2020年10月6日火曜日

Ижимэ? 2

 Сагсны дугуйлан дээрх асуудал ямар шаттай явагдаж байгааг бичих гээд л.

Дасгалжуулагч нь утсаар биднээс асуусан. 

-Ангийх нь багштай уулзаж ярилцах санаатай, та хэдээс зөвшөөрөл авах гээд.

-Өө тэг тэг, харин зулзагын минь нэрийг тэр тэгж хэлсэн гэж уг хүүхдэд хэлэхгүй байхыг хүсье.

-За. Хэд хэдэн хүүхэд байгаа тул, тэгж нэр усыг нь онцолж хэлэхгүй, санаа зоволтгүй.

Яагаад ингэж санаа зовж байна вэ гэвэл, ээж аавдаа, багшид ховлосон гээд ижимэ нь эсрэгээрээ гаардаг гэж сонсож байсан тул. Тийм болохоор л хүүхдүүд зөвлөлдөж чадахгүй явсаар эцсийн шатандаа амиа хорлох тохиолдол гардаг байх.

Дугуйлантай өдөр нь жаахан эрт очсон чинь дасгалжуулагч нь явцаа, хойшид авах арга хэмжээгээ тайлбарласан. 

Багштай нь ярьсан. Ангидаа бас тийм дээрэнгүй зантай. Үг хэл нь нэлээд бүдүүлэг. Уг сурагчид анхааруулга өгсөн. Одоогоор ээж аавд нь хэлээгүй байгаа гэж багш нь хэлсэн гэнэ. 

Дасгалжуулагч болохоор ээжтэй нь утсаар ярьж ерөнхий байдлыг хэлэхэд, ээж нь: гэртээ ч бас нэлээд ааш муутай, бүдүүлэг үг хэллэг их хэрэглэдэг, нэлээд хэцүү зантай хүүхэд гэсэн гэнэ. 

Тэгээд та хэд ч бас хэлээд загнаад явж болно оо гэж зөвшөөрөл өгсөн гэнэ. Одооноос тухайн хүүхдийг засаж залруулах, хүмүүжүүлэх ажилд нийт багаараа л үзэж тарах бололтой.

"Чиний хэлдэг бүдүүлэг үг хэллэг, биеэ авч явж буй байр байдалд чинь гомддог эмзэглэдэг хүмүүс байдаг юм, алдаагаа засахыг хичээж, үнэхээр сагсанд дуртай бол баг хамт олноороо хичээе" гэж хэлэх юм гэсэн.

За тэгээд бүр засрахгүй бол хэсэг хугацаанд амрааж нэг үзнэ. Эцсийн арга хэмжээ нь хөөх гэсэн. 

Гэхдээ хөөх дээрээ тултал мэдээж цаг шаардана, бас нэг хүүхдийн ирээдүй учраас шууд хаячихаж болдоггүй бололтой. Бас л сүрхий улс юм. 

Одоогоор уг охин сүүлийн хоёр өдөр дугуйландаа ирээгүй. Хувийн ажил гарсан тул гэж бичсэн байсан. Өнөөдөр бэлтгэлтэй, ирэх эсэхийг мэдэхгүй л байна. Гэхдээ өнөөдөр зулзага минь өөрөө амарна. Учир нь шүдээ үзүүлж эм түрхүүлнэ. Өдөр судар нь таарахгүй, давхцаад.

Жаахан хувийн мэдээллийг нь цацахад, олуулаа амьдардаг гэнэ. Ах эгчтэйгээ хэрэлдээд, тэднийхээ хэлж буй үг ярианаас суралцчихдаг байх даа? Мөн ээж нь хүүхэд бүртээ цаг гаргаж чаддаггүй байх гэж хэрэгт дуртай ээж нарыг ярианаас олж сонссон. 

Ар гэрийнх нь байдлыг сонсоод өнөөх охиныг учиргүй өрөвдөж энэ тэр. Хэ хэ. Нээрээ л хүүхэд эмзэг юм болохоор хаа нэг газар өөрийгөө илэрхийлмээр болдог. Түүнийгээ гэртээ биш дугуйландаа гаргаад байдаг юм боловуу ч гэж бодогдох...

Хэсэг хугацааны дараа үргэлжлэлийг бичнэ ээ. Түр баяртай. Амжилт...

0 件のコメント:

コメントを投稿