2020年3月19日木曜日

Хөлд

Бага зулзага хөлд ороогүй л байна.

Эгч нар нь ч нэлээд оройхон буюу ой гурван сар гарантайдаа хөлд орж байсан. Эрэгтэй хүүхэд хөлд хурдан ордог, хэлд удаан ордог гэж зөндөө л сонссон.

Гэхдээ миний зулзагуудын онцлог нь эр ч эм ч бай адил хөлд удаан ордог юм байна гэж мэдэж авав. Хэ хэ.

Харин хэлд хурдан орж магад байна шүү. Эгч нар нь ч хэлд хурдан орсон.

Юм түшээд харин маш сайн явж байна. Түшиж буй зүйлээсээ гараа хөндийрүүлээд ганц хоёр секунд зогсоод байгаа.

Энд тэнд төмпөн шанага газар байж харагдвал дотор нь орж суугаад байгаа. Машин авч өгдөг юм билүү? гэж бодож байгаа.

Нээх хөөрхөн, баахаараа нэг газар очиж зогсоод учиргүй дүлж ирээд л баадаг болсон. Жаахан хүүхдийн бааж шээх нь хүртэл хайр хүрэм тэ. Хэ хэ.

Дулаараад гадаа гарах минь ихсэх талдаа. Гулсуур, савлуур, дүүжин даажин тоглоод, дахин тогломоор байна гэж уурлаад байдаг болсон. Тэргэндээ буцаж суухгүй гэж уурлана.

Одоогоор 10-д кг орчим жинтэй тул байнга тэврээд байвал нуруу өвдөх гээд... Гэснээс миний зулзагууд жин бага байгаад байдаг. Ялангуяа нялх нарайдаа. Эмч бол хэвийн гэсэн.

Монгол дахь бондгор хүүхдүүдийг харахаар дэндүү туранхай байгаад байх шиг санагдаад. Хөхний сүү минь муу байна гэж ирээд эхэндээ санаа зовдог байлаа. Одоо бол тоохоо больсон. Харин ч жин нь хэвийн, хөдөлж барихад садаа болохгүй байна тэр мариа нь. Мөн арьс нь нурж, хорсохгүй гээд давуу тал ихтэй.

Хамгийн гол зүйл нь хүний бага буюу 0-3 настай байхдаа ямар хэвийн жинтэй байсан нь нас биед хүрэх үеийн жинд нөлөөлдөг гэсэн судалгааг уншиж байсан. Сэтгэл санаа амарсан. Ашгүй, ээж шигээ хөвсгөрөөсөө яаж салах вэ? гэж толгойгоо гашилгахгүй. Хэ хэ. 

Гарчгаасаа халиад л явж байна. Бага зулзага минь паацаганаад л хөлөө энд тэнд зөөгөөд л гараас минь хөтлөөд л алхаж байна. Алхаад яваад ирэхээрээ гэр минь улам л хөглөрөх байх даа? Хэ хэ.

Заримдаа ч гэрээ харахаар шалаар нэг тоглоом, ном хөглөрөөд л. Үртэй хүний жаргал юм даа тийм ээ?

Хааяа Б.Лхагвасүрэн гуайн "Хоёулханаа" шүлгийг уншаад, хөглөрч байгаатайгаа эвлэрээд сууна дөө...

Насны сүүлчээр хоёулханаа
Нар бараадаж бөртийгөөд л...
Ярих хэлэх юм ч олдохгүй
Ялаа үргээж, бурханаа арчаад л
Хоёулханаа...

Бөөн л байвал, жаргадаг сэтгэл
Хүүхэд болгоноо санаж бэтгэрээд
Бүтэн л байвал, ханадаг санаа
Хөл дүрэх зайгүй л байвал баярлаад л
Хоёулханаа...
Дэвэн дэвсээр л холд "ниссэн" хүүхдүүдээ
Духны атираагаараа "давалгаалж" нуур шиг хүлээгээд л
Дэвжиж, дэгдэж болж л яваа хүүхдүүдээ
Дэргэдээ өтлүүлмээр ханьсаж буруу зөнөөд л
Хоёулханаа...
Жамын сүүдэрт хоёулханаа
Жаахан юманд баярлаж, гомдоод л...
Жаазтай зурган дундаас
Залуу насаа харж гэрэвшээд л
Хоёулханаа...

0 件のコメント:

コメントを投稿