2021年5月31日月曜日

Шилийн Богд минь ээ

Үүнийг бас дараалал дайруулаад захиалсан. Өнөөх л Болортуяа эгчийн номны танилцуулгыг уншаад өөрөө унших хүсэл төрсөн. 

Гэснээс би сүүлийн үед хоёрхон хүний номны тухай тэмдэглэл, танилцуулгыг уншдаг болсон. Нэг нь Болортуяа эгч, өнөөх нь Энэрэл Ээнээгийн тэмдэглэл.

Анх л ном уншиж эхэлсэн цагаас шилийн сайн эрс, манжийн дарангуйлал гэж уншдаг байлаа. Шилийн сайн эрсийг Тунгалга тамир конионы Цахиур Төмөрөөр төсөөлдөг байлаа. Одоо ч төсөөлдөг. Хэ хэ. 

Бага насны минь краш байсан байна лээ, одоо бодоод байхад. Өөр ганц нэг краш бас бий. Дараа бичнэ ээ. 

Монгол ахуй, монгол түмэн, монгол хэл, хорвоо ертөнцийн учир жанцан зэрэг нь цаанаа л нэг дотно, уяран хайлж уншсан. 

Тооройбандийн тухай гарна. Шууд л эндэх агаа нар нүдэнд харагдсан. Тэднийгээ уншаасай гэж хүссэн. 2 нь төгсөөд явчихсан. Ойрд үүгээр корона ихсээд, орж гарах нь чанга болж байгаа байх. 

Тооройбанди нь хэрхэн яаж яваад шилийн сайн эр болдог тухай, түүний тухай үлгэр домог мэт яриа, дуу нь хэрхэн бүтсэн зэргийг мэдэж авахад таатай байлаа. 

Мөн Агшуу, Эгшүү гэх хоёр шонхрын үр удмаа үлдээх гэж зорьж буй, үр зулзагаа хамгаалах зөн совин. Тэртээх дээрээс хүмүүний үйлдлийг нэгд нэгэнгүй харж байдаг нь зүрхэнд минь хүрч, өнөө цагийн хэллэгээр бол ёнк гээд л явчихсан. Хэ хэ. 

Хүн гээч амьтан чинь үг үйлдлээ хянаж байх ёстой юм байна шүү. Байгаль дэлхий, амьд амьтдын мэлмий гярхай, хүмүүн биднийг хянаад л явдаг байх нь гэж бодогдсон.

Гэгээнтэн, Шилийн Богд романуудыг уншаад зохиолчийн талаар жаал нетээс хайж, өгсөн ярилцлага гэх мэтийг нь уншлаа. Мөн нүүр номынх нь дагагч болсон.

Уг нь энэ номоо суугуул хотынхоо хийморийн овоон дээр гарч байгаад авна гэж бодсон завдал болдоггүй ээ. Яагаад хийморийн овоо гэсэн гэхээр тээр жил нэг сүмо банди шинийн нэгэнд хань ижилтэй минь хамтдаа тэр ууланд гарч нар мандахыг харсан юм. 

Тэгсэн тэр жилээ их одтой байсан. Тэгээд л уламжлал болгон хань ижил цагаан сарын шинийн нэгэнд гардаг. Ихэвчлэн сүмо банди нар цуг гарна. Ганц нэг жил л ганцаараа гарч байсан. 

Тэр ууланд гэхдээ өглөө бүр гардаг эмээ өвөө нар байдаг. Би хэд хэд гарч л байсан. Сүүлийн хэдэн жил огт гараагүй. Номоо тэврээд нэг гарна, тэгээд зургаа Мэнд-Ооёо гуайд явуулна даа. 

