Гэснээс далайн хар шуурга холуур өнгөрсөн. Гэхдээ тэр холуур болсон газраа бас л айхтар зүйл болсон байна лээ. Харамсмаар, сэтгэл өвдмөөр.
Бүтэн сайны оройноос эхлээд салхилж эхэлсэн. Нэг дэхэд өдөр хавьцаа яг дайрч өнгөрнө гээд галт тэрэг зарим нэг цагаа зогсоосон. Түүнийг нь дагаад ахлах сургууль даваа гарагт амарсан.
Холоос ирдэг хүүхдүүд ирж, харьж чадахгүй тул. Тэр олон хүүхдийн эцэг эх нь хүргэж өгнө гэвэл ажил төрөл нь хэцүүднэ.
Бага дунд сургууль амрах эсэх нь нэгдэхийнхээ өглөө 6:30-д мэссэж ирсэн. Хичээллэнэ гэсэн. Дунд зулзага маш дурамжхан боссон. Амарчихгүй дээ, сургууль сөнөөсөй бла бла.
Худлаа худлаа, арай ч сургууль сөнөөсэй гэж хэлээгүй. Хэ хэ.
Бага зулзага бол шууд л албандаа. Эдний асран хүмүүжүүлэх цэцэрлэг нь барагтай бол амрахгүй. Амарчихвал тэр олон хүүхдийн ээж аавуудын ажил будаа болно шүү дээ.
Миний суугаа муж харьцангуй байгалийн гамшиг багатай. Хар шуурга, газар хөдлөлт... Түй түй түй.
Баруун хэсэгт нь нэгэн сайхан хайрхан уул бий. Нэр нь Дайсэн. Баруун талаас нь харахад Фүжи уул шиг харагддаг. Аялал жуулчид ч баруун бүсийн Фүжи уулыг харах гэж их ирдэг.
Бид бас монголоос эмэгтэй зочид байвал дагуулж очдог. Тэр уулын ойрхон цэцгийн хүрээлэн байдаг юм. Түүнийгээ үзүүлэх гэж явангаа далимд нь уулаа холоос ч болтугай хараад сүсэглэдэг.
Мужийн иргэд ч уулаа хайрлан хүндэлдэг. Тэглээ гээд овоо босгоод хогны цэг болгодоггүй. Модонд нь хадаг уядаггүй. Аялсан бол хогоо уутлаад аваад харьцгаадаг.
Хайрхандаа сайхан залбираад, сүсэглээд, зорьж очихдоо хог хаялгүй явж байхад биднийг элдэв аюулаас хамгаалах байх аа.
Та нар минь ч бас уул усаа хайрлаж байна гээд хордуулаад байв даа. Хадаг энэ тэр уяад, овоонд архины шил, суга таяг, өөр юу юу харагдлаа даа? Тэдгээрийгээ авч харьцгаагаарай...
Бүгдэд нь амжилт.
0 件のコメント:
コメントを投稿