Өө эдний нэг гоё тогтолцооны талаар бичсэн дээ. Өмнөх блогтоо бичиж байсан л даа. Гэхдээ яахав. Өнөөдөр авсан бэлэгнийхээ зургийг оруулах санаатай.
Бага зулзага ой 6 сар хүрсэн. Хотын эрүүл мэндийн газраас зохион байгуулдаг нийтийн үзлэгтээ хамрагдсан. Гэрийн хаягаар бичиг ирнэ. Тэдэн сарын тэдэнд, тэдэн цагаас, тэр газар болно гэж.
Дугтуйнд тусгай дугаар бүхий бичиг байна. Овог нэр, төрсөн сар өдөр бичээстэй. Мөн 2 янзын анкет байна. Нэг нь хүүхдийн эрүүл мэндийн тухай. нөгөөх нь ээжээс асуух зүйл бичээстэй.
Мөн заавар бичиг, энэ нь болох газрын хаяг, тухайн өдөр авч ирэх зүйлсийн жагсаалт, мөн дээр дурдсан он сар өдөр гэх мэт бичээстэй.
Коронагаас сэргийлж бүртгэх цаг, цуглах хүмүүсийн тоо гэх мэтийг хязгаарласан байсан.
Өглөө нь бид албандаа явцгаасан. Үдээс хойш ажлаасаа чөлөө аваад, зулзагаа өдрийн унтлагын цагаар нь очиж аваад, үзлэг болох газар луу давхисан. Цаг нь яг сайхан таарч очсон. Унтаж байсан зулзага минь багш нь тэврээд надад өгөх зуур л сэрчихсэн. Жаахан аашилсан.
Дээрх зүйлсийг бичээгүй орхисон байсан. Оршил болгоод дэлгэрүүлж бичлээ шүү. За тэгээд СБА шүү дээ, таминь ээ.
Ийм сойз бэлэглэсэн. Үзүүлэхээр ирсэн бүх маамаа нарт. Ягаан өнгөтэйг нь охид, ийм цагаан цэнхэрийг нь хөвгүүд голцуу авдаг. Өөрсдөөр нь сонгуулсан л даа. Бид мэдээж ийм өнгөө л авлаа.Богино иштэй нь хүүхэд өөрөө эхэлж угаах сойз. Тэр бөөрөнхий зүйлийг сойзонд нь углаж өгнө. Хоолой руугаа гудрахаас сэргийлж буй нь тэр.
Урт нарийхан иштэйг нь болохоор ээж аав нь хүүхдээ шүдээ угаасны дараагаар дахин угааж өгөх зориулалттай.
Одоогоор зулзага минь сайн үрж энэ тэр угааж мэдэхгүй сойзоо амандаа зуучихаад байдаг. Би өөрөө хөлөө жийж суугаад зулзагаа хөлийнхөө завсар дээш нь харуулж хэвтүүлээд, хоёр гарыг нь гуяан доороо оруулж байгаад л угаана шүү дээ.
Дуртай биш, уйлдаг. Гэхдээ хааяа тоглоод сойзоо хазаад байдаг. Амаа ангайхгүй жимийж сахилгагүйтна. Надад бол бараг уйлж байсан нь амар. Ам нь ангайгаад, угаахад дөхөмтэй.
Бас уйлаад, хоёр хөлөө дээш өргөж нүүрэн дээрээ авчирна гэх мэтээр шүд угаах ажил чинь оройн нэг том ажил шүү дээ. Аан тийм, угаахаасаа өмнө шүдний чигчлүүр утсаар шүд завсарыг бас цэвэрлэнэ. Эмч тэгж зөвлөсөн. Заримдаа мах энэ тэр орчихсон байдаг.
Ээж нь шөнөжин мөөмөө үлгүүлж унтуулж байгаад дээд 4 үүдэн шүдийг нь хорхойтуулсан буруутан тул, шүд угаах ажил ээжийн үүрэгт ажил. Хэ хэ. Одоо гэртээ аль болох амттан өгөхгүй, ундааг бол бүр хавьтуулахгүй.
Ууж үзээгүй болохоор нэхэж мэддэггүй амар. Харин эгч нарынхаа уудаг якулт гээд сүүн бүтээгдэхүүнийг олоод харчихвал нэхээд байдаг. Тэр нь их нялуун, ядаж байхад. Араас нь ус айн уулгаад, унтахын өмнө шүдээ сайн угаах гэх мэтээр л арга хэмжээ авна даа.
Гэснээс би монголд, за энд ч гэсэн дээ жаахан маамаа нарт ийм сойз бэлэглэх дуртай. Зарим нэг хүмүүс бол их дуртай, баярладаг. Зарим нэг нь дуртай, дургуй нь мэдэгдэхгүй, таг л байдаг. Хо хо.
Шүд тойрсон асуудал, бичлэг нэг иймэрхүү. Ээжүүд, аавууд минь хичээгээрэй. Бүгдэд нь амжилт хүсье ээ...
0 件のコメント:
コメントを投稿