Зохиолын гол баатар Тооройбандийн тухай "...тэр бол түүхэнд цолгорсон баатар биш. Жирийн л нэг домоглог хүн. Түүхэн олон агуу хүмүүс мартагдаад байхад хээрээр гэр, хэцээр дэр хийсэн тэр хүн яагаад мартагдахгүй байна вэ? Ер нь эгэл хүний зүрх сэтгэлийн зовнилыг хэн илэрхийлдэг юм бэ? гэх олон асуулт урган гарна. Би романаараа ийм л эрэл хайгуул хийсэн. Миний роман сайн эрсийн адал явдал гэхээсээ илүү, тухайн үйл явдал болж буй түүхэн нөхцөл дэх соёлын, нийгмийн, экологийн асуудлууд руу чиглэсэн болохыг уншигчид анзаарах байх. Ер нь адал явдлаар уншигчдыг чулуу хөөлгөхөөс илүүтэй уран сайхны соёлын хүрээн дэх оюун санааны ертөнцийг нь хөтлөх ёстой бол уу..." гэсэн байна лээ.

 Мөн Агшуу шонхрын тухай "...Мэдээж газар дээрх амьдралыг шувууны нислэгийн өндрөөс харах боломж олгож байгаагаараа зохиомжинд гарч буй шинэ зүйл гэж болох л юм. Шувуудын аймгийг дүрсэлсэн гол учир нь өөр зүйлд байгаа юм. Хүн хийгээд адгуус, шувуу жигүүртэн цөмөөрөө ертөнцийн нэг л хууль зүй тогтол дотор шүтэлцэж оршдог. Шувууд ялангуяа биднийг илүү холоос, дээрээс маань тольдож байдаг. Хүн бол зүгээр л шувуу нисч байна гэж бодно. Ингээд би, шувууд хүний амьдралд ямар холбогдолтой вэ? Шувуудын ертөнц монголчуудын соёлтой хэрхэн холбогдох вэ? гэх асуултыг өөртөө тавьсан юм"... гэсэн байна лээ. 

Энэ ярилцлагыг бүтэн эхээр нь уншихаар бол choibalsan.mn гэдэг хуудас руу орж хайгаарай. 

За нэг иймэрхүү саран гаран блогоо бичилгүй алга болохдоо уншжээ. Та бүхэн залхаж байна уу? Сүүлийн хэдэн бичлэг тувт номны танилцуулга. Дуусах болоогүй шүү. Үргэлжлэнэ. 

Гэхдээ одооноос дундуур нь ганц нэг өөр зүйл бичиж оруулна аа. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月30日日曜日

Гэгээнтэн

Саяхан уншсан тансаг номныхоо зургийг оруулах санаатай. Уншигч бидэнд өгөх санаа, утга, агуулга их гүнзгий санагдсан. 

Үе үе сөхөж баймаар ном. Би гэхдээ үе үе сөхнө дөө гэсэн номнуудаа сөхөж амжаагүй ээ. Яг одоогоор ид хөдөлгөөнтэй болж буй бага зулзагатаа цагаа зориулж байна. 

Олдсон жаахан цагаараа ном шагайна. Олдсон цаг ч гэж дээ, хүчээр өөртөө тав аравхан минут гаргадаг болсон.

Суугуул нутагт минь аялал жуулчлалын чиглэлээр хүмүүс зорьж ирдэг Япондоо хамгийн томд тооцогдох элсэн манхан байдаг. 

40 метрийн өндөртэй, харахад бас л сүрлэг шүү дээ. Цаана нь Япон тэнгис цэлийнэ.

Гэгээнтэн номд эх орны минь Говь сайхан нутгийн тухай, Говийн тавдугаар догшин хутагт Данзанравжаагийн тухай өгүүлдэг.

Энэ удаад номоо тэврээд элсэн манхнаа зорьсон минь учиртай. 

Мэнд-Ооёо гуайн #ГЭГЭЭНТЭН_романтай_гэрэл_зураг буланд зургаа илгээх санаатай л. Нийтлэгдчихэж, зураг минь. Баярлалаа.

Асар их баялгийг өөртөө агуулдаг Говь нутгийн тухай, Говийн тавдугаар догшин хутагтын тухай унших зуураа юун төлөө элсэн манхантай далайн эрэг дээр амьдардаг билээ? Ерөөсөө л элсэн манхандаа очно оо гэж зорьсон нь энэ.
 
