2020年10月14日水曜日

Үзлэг

Хотын эрүүл мэндийн газраас хийдэг 1 ой 6 сартай маамаа нарын үзлэгтээ хамрагдаад. 

Энэ үзлэгээр биеийн ерөнхий хөгжлөөс гадна шүдийг анхаарч үздэг. Бага зулзага бид хоёр яахав дээд 4 үүдэн шүд хорхойтой. Шүдний эмчид үзүүлж хяналтад байгаа гэж үнэнээ л хэллээ. 

Үдээс өмнө албандаа явцгаагаад, үдээс хойш нь би амарч, зулзагаа албанаас нь авсан. Очиход унтаж байсан. Сэрээгээд тэврээд гарлаа. 

Үзлэг болж буй газраа очиж бүртгүүлнэ. Дугаар өгнө. Дугаарын дарааллаар үзүүлнэ.

Эх хүүхдийн дэвтэр, ванны алчуур, хэд хэдэн бөглөх хуудас, сойз зэргээ авч очно. Мэдээж солих живх, баасан байвал онжиго энэ тэрээ арчих нойтон цаас, юмыг яаж мэдэхэв гээд нэг ээлжийн солих хувцас гээд л ачаатай тэмээ шиг л явна. 

Жингээ, өндрөө, цээжний тойрог, толгойн тойрог зэргийг хэмжсэн. Цаана тусгай өрөөнд хүүхдийн эмчид бас үзүүлсэн. Цээжийг нь чагнаад, хоолойг нь үзсэн. Хэвтүүлж байгаад хөлийг нь алцайлгаж үзсэн. 

Бага зулзагаа төрөөд шинээр мэдэж авсан нэг зүйл гэвэл. Эмч нар эрэгтэй хүүхдийн төмсгийг нь бас үздэг юм билээ. Базаж үзээд байсан. Базаад юуг нь мэддэг юм бүү мэд. Мэргэжлийн хүн л мэддэг байх даа тиймээ? Би бол айгаад чадахгүй, аавд хэлсэн чинь бяцлаад хаячих гэж байна шүү дээ гээд бараг уурлаж байсан. Ха ха. Эд чинь түүндээ их эмзэг ханддаг юм байна шүү дээ. Шинэ нээлт. Ккк

Зүгээр хэвийн гэсэн. Гол зүйлээ хэлэхээ мартах гэж байна.

Мөн гэдсэн дээр нь дарж үзсэн. Бодвол одоод гэдэс л байх тийм үү?

За тэгээд дараагаар нь шүдний эмчид үзүүлсэн. Өнөөх нь чарлаад сүйд. Хүүхдийн эмчдээ үзүүлэхдээ ч уйлсан л даа. Нээрээ тэр эмч нь байнга үзүүлдэг эмч маань байсан. 

Хэд хэдэн эмч урьж оролцуулдаг. Заавал үзүүлдэг эмч нь ирсэн бана гэж байхгүй, тухайн өдөр боломжтой гэсэн эмч нар л ирдэг шиг байна лээ. 

Шүдээ сайн угаагаарай л гэсэн. Эрүүл мэндийн ажилтан шүдийг нь угааж, фтор түрхэж өгсөн. Шүдний сойз бэлэглэсэн. 

Мөн эрүүл мэндийн ажилтан ээжтэй нь ярилцдаг. Хүүхэд өсгөх тал дээр бэрхшээл байна уу? Хүүхэд өсгөхөд ямар байна? Хөгжилтэй байна уу? Энэ тэр гээд. Наана нь бэлдсэн асуулт хариултыг харангаа. Дахин лавлахаар зүйлийг лавшруулж асууна.  

Бүх үзлэг, асуулт хариулт дуусаад харихад гурван ширхэг памперс живх өгсөн. Надад гэхдээ нэг их таалагддаггүй болохоор худалдаж авдаггүй.

Ерөнхийдөө дажгүй, шүдээ л сайн угаагаарай, цэцэрлэгтээ ногоо идчихдэг бол гэртээ нэг их хүчлээд хэрэггүй дээ. Тааваараа идэж болно. Харин иддэггүй юм чинь гээд огт ногоогүй хоол хийж болохгүй, идэхгүй байсан ч ногоо хийж байгаарай гэж зөвлөсөн.

Үүнийг сонсоод бага зэрэг тайвширсан. Түүнээс ногоо идэж өгөхгүй байна гээд заримдаа бухимдах гээд байдаг талтай тийм ээ? 

За ёстой урт бичлэг болчихлоо. Зураг оруулах гэсэн залхуу хүрчихлээ. Чадвал дараагийн бичлэгт сойзны зураг оруулна аа. 

Бүгдэд нь амжилт хүсье...

0 件のコメント:

コメントを投稿