2020年3月13日金曜日

9 жил

Айхтар газар хөдлөлт, цүнамигаас хойш 9 жил өнгөрчээ. Цаг хугацаа гэж үнэн хурдан юм аа.

Энэ 9 жилийн хугацаанд ам бүл нэмсэн байна. Гэснээс би арван хэдэн жил зарж байж гурван хөөрхөн зулзагатай болжээ. Ажил ажил гэж гүйсээр байгаад. Дээрээс нь туслаад өгөх эмээ өвөөгөөс нь хол болохоор.

Маамаалах юмсан гэж бодоод гүйж явтал нэг л мэдэхэд овоо хэдэн жилийг ардаа үдчихсэн байх жишээний.

Сонин хэвлэлээр 9 жилийн өмнөх хүмүүсийн байр байдал, амссан уй гашуу, зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаа тухай гарч байна.

Энэ тухай өмнөх блогтоо ч бас бичиж байсан билээ.

Хүмүүсийн хичээж буй, зүтгэж буй тухай уншаад эрч хүч аваад, байгаадаа баярлах талархах сэтгэл төрдөг юм.

9 жилийн өмнө дунд зулзага гэдсэндээ. Өнөө маргаашгүй төрөх дөхсөн, эх орноос минь хайртай хүмүүс минь залгаад л, ирэхгүй юм уу? цацраг идэвхит бодис энэ тэрээс хол уу? гээд л утасдаастай.

Дараа нь сонсоод байхад нисэх онгоцны буудалд маш эвгүй авир гаргаж байсан хүмүүсийн нэг нь монгол хүмүүс, нөгөөх нь хятад хүмүүс байсан гэсэн шүү.

Уг нь бид чинь уужуу, тайван ард түмэн гэгддэг биз дээ? Аливаа зүйлд жаахан хүлээцтэй хандаж сурмаар л  байгаа юм, тийм ээ?

Ээжийгээ, аавыгаа, ахыгаа, эгчийгээ, дүүгээ, хүүгээ, охиноо, эмээгээ, өвөөгөө, найзыгаа алдсан хүмүүс. Сэтгэлийн шаналал нь 3 сарын 11 дөхөхөөр л сонин болоод ирнэ. Аварч чадаагүй дээ, дэргэд нь байгаагүйдээ өөрсдийгөө буруутгах тохиолдол их гэнэ.

Яг голомт дээр байсан монгол залуугийн тэмдэглэл нүүр номоор их явсан. Олж уншаарай.

Тэртээх 9 жилийн өмнө юу болсон тухай манайд бас их яригддаг. Учир нь хэдхэн өдрийн дараа нь дунд зулзага минь төрсөн учраас. Зулзагыг минь төрдөг жил ийм байгалийн гамшиг болсон, их олон хүмүүс үрэгдсэн, одоо ч олдоогүй тэдэн тооны хүн байгаа гээд л ярьж өгдөг.

Том болохоороо өөрөө олж унших, сонсох гэх мэтээр мэдээлэл олж авдаг болох биз.

Дунд зулзага төрсөн өдрөөрөө юу авах вэ? Ямар бялуу авах вэ? гэдгээ л ярьсан хүн байна. Хэ хэ. Бялууны зураг оруулна аа...

Ямар ч байгалийн гамшиг, муухай вирус зэргийг сэтгэлийн хатуужилтай, эмх цэгцтэй, сахилга баттай даван туулах юм шүү бүгдээрээ.

Бүгдэд нь амжилт шүү...

0 件のコメント:

コメントを投稿