Суугуул муж минь ч гэсэн энэхүү элсэн манхнаараа гадаад дотоодын олон жуулчдыг татаж, мужийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаг.
 
Хүмүүсийн оруулсан зурагнуудыг харахад бас л сэтгэл хөдөлж байна лээ шүү. Уншигч олон сонирхвол зохиолчийн нүүрномоор нь ороорой.  

Нартай сайхан өдөр нутгаан зорьж их говиор аялах юм шүү гэсэн мөрөөдөл% зорилго тээж уншсан. 
 
Номны тухай сэтгэгдэл нэлээд бичигдсэн байсан. Би Болртуяа эгчийн ютүб дээрх танилцуулгыг нь сонсоод захихаар шийдсэн. 

Иймэрхүү түүхийн сэдэвтэй роман уншихаар өөрийн эрхгүй харамсал, гунирхал төрөөд байдаг. Та нар бас тэгдэг үү?

Манжийн бодлого цаанаа л зэвүүн тийм ээ? Тухайн үеийн төр засагт яаж ийгээд өөрийн бодлогын хүмүүсээ шургуулчихдаг, мөн шунал ихт монгол ноёдыг гартаа оруулчихсан зэрэг нь өнөө цагийн түүхэнд бас давтагдаад байх шиг санагдаад байдаг болсон.

Сонгууль ч болох гэж байна. Төрд байгаа хүмүүсийн гаргаж буй шийвдэр, ярьж хэлж буйг сонсохоор бухимдах юм өө. 

За за тансаг ном уншчихаад бухимдсан зүйл бичиж байна. 

Мөн боломж гарвал Саран хөхөө дуулалт жүжгийг үзэх юм шүү. 

Ноён хутагтын хэрэгжүүлж байсан нэг сайхан зүйл нь охидыг, эмэгтэйчүүдийг ч бичиг үсэгт суралцах ёстой хэмээн үзэж, өөрийн дэргэдээ авч суралцуулдаг байсан явдал. 

Эмэгтэй хүмүүсийг үс урт, ухаан богино гэж хэлдэг болсон нь манжийн бодлого шиг ээ. Дайчин, шударга эмэгтэй удирдагч гараад ирэхээс нь айн, ийм цуу тараасан тийм үү?

Энэ үгний талаар дээр бас нэг иймэрхүү нийтлэл уншиж байсан санагддаг. 

Оюунгэрэлийг ерөнхийлөгч болоосой гэж бодож байсан минь талаар болсон ч...

Юу бичиж байлаа? Та нар ч Гэгээнтэн романыг уншаарай. Харамсахгүй шүү. Би дараа дараагийнхаа захих номд Мэнд-Ооёо гуайн номноос, Данзанравжаа хутагтын тухай номноос захина гэж бодож байгаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月29日土曜日

Өвөө минь дээ

Өвөөгийн минь тухай гадны зохиолчид бас их бичих юм тийм ээ? Хэ хэ. Бага зулзагатаа өвөө гэж зааж өгөх юм шүү. Дунд зулзагын нэг хөөрхөн паянг санаж байгаа биз дээ? Журмын олон нөхөд минь.

Түүн шиг багадаа бас тэгж зааж өгнө. Яадаг юм. Элэнц хуланц л юм чинь бидний, тийм ээ? Хэ хэ. 

Үүнийг бас л агаа эгээ нараас авч уншсан. Одоогоор буцааж өгөөгүй. Ер нь өгөхгүй гэж бодож байгаа. Хо хо. 

Номын сандаа чимээгүйхэн шиг өрөөд тавьчихсан. Номын тавиур минь хүний нүднээс далд байдаг тул тэд санахгүй л байгаа. Хи хи. 

За тэр ч яахав. Хальт өөртөө зориулж тэмдэглэнэ ээ. Та нар минь номны тухай уншмаар байвал нэтээс хайна биз дээ? Нэг бол өөрсдөө худалдаж авч уншина биз ээ?

Гэснээс миний шунал хөдлөөд л байгаа. Ямар сиймхий гарах нь вэ? гээд л хүлээгээд. Ном захих сиймхий. 

