ.
1965 онд хэвлэгдсэн бүтээл Монгол улс НҮБ-д элссэний 4 жилийн дараа хэвлэгдэж. Мэдээж тухайн цаг үе, нийгмийнхээ тогтолцооны тухай бичиж байж ном, зохиол бүтээлээ хэвлүүлдэг байсан биз? Хэдий тийм ч монгол хөдөөний ахуй, сонин содхон агуулга, зүйлс, монгол хүмүүний мөс сайтай зан чанарын тухай уншдаг тул дээхний зохиолд дуртай.
"Зовлонгоос ангижрах гэж оролдох нь өөрийн толгой дээр өөрөө бас нэг шаналгаа нэмэхээс өөр юу ч болохгүй."
"Төрсөн газрын шороо алт."
Ойр ойрхон эх орондоо оччихдог сайхан цаг үед амьдарч буй тул дээрх үгний утгыг нэг их ухаж төнхөхгүй л байх шиг би ч...
"Гуньж гутах нь үнэндээ хүнд саруул сайхан бодол өгдөггүй."
"Дэлхий сугаа хавчих" гэж хэллэгтэй таарлаа. Орчин тойрон уйтай санагдах гэдэг агуулгатай шиг...
"Алтан дэлхий сугаа хавчсан биш" гэж хэлдэг юм байна. Би өдийг хүртэл таарч байгаагүй санагдах. Бага уншдагтай минь л холбоотой байх тийм үү?
Зузаан номоо зориглоод унш гэж хэлье дөө, одооны энэ өндөрлөгөөсөө. Хэ хэ. Одоо нэг зузаан ном хараа булаагаад л байж байна. Бүр 2 ч дэвтэр юм аа. Намар жаахан амсхийхээрээ барьж авна даа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүьсе.

0 件のコメント:
コメントを投稿