2020年2月13日木曜日

Очирыг эрхшээв

Үүнийг бас эрхшээсэн.

Аль зун л уншиж эхэлсэн. Зузаан, дээрээс  нь шашны ганц нэг хэллэг, урд хойд нас, ид шид мэдийн үзэгдэл гардаг тул нэлээд анхаарал шаардсан.

Хамаг ажлаа алдаад, анхаарлаа төвлөрүүлж унших боломж байхгүй тул ингэж цаг зарлаа. Сүүлдээ бүр хурдан уншиж дуусгаад дараагийн номоо эхлүүлмээр санагдаад байсан.

Мөн энд тэнд уншиж байсан газраа тавиад л босдог байсан тул сүүлдээ ном минь жаахан өнгөө алдах тийшээ хандаад.

Би чинь ном дэвтэр муухай байхад жаахан дургүй талдаа. Тэр чанарыг минь том зулзага дуурайсан талдаа. Дунд зулзага одоогоор сайн мэдэгдээгүй л байна. Номыг бол сайн уншина...

Уншиж байх явцад шинэ хэллэг, үгтэй нэлээд хэд тааралдав.

Жишээ нь аймсангуй гэдэг үг маш их гарсан. Урд нь бараг сонсож, уншиж байгаагүй болохоор шинэлэг санагдсан. Яг энэ үгийг нет дэх толь бичгээс хайгаад олоогүй. Утгыг нь бол гадарлаад байгаа ч, яг тайлбарыг нь харах гэсэн хэрэг...

Мөн алавхийх гэдэг үг хэд хэд гарсан. Эхэндээ би шалавхийн гэж бичих гээд алдсан юм болов уу гэж бодов. Сүүлдээ ийм үг байдаг юм байна гэж бодоод бас л өнөөх нетийн монгол үгийн тольноос харав. Байна. Баярлав. Утга нь моринд харайн мордох гэж байсан. Харин уг номонд хурдан, үтэр түргэн гэдэг утгаар сонгогдсон байлаа.

Агуулгын хувьд мэдээж таалагдсан шүү. Хүний хойд төрөл, урд төрөл, үйлийн үр гээд л. Гэгээрэл гэдэг бас амар хялбар олддоггүй шиг байгаа юм тийм ээ...

Буруу бодолтой, буруу үйлдэлтэй, зөвхөн өнөөдрөөрөө амьдарч би л болж байвал гэж үздэг хүмүүс нэг уншаад үзээсэй гэж бодогдсон. Хэдийгээр уран зохиол роман болов чиг, хүмүүст даваажин, тамыг тухай нэлээд тод томруун ойлгуулж өгөх юм болов уу?

Нэг сонирхолтой нь бага зулзага нэг өдөр хавтсыг нь хараад л учиргүй өөрийн хэлээр уншаад, гараа өргөн дээшээ хар аад чанга чанга яриад л сонин үйлдэл гаргаад... Бид урд насандаа хуврага байсан юм уу гэж өхөөрдөв. Ккк. Мөн дотор нь ариг цагаан ингэний уяатай ботго гэж гардаг юм.

Тэгээд л аан ботго гарсан тул мэдээд тэгж чанга чанга дуугараад уншаад байгаа мэт үйлдэл гаргасан юм болов уу гэж бодов шд. Хэ хэ.

Заавал энэ номтой холбох гээд, өнөөх л ботготой холбох гээд байна уу үгүй юу энэ ээж.

Гэснээс найзын хүүхэд тэр ботгоны дууг сонсоод яагаа ч үгүй гэсэн. Тэгсэн бага минь одоо ч тэр дууг тавихаар өмөлзөж уйлаад байгаа шд. Сонин...

За номын хорхойтнууддаа амжилт хүсье өө...

0 件のコメント:

コメントを投稿