Эх оронд минь хүмүүсийн ажил төрөл зогсоод хэцүү байхад ном захих гэлээ гэж хань ижилдээ загнуулсан. Өрөөстэй номоо унш, уншаагүй ном зөндөө бий биз дээ? гэсэн. Үнээн, үнэн. Зөндөө бий.

Их өвөө маань мэдээж дэлхийн талыг байлдан дагуулж явахдаа тэдгээр улс орнуудад сайн муу нөлөөг аль алиныг нь үзүүлсэн нь тодорхой. Сайн нөлөөлөл талаас нь бичсэн ном байлаа. 

Японы Сакайя Таичи агсаны нэг ном байдаг. Сүхбаатар өвөөгөөс зээлж уншиж байсан. Их эртээ. Үг хэллэг хэцүү санагдаж байсныг л санаад байна. Гол нь Чингис хаан бол дэлхийг бүтээсэн гэсэн агуулгатай. 

Ер нь бол хаа очсон газраа зүгээр л хядаад, түймээгээд байсан гэдэг уламжлалт ойлголтыг эвдэж, эргээд тэр нь бидэнд ч гэсэн урамтай тийм ээ? Өвөг дээдэс минь зүгээр л нэг түйвээгч байсан гэхэд хэн дуртай байхав. 

Энэ мэт өөр өнцгөөс нь харсан, судалсан зүйл унших урамтай. Эргээд би чинь зулзагууддаа хэлж ярьж өгөхөд ч гэсэн хэлэх үгтэй шүү дээ.

Зохиогчийн ааруулын ач тус, дээл бүсний ач тусыг судалгаа хийн гадаа гандан явахдаа олж мэдсэн нь сайхан санагдлаа. Гэснээс ааруул идээгүй удаж байна аа. Японд ганц нэг хүн ааруул хийж зараад байгаа сураг байсан. Авч идэх үү болих уу? Гялс хариу. Ккк.

Монголд айраг ууж үзсэн нэгэн япон хүн нутагтаа хариад айрагтай төстэй, түүний гэдсэнд сайн бактерийг судлаад ижил төстэй ундаа хийсэн гэдэгчилэн бидний өвөг дээдэс энэ номонд дурдсанчлан олон зүйлийн үндсийг тавьсан нь лавтай тийм үү? 

...Олон улсын хэмжээнд анх удаа цаасан мөнгийг хэрэглэж, шуудан харилцаа, хэвлэл, их буу, луужин, сампин зэрэг технологийг бий болгон дэлгэрүүлсэн. Тэд жүрж, лууван, гоймон зэрэг хоол хүнсний бүтээгдэхүүнийг ч, үүргэвч, хөзөр, өмд зэрэг орон нутгийн шинжтэй эдлэхүүнийг ч дэлхий дахинд байнгын хэрэглээ болгон түгээсэн...

Өөр нэг их сонсож, уншиж байгаагүй эрдэмтдийн нэр ус, хот газрын нэрс гээд л зөндөө шинэ соргог мэдээлэл уншлаа. Аль 2011 онд гарсан номыг би яг 10 жилийн дараа л уншиж байдаг тийм ээ. 

Оройтохгүй ээ. Залхуу минь хүрэхгүй бол, өөр бичих зүйл олдохгүй бол ганц нэг зүйл хуулж бичихийг бодно оо. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月28日金曜日

Ронда Бёрн ХҮЧ

Энэ номыг агаа эгээ нараасаа авч уншсан. Агаа эгээ  гэж мэдэж байгаа тийм ээ? Ахлах сургуульд ирсэн монгол хүүхдүүд. Зулзагууд минь нэрийг нь сайн тогтоохгүй, агаа эгээ гэдэг юм.

Тэгээд хань ижил бид хоёр бас агаа эгээ гээд яриад явчихдаг. Олон ч агаа нарыг үдсэн дээ. 

Эгээ болохоор яг одоо суралцаж буй 2 эгээ бий. Уг нь нэг охин байсан чинь сургуулиа төгсгөж чадалгүй буцчихсан. 

