2020年3月11日水曜日

Давхар баяр

Өчигдөр давхар баяр тохиосон.

Тухайн өдөр эхнээс нь амжуулаад явсан дарааллаар бичлээ шүү.

Үдээс өмнө гурван гаран жил япон хэл заасан шавь минь дунд сургуулиа төгсөж байна. Төгсөлтийн арга хэмжээ болов. Очиж зураг хөрөг дарж өгөв.

Энэ жилийнх нэг, хоёр дугаар ангийн сурагчид байхгүй, зөвхөн төгсөгч сурагч, тэдгээрийн эцэг эх, багш гэсэн бүрэлдэхүүнтэй.

Угтаа бол нэг, хоёр дугаар ангийн сурагчид хамтдаа төрийн дууллаа, сургуулийнхаа сүлд дуу зэргээ хамтдаа дуулдаг юм.
Элсэлт болон төгсөлтийн үед сургуулийнхаа үүдэнд төрийн далбаагаа өлгөдөг юм билээ.

Том зулзагын төгсөлтйн үед бичиж байсан ч байж магад. Энэ шинэ блогтоо бас хэлчихлээ...
Самбар дээр "баяр хүргэе, баярлалаа" гэх мэт үг бичиж, зурагтаа сайн ганц нэг нь зураг зурдаг юм билээ.

Ангийн чимэглэлийг гарын дор материалаар маш цомхон хийнэ.

Энэ арга хэмжээний хамгийн их гайхлыг төрүүлдэг зүйлийн нэг нь эцэг эх болон багш нарын хувцаслалт. Сурагчид бол дүрэмт хувцсаа өмсөнө. Харин эцэг эхчүүд хар бараан өнгийн хувцас өмсөнө. Энгэртээ цагаан, ягаан гэсэн цайвар өнгийн цэцгэн зүүлт хатгана.

Багш нарын хувьд тас хар өнгийн хувцас. Энгэртээ ягаан өнгийн цэцэг хатгасан байсан. Сурагчид мөн адил ийм цэцэг хатгана.

Зааландаа эхлээд нийтийн арга хэмжээ нь явагдана. Захирал багш үг хэлнэ. Сурагчдын төлөөлөл үг хэлнэ. Сурагчдын төлөөлөл ганц нэг нь тайзан дээр гарч гэрчилгээгээ авна. Мөн дээр хэлсэн дуунуудаа дуулна.

Заалны арга хэмжээ дуусаад анги ангидаа очно. Анги даасан багш нь хүүхэд нэг бүрчлэн дуудаж гэрчилгээг нь гардуулна. Сурагчид товчхон үг хэлнэ.

Тарах үед нийтээрээ зургаа татуулна. Мөн хэсэг хэсгээрээ, фракц фракцаараа зургаа авахуулна.

Шавь минь сүмогоор хичээллэх гэж ирсэн гэж мэдэж байгаа тийм ээ? Хараад байхад сүмо хүүхдүүд томчуудын дунд, тэр дундаа эмэгтэй хүмүүсийн дунд нэлээд од юм билээ.

Ирээдүйд аварга болоорой гэж ирээд л хүмүүс шаваад хамтдаа зураг авахуулах гээд байдаг юм билээ.

Энэ нь надад жаахан таалагдаагүй. Хүүхдийг эвдэх шинжтэй... Тэгээд л энэ сүмогийнхон биеэ тоосон байдаг байх.

Сүмог зорьж ирсэн хүүхэд залуустай хэдэн жил ойр байж, тэд нарын ярианаас энэ сүмо чинь та нарын төсөөлж байгаа шиг цэв цэвэрхэн ертөнц биш шүү. Нэлээд бохир...

За за манай үндэсний бөх ч гэсэн бохир л...

Энэ талаар бичвэл нэг биш нэлээд хуудас болох байх.

Шавийгаа төгсөж буй баяртай бичлэгтээ муулсан, шүүмжилсэн зүйл бичигхгүй ээ. Бараг биччихээд үү? Ккк

Ахлах сургуульд нь амжилт хүсье ээ.

0 件のコメント:

コメントを投稿