2026年7月24日金曜日

Намраас урт ганц өдөр

Бурхан Гончигсумлаа минь. 522 гаран хуудастай, айхтар зузаан ном. Хэдий том зузаан боловч доторх үсгийн хэмжээ аятхайн том, мөр хоорондын зай ихтэй, уншихад урамтай байлаа. 

Хятадын уран зохиол. Сүүлийн үед ихээхэн сонирхолтой, жигтэй санагддаг болжээ хятад уран зохиол. Үнэнийг хэлэхэд "хужаа, манж" гээд л урд зүгийн хүмүүсийг, соёлыг үзэн ядах сэтгэлгээтэй байлаа шүү дээ. Багад минь тархийг минь тэгж угааж шүү дээ. 

Тэр утгаараа их бага уншдаг байж. Оросыг тахин шүтээд, уран зохиолыг нь ч их уншдаг байж...

Урд зүгийнхний ахуй амьдрал, үзэл санаа, үнэт зүйл гээд л хачин жигтэй зүйл их юм. Ондоо ч юм. Бид их ондоошил гэж ярих болсон, эд ч мөн ондоошил ихтэй юм, түүнийгээ ч хүний олноороо түрий барьж дэлхийд түгээж байна дөө. 

Гэснээс энэ ном бидний номын клубынхны 7 сард унших төлөвлөгөөт ном. Наана нь нэлээд ном уншсан. Учир нь 5 сард нэг ном дутуу уншаад, төлөвлөснөөсөө. Түүнийгээ нөхөх гэж хичээв. Хэ хэ. 

Ядаж ном унших тал дээрээ "сахилга бат"-тай байх гэж хичээж буй бөлгөө. Бусад зүйл дээр тэр бүр сахилга баттай байж чадахгүй л байна. Яаж ийгээд хойрго хандаж байна. Зохицуулж чадахгүй байна өө. 

Лиү Жиньюнь зохиолчийн "Гурван намраас урт ганц өдөр" гэдэг хачин жигтэй сэтгэмжтэй ном. 

"Маш олон хүн нэг насаараа амь зуух гэж зүтгэж явсаар өөрийгөө хошин шог болгосноо ухаарч байдаг." 

Хошин шогт дуртай нэг сумын иргэдийн ахуй амьдрал гарна. 

Хошин шог гэснээс би хошин шог хааяа л үздэг. Залуудаа хошин шогийн тоглолтыг нэлээд үзсэн. Театрт. Үнэгүй үзчихдэг байсан юм. Тийм боломж олддог байсан юм. 

Гэхдээ их сонин би бараг инээдэггүй байсан. Инээдтэй зүйл шиг санагддаггүй байж. Мэдээж огт инээхгүй биш л дээ. Хаа нэгтээ л инээнэ. Бусад хүмүүс шиг учиргүй том ангайгаад л, элгээ хөштөл инээдэггүй байсан шиг санаад байгаа юм. 

Тийм болохоор одоо ч нэг их үздэггүй. Сүүлдээ жүжигчид нь ч "чадваргүй" мэт санагдаад, хүчлээд байгаа юм шиг санагддаг болчихсон байсан. Хэ хэ. 

Яньжин хэмээх нэгэн тосгоны энгийн ард иргэдийн ахуй амьдралыг өгүүлнэ. Иргэдийн бодол санаа, ёс заншил, хэв маяг, идэш уушийн соёл, хүмүүс хоорондын харилцаа зэргийг уран сэтгэмжтэйгээр өгүүлсэн.

Яаж ингэж бичих санаа төрдөг байна аа гэмээр. Хорь хорин жилээр нь 3 хэсэг болгон хуваагаад, хэсэг бүрт гол дүр гарна, туслах дүр гарна. Туслах дүрүүд нь холбож өгнө, дүрүүдээ. 

Хошин шогт дуртай Хуа Эр авхай ерөнхийдөө зохиолын холбоод, сүлбээд явна. 

Нэгэн суурингийн эгэл бор хүмүүс, цаашлаад хэлбэл нэлээд дорд? хүмүүсийн тухай гарна. Сургууль соёлд суралцаагүй, дундаас нь хаячихсан, гуанз л ажиллуулж амь зогоодог, хог шүүрддэг гэх мэт хүмүүс. 

Хятад зохиолчдын нэг аятайхан санагдаад байдаг нь эгэл жирийн хүмүүсээ ч эгэлгүй нэгэн болгож бичдэг явдал. Тэдгээр нь бараан солгойгүй хараад хэлээд байхгүй, учир зүггүй элдвээр аашлаад хор найруулаад байхгүй. 

Мэдээж түмэн шоргоолж мэт бужигнасан хүн дотор сайн нь ч бий, муу нь ч бий болохоор сэтгэл сэрдхийлгэм үйл явдал гарна, үгүйсгэхгүй. 

Хамгийн гол нь цаанаа нэг тийм ихэмсэг байлгаж чадаад байх шиг, хятад түмнийгээ зохиолчид нь. Муу нуухаар сайн илчил" гэдэг философи яваад байх шиг, мөн. Сонин жигтэй заншил, соёлыгоо нэг нууж хаах гэлгүйгээр л биччихээд байх. 

Гэтэл манайхан чинь "Баавгай болохсон" киног чухам л ад үзээд, дэлхийд эх орноо мууллаа бла бла. Надад бол хөөрхөн л санагдсан. Нэг эмзэглүүштэй нь манайхан их багагүй хараал их хэлдэг нь, хоёр гуравхан настай хүүгээ п...а, ална шүү гэх мэтээр хэлэхэд нь өхөөрдөөд, эр хүн ухааны юм яриад байх ээж аавтай таарч л байлаа...

Бодууштай...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