Сонсоод байх нь ээ, өнөөх намайг өстөнөө гэж бодож явдаг багш залуу жаахан хуншгүй авир гаргасан дуулдсан. Яаж ийгээд авч үлдээд төгсгөхийг бодохгүй.

За энэ ч яахав. Болоод өнгөрсөн явдал...

Энэ номын гол утга санаа нь бүхнийг хайрлаад, бүхнийг уучлаад, бүхнийг өөдрөгөөр хараад, бүгдэд хайр түгээгээд, бүгдэд өгөөд явчих гэсэн утга санаа агуулсан, базаад хэлэхэд. 

Тэртээх 2009 онд Ронда Бёрн-ын Нууц хэмээх номыг уншиж байж. Номын талаар юу гэж бурсан байна гэж сонирхмоор байвал http://saruul-uhaan.blogspot.com/2009/10/blog-post.html ийшээ орж уншаарай. 

Хорвоо ертөнцөд нэг зүйл хүчтэй оршдог. Тэр нь хайрын хүч.

-Тэрсэлдэж тэмцэлдэхийн оронд мэдрэмжээ хайраар дүүргээрэй. Бас уур хилэн, гунигаа үлдэн хөөхийг оролдож хэрэггүй, та хайраар бялхсан үед тэр бүхэн аяндаа алга болно.

-Бусдын амьдрал руу илгээсэн бүхэн чинь таны амьдралд эргэж ирнэ. Эдвин Маркем. Яруу найрагч.

-Амжилт бол аз жаргалд хүрэх түлхүүр биш. Аз жаргал бол амжилтад хүрэх түлхүүр юм. Альберт Швейцер. Нобелийн шагналт. 

Гэх мэт зөндөө зүйл бичсэн байсан. Боломжтой бол авч уншина биз дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2021年5月27日木曜日

Японд амьдрахуй

Арлын энэ оронд ирээд тун удахгүй 20 жил болох нь. Юу эсийг үзэхэв. Хэ хэ. 

Ямартай ч олон сайхан чадалтай залуус ирэх гээд амжихгүй, чадахгүй байхад би ирчихээд энэ завшаанаа алдалгүй хэл усыг нь "аятайхан" сураад, улсынхаа нэр нүүрийг хөөдчихөлгүй явах юм шүү л гэж хичээсэн дээ. 

Тэгээд ажил дээр ийм ном явж байхаар нь зээлж уншлаа. 

Нэр нь "Японд амьдрахуй". Майничи сонингийн явуулсан судалгааг эмхтгэн ном болгож. 2018 оноос эхлэн сониндоо тусгай булан нээж, гадаад улс орны хүүхэд, багачууд, залуусын тухай нийтлэж эхэлсэн.

Ингэхдээ сургуульд явдаггүй, явах гээд явж чадахгүй байгаа, явах боломжгүй, сургуульд явсан ч ижимэ буюу дээрэлхүүлэх гэх мэт ямар нэг шалтгаанаар сургуулиас завсардсан хүүхдүүдийн тухай сонгож нийтэлсэн.

Судалсан, сурвалжилсан, уулзсан уучирсан хүмүүсийнхээ тухай базаад судалгаатайгаар хэвлэжээ. 

Миний уншсан өмнөх нэг япон ном байсан даа. Гадаад хүүхдүүдийг сургуульд нь тусгай ангид оруулчихдаг тухай. Нээрээ тэр тухай дэлгэрэнгүй бичнэ гэж бодож байсан мартчихаж. 

Тэр тухай ч бас дурдсан байна лээ. 

Яг яагаад сургуулиас завсардсан тухай их дэлгэрэнгүй, тухайн хүүхдийн ээж аав, эргэн тойрон, мөн өөрсдөөс нь ч ярилцлага авсан байсан нь их сонирхолтой байлаа. 

Мөн элдэв гэмт хэрэгт орооцолдон, хүүхдийн засан хүмүүжүүлэхт орсны дараах ахуй байдлыг нь бичсэн нь сэтгэл эмзэглүүлсэн. 

