2020年3月6日金曜日

Ашгүй

Сүүлийн үед мэдлэг мэдээллээ хуваалцаад, олонд таниулах гэж, бусдыгаа зөв зүйлд уриалан дуудахыг зорьдог залуус их болжээ.

Авууштай. Ашгүй дээ л гэж бодоод байгаа шүү дээ.

"Хөдөөний айл" влогийн "Чихэр бол чимээгүй үхэл" гэсэн дугаарыг үзлээ. Үнэхээр зөв шүү.

Чихрийн хэрэглээ асар их байгаа нь үнэн үнэн. Хатуу, зөөлөн чихрээс гадна өөр зөндөө л зүйл байна.

Жишээ нь цагаан будаа, гурилан бүтээгдэхүүн. Архи дарс гээд л бүгд сахар агуулсан байдаг.

Тэртэй тэргүй дээрх зүйлсийг хоол хүнсэндээ хэрэглэж сахарыг авч байдаг болохоор нэмэлт элсэн чихэр, чихэр гэх мэт зүйлийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээдэг.

Өөрийн зүгээс хэрэгжүүлдэг зүйлсээсээ хуваалцвал.

  • Монгол явахдаа, монгол руу илгээмж явуулахдаа, энд ирээд буцаж байгаа найз нөхөддөө бэлэг өгөхдөө чихэр огт өгдөггүй. Яахав сонин болгож ганц нэг бохь авч явдаг, өгдөг. Ганц нэг хамаатан, найзууд минь гайхаж байсан байж магад, тухайн үедээ. Одоо харин ойлгож байгаа байх тийм ээ? Өө үүнийг л биднийг ойлгоосой гэж хүссэн юм байна шүү дээ гэж...
  •  Гэртээ тавгийн идээ гэж чихэр худалдаж авч тавьдаггүй. Ганц нэг жигнэмэгийг бол авч тавина. 
  • Цагаан сарын цагаалга болох бэрээсэндээ сахар хийдэггүй. Үзэмнийхээ чихэрлэг амтаар нь болгочихдог. 
  • Ундаа худалдаж авдаггүй. Хааяа нэг л худалдаж авна. Тэгсэн уух хүн ер нь гарахгүй дээ. Гэртээ өөрсдөө хийсэн ундаагаараа зочдоо дайлдаг. Ийш тийшээ гадуур гарахдаа зулзагуудаа усныхаа саванд ус эсвэл цайгаа хийж авч яв гэж хэлдэг. Зулзагууд минь ч маш сайн хэрэгжүүлнэ.
  • Чацаргана буцалгаад уухдаа элсэн чихэр хэрэглэдэггүй. Бага шиг зөгийн бал хийвэл хийнэ. Барагтаа л хийхгүй дээ.
  • Хоолны үеэр, нэг бол гадуур хооллохдоо ундааны төрлийн зүйл захьдаггүй. Хааяа хүмүүс авч өгөөд байдаг. Том зулзага бол өө хэрэггүй уухгүй гэдэг. Дунд зулзага харин уучих санаатай ээж рүүгээ бөлтийж хараад зөвшөөрөл эрсэн нүд гаргана. Хэ хэ. Хааяа зөвшөөрнө, хааяа хатуу ээж хэвээр үлдэнэ. 
  • Монголоос чихэргүй ааруул л захина. Эмээ өвөө хоёр нь бол сайн мэднэ. Чихэргүй ааруул л өгч явуулна. Мэддэгүй ганц  нэг хүмүүс чихэртэй ааруул өгч явуулна. Түүнийг нь идэж дуусгах гэж бас л юм болно шүү дээ. Охид бол идэхгүй... Цагаан идээ болохоор нь хаях хэцүү. 
  • Байхуу цайндаа болон кофендоо ёотон, элсэн чихэр хийдэггүй.
Нэг сул тал бий. Тэр нь шоколатанд дуртай. Хэдэн жилийн өмнөөс сахарны найрлагагүй, какаоны хэмжээ нь аль болох их, цэврийг нь сонгож идэх зорилттой. Охид болохоор гашуун гээд байдаг юм.

Угтаа энэ сул талаа засах гэж их хичээж байгаа. Үр дүнгүй гэж хэлэхгүй ч огт гарч чадаагүй л байна. Гэхдээ хичээж буй гэдэг минь нэгээхэн том амжилт гэж өөдрөгөөр бодож байгаа.

Гэх мэтчилэн хичээцгээе ээ, бүгдээрээ. Амжилт шүү...

0 件のコメント:

コメントを投稿