2020年11月20日金曜日

Өвлийн гоёо

Гарчиг уншаад та нар гого хувцас ч юм уу авч гэж бодсон уу? Үгүй шүү дээ. Энэ жил хувцас авахгүй. Ойрын хугацаанд аваагүй, авахгүй. Энэ нь цаад утгаараа байгальд ч ээлтэй, шууд утгаараа ч хэмнэлт болно. 

Дунд зулзага шинэ жил болох гэж буй тул оригами цаасаар элдэв чимэглэл хийж гэрийнхээ энд тэнд наагаад. Ээж тэрийг нь араас нь элдэж очоод, зураг дарах үүрэгтэй. Зургаа эмээдээ явуулна. 

Ютүбээс харж хийсэн Санта өвөө, цасан өвөө. Их хөөрхөн байгаа биз? Нэг ингээд нугалаад суухаараа их төвлөрч харагддаг. Нэг зүйлд төвлөрч чаддаг байх нь их сайн талтай гэж нэг мундаг хүн хэлж билээ.

Бэлэгний оймснууд. Үүнийг нугалахад ээж гар бие оролцсон. Амархан юм билээ. 

-Ийм хөөрхөн жижигхэн оймсонд бэлэг нь багтах болов уу?

-Энэ бол зүгээр л чимэглэл, бэлэг хийх уут тусдаа шүү дээ, ижий минь...

Ингээд дарах өнцгөө өөрчлөхөөр зүрх шиг харагдаж байна уу? Одоогоор хаана яаж тогтоохоо мэдэхгүй л байх шиг. Дараа хэрхэн яаж тогтоож чимэглэсэн зураг оруулна аа. 

Нэг иймэрхүү Санта өвөөг угтах бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оров. Конкурсны хүүхэд бол нүдэн балай, чихэн дүлий л байна энэ талаар. Ирвэл чиг ирэг, ирэхгүй бол ирэхгүй л байна гэсэн хандлагатай. 

Бага зулзага одоогоор юу ч мэдэхгүй, бага багаар цагаан цаас нь солонгороод л явж байна.

Та бүхний гэрт ч Санта өвөө ирэх болтугай. Түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