Ойлгож авсан зүйл гэвэл:

Насны хувьд ч аль ч насандаа сургуулиас завсардах тохиолдол байдаг юм байна. Гол нь ээж аав нь ажил ажил гэж гүйлгүй, хааяа ч болов үр хүүхэдтэйгээ ярилцах, тэдний жаахан ч гэсэн өөрчлөлтийг ажих хэрэгтэй юм байна шүү. 

Мөн энд төрж өссөн ч гэрийн хүмүүжил, гэрийн орчин зэргээс болоод өдөр тутмын яриандаа гайгүй ч сургуульд орохоор үгийн баялаг, тархины хөгжил зэргээс болоод хоцрогдох асуудал их байдаг гэнэ. Тэр нь эргээд сургуульд дургүй болох нэг шалтгаан нь.

Бас нэг зүйл, гэртээ эх хэлээрээ, ээж аав  нь япон хэл мэдэхгүй, хүүхэд нь гадаа гарахаараа япон хэлээр ярьдаг. Тийм хүүхдүүд дунд бас сургуульд ороод хэл ярианы, үгсийн сангийн тоо цөөхөн зэргээсээ болоод хичээлээ гүйцдэггүй гэх асуудал ч гардаг бололтой.

Тэгээд л бодлоо. Энд зарим нэг монгол ээжүүд хүүхдээ багаас нь хоёр гурван хэлтэй болгоно гээд аль ч хэлээр нь дутуу дульмаг ярьдаг болгочихдог юм билээ. Хэрэв тэгж олон хэлтэй, тэл хэлтэн болгох гэж байгаа л бол ээж аав өөрсдөө маш эрчимтэй хүүхэдтэйгээ тулж ажиллах ёстой юм шиг санагдсан. 

Миний өөрийн туршлага гэвэл нэг их сүрхий зүйл байхгүй ч эх хэлээ мэдээж багаас нь сонсгоно. Гэхдээ тулгадаггүй. Өөрийнх нь ямар хэл нь түлхүү байна түүгээр нь л ярьдаг, уншдаг, уншуулдаг.

Зарим нэг хүмүүс монгол хэлээ заа гэж загнаж л байдаг. Нэг их хүчлэлгүй, орчинг нь бүрдүүлэх гэж өөрийн хэмжээнд хичээдэг. Тэгээд ч айл болгоны, хүн болгоны бодол санаа, харах өнцөг өөр тул тийм ээ. Ойлгож байгаа биз дээ?

Номныхоо тухай бичилгүй хазайсан байна. Олныг бодогдуулсан, эмзэглүүлсэн ном байлаа. Өө тийм монгол хүүхдийн тухай хальт гардаг. Бусад улсын хүмүүс шиг дэлгэрэнгүй гараагүй. Мөн нэг сургуулиас завсардсан залуугийн найз нь монгол гэж гардаг. 

Сар гаран алга болохдоо уншсан номны минь нэг байлаа. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月26日水曜日

Шаолинь сүмийнхэнтэй тулалдсан нь

Үүнийг хөөрхөн агаа, эгээ нараасаа аваад. Аваад ч гэж дээ, унш гэж өгсөн. Эгч жаахан эгчирхээд буцааж өгөлгүй, зарим номыг нь өөрийн болгочихоод байгаа. Уучлаарай, хөөрхнүүдээ. Монгол хоолоороо дайлна аа. Хи хи.

Нээрээ л эртнээс сонин санагддаг, эргэлзээтэй санагддаг байсан зүйлийн минь тухай бичсэн байсан. 

Яагаав дээ, бага байхад л Журамт бүсгүй Ли? билүү нэг тийм нисдэг, дүүлдэг дайчин бүсгүйн тухай гардаг даа. 

Мөн Хуанжү Гэг, Брюс Ли. Жаки Чян гээд л аймар зодоонч улс байна аа даа. 

