2021年1月20日水曜日

Баахан цаас

Конкурсны зулзага нэг дэх давааныхаа дараагаар баахан цаас гаргаж ирээд тавьчихсан. Хэрэггүй болсон гэсэн. 

Шалгатанд бэлдсэн бодлого, асуулт, хариулт гээд баахан бичгийн цаас. Дээрээс нь хэдэн хэдэн шалгалтын бодлого, асуулт бүхий номнууд. Товхимлууд. 

Одоогоор номнуудыг нь коридортоо өрөөд тавьчихсан л байна. Цааснуудыг нь нэг тал нь л бичигтэй, ар өвөргүй бичигтэй гэдгээр нь ялгаад л сууж байна. Түр завсарлангаа блогоо бичиж байна. 

Ар өвөргүй бичсэн цаасыг нь цаасны хогонд өгөхөөр баглаж тавина. Нэг тал нь хоосон цаасыг ноорог болгож ашиглана. Юунд ашиглах вэ гэхээр эргээд конкурсны зулзага тоо бодохдоо ашиглана. 

Бага зулзага зураг зурна. Энд тэнд дагуулаад явахдаа авч яван, зураг зуруулдаг байсан чинь ко гуайгаас болоод гадагш гарахгүй л байна. Дунд зулзагаа хааяа ийш тийш дагуулж явахдаа энэ тактикийг ашигладаг байлаа. Хэсэгтээ л томоотой сууна шүү дээ. 

Одоо дунд зулзага бас тоо бодохдоо, зохион бичлэг бичихдээ ашиглаж байна. Ингэж ашигладаг гээд зааж өгсөн. Үе үе ноорог цаасан дээр "сараачиж" харагддаг. Хэ хэ. Элдэв зүйл тэмдэглэж харагддаг. 

Ээж бол япон үг, хэллэг тэмдэглэдэг, энд тэнд явахдаа, зурагт үзэж байхдаа. Тогтоох нь ховор ч. Гэхдээ яахав нэг бичээд, шалгаад авсны дараагаар хаа нэгтээ дахин тааралдахад аан гээд санадаг шүү. Хэ хэ. 

Ингээд хэрэглээд байгаа мөртлөө л барагдахгүй юм энэ цаас. Ар араасаа ундраад. Эдний энэ цаасны хэрэглээ аяа бас айхтар юм. Ийм их зүйлийг уншаад, толгой руугаа хийчихсэн конкурсны зулзагаараа нэг бахархаад, ээж бас үүнийг бүгдийг нь уншаад толгой руугаа хийчихвэл ч одоо л ёстой алаад өгөхөөр байна гэдэг болох байх даа гэж бодож энэ тэр.

Уул овоо шиг цаасаа эмхтгээд унтая дөө. Бүгдэд нь амжилт хүсье. Маргааш болтол баяртай.

Гэснээс талбайд болсон жагсаал их гоё тайван, зөв?, хогоо цуглуулсан ухамсартай жагсаал болсныг нүүр номоос уншаад баярласан гэж жигтэйхэн. Мундаг шүү цугласан олон минь, баярлалаа.

0 件のコメント:

コメントを投稿