Сүүлийн хэдэн сар энд олны танил хүмүүс амиа хорлох нь нэмэгдээд байна аа.
Түүний дотор миний дуртай гурван ч жүжигчин байлаа. Нэг эрэгтэй нь 30 настайдаа, нэг эмэгтэй нь 36, нөгөөх нь 40 настайдаа хорвоог өөрийн хүслээр орхичих юм.
Болдог бол амиа хорлохоос нь өмнө гүйж очоод, зарим нэг хүмүүс цаана чинь ганц өдөр ч болов амьд явах гээд тэмцэж байхад, та нарын байж байгаа царайг ээ гээд тас хийтэл нэг сайн алгадаад өгмөөр...
Гаднаас нь харахад сайхан залуу, сайхан хүүхнүүд. Дотроо их л хэцүү байдаг бололтой. Дэргэд нь байгаагүй болохоор хэлж мэдэгхгүй юм даа.
Их гоё залуу, сайхан хүүхнүүд, би тоглосон кинонд нь дуртай, ганц нэг киног нь нөхөж үзнэ ээ. Өмнөөс нь харамсаад байх юм. Нэг нь бүр 9 сартай жаахан үрээ орхиод явчих юм. Яасан юм бол доо?...
Япон улс ч тэгээд амиа хорлолтын тоогоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг ч юм байгаа юм. Ер нь жаахан стресс ихтэй нийгэм санагддаг. Хөндлөнгөөс харахад бүх зүйл нь бэлэн, өндөр хөгжилтэй, цэвэр цэмцгэр сайхан орон.
Яг нийгэмд нь ороод ажиллахаар асар дарамттай санагддаг. Ямар сайндаа нэг хүн соёлтой шоронд л байх шив дээ гэж байхав.
Хүмүүсийн харах өнцөг өөр өөр юм даа л гэж бодож байсан. Мэдээж анх ирэхэд бүх зүйл нь болохгүй, ийм учраас, тийм учраас гээд их тайлбар тавьдаг байсан урдаас. Дасаад ирэхээр тогтолцооны хувьд барьцтай зүйл ихтэй санагддаг.
Эсрэгээрээ манай монголд олон зүйл болж бүтэхгүй байгаа хэрнээ иргэд маань асар жаргалтай улс байдаг тийм ээ. Бухимдаад, ядраад ирэхээрээ уул ус руугаа явихдаг нь аврал болдог тийм ээ.
Эндхийн бас нэг философи нь бусдад төвөг удахгүй гэдэг ухамсар. Тэр ухамсар нь дийлээд л амиа хорлочихдог байх. Сэтгэл санааны хувьд хат муутай гэж хэлэх ч хүн гарах байх.
Их л олон хүчин зүйлс байх шиг байна өө. Бага, дунд, ахлах сургуулийн сурагчид ч бас амиа хорлоно. Зуны амралт дуусаад намар хичээл эхлэх үед тэр чигтээ сургуульдаа явалгүй завсардах нь их байдаг гэсэн.
Өөрөө ээж болоод, дээрээс нь цаг үеийн хувьд эдээр дутаагүй ч, сэтгэл санааны ямар нэгэн саад бэрхшээл, дарамт ихтэй үе, нийгэмд амьдарч байгаа болохоор үе үе бас их санаа зовно оо.
Иймэрхүү мэдээ гарах тоолонд аль болох зулзагуудаа сонсдог ээж байх, хүчилдэггүй ээж байхыг эрмэлзэх юм шүү гэж бодно. Санаа байвч сачий нь хүрэхгүй нэг л мэдэхэд үглээд явах үе ч бий бий.
Хэцүү санагдсан үедээ ээждээ уйлаад ч болтугай хэлж байгаарай, уурлаад ч болтугай хэлж байгаарай, ээж нь сонсоно шүү, бас хэсэг тухайн хэцүү санагдсан зүйлээ хаяад, өөр зүйл оролдоорой гэж хэлдэг.
Хойшид хүмүүс амиа хорлох нь багасаасай гэж л хүсэх байна дөө.
Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