Тийм сүрхий байлддаг хятадуудтай манайхны бүдүүн хадуундуу, хөдөлгөөн нь удаан талдаа хүмүүс хэрхэн байлддаг, тулалддаг байсан юм бол доо? гэж жаахандаа боддог байсан уу та нар? Хэ хэ.

Тэр тухай гардаг ном. Мэдээж бүгд зэвсгийн эрдэмд гарамгай бус байсан л даа. 

Эртний манай хаадууд чинь ухаантай улс байсан болохоор мэдээж шилдэг дайчин эрсийг дэргэдээ байлгаж, аравт зуутаа бүрдүүлнэ. Мөн гадны улс орны эрдмийг судална, суралцана. 

Мөн бидний, манайхны ялалтанд монгол адуу минь асар их үүрэгтэй байжээ. Тиймээс морьтон монголоос ухаанаа алдтал айдаг байж тэд. 

Нэг зүйл нэмж хэлэхэд хууль цэргийн чанга хатуу дүрэм журам, цаазтай байжээ. Түүнийг нь түүх гуйвуулагчид монголчуудыг бүдүүлэг, харанхуй, зэрлэг, мунхаг хэмээн бичдэг байжээ. 

За тэгээд сүүлийн үед түүхийг олон талаас нь судалсан, бичсэн ном товхимол ихээр гардаг тул уншина биз дээ. 

Хөөрхөн ном өгч уншуулсанд дахин баярлалаа. Нэг тийм "өвөрмөц" ном байлаа. Дэлгэрэнгүй бичнэ гэхээс залхуу хүрчихлээ. Хэ хэ. Сүүлийн хэдэн жил угаасаа дэлгэрэнгүй бичихгүй байж тийм ээ? Нэг нартай сайхан өдөр онгод орох байгаа...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月25日火曜日

Давалгаа бас дахин давалгаа

Зээ хө, би нь номоо уншаад л явсан шүү дээ, энэ саран гарангийн хугацаандаа. Ядаргаатай юм гэтэл чинь номны зураг оруулахаа мэдье ээ. Ккк.

3 сард монголоос ирсэн номны минь нэг шүү дээ. Ёстой хөөрхөн хөөрхөн өгүүллэгүүд байсан. 

Том дэвтэр, Гурав дахь худал, Нотолгоо, Бичиг үсэггүй хүн, Амраг зэрэг номыг орчуулсан, нүүр номын найз Доржийн Болортуяа эгчийн тэмдэглэлийг уншаад л шууд захьсан. 

Захина гэсэн номнуудын минь урдуур шууд дараалал дайраад л. Хэ хэ. Нэг тийм гоё монгол ахуйтай ном уншмаар санагдаад байсан үе. Орчуулгын ном байнга уншихаар өөрийн эрхгүй "дээр үе"-ийн зохиолчдын ном, бүтээлээс уншмаар санагддаг болсон байна лээ. 

Насных уу ч гэх шиг. Ккк. 

"Цахилж яваа гөрөөс"-ийг данин нэг уншмаар л санагдаад байгаа. Насан багадаа киног нь нэг үзсэн. Жүжигчин Өлзийхүү тоглодог.

Нэг сонирхолтой санагдсан нь дээр үед заалгасан гээгдэх эгшгийг дүрэм гэх мэтүүд энэ номд үйлчлээгүй гэх юм уу? Албаар тэгж бичсэн шиг санагдсан. Эхэндээ ч юу билээ? гэж гайхаж байснаа сүүлдээ ч за за энэ албаар ингэж бичсэн байна, нэг бол хуучин монгол бичгийнх нь галигаар шууд буулгаж бичсэн байх гэж таагаад...

Бага наснаасаа л зохиол бүтээлийг нь уншиж ирсэн ёстой сайхан зохиолчоор олон сайхан ном зохиолынх нь талаар яриулалгүй, ярилцалгүй бурхны оронд нь явуулчихсан нь үнэхээр харамсалтай. 

"Нүүнээ нүүгээрэй" гэдэг өгүүллэгийг нэрлэж болно. 10 хэдхэн насны хөвгүүний эсрэг хүйстнээ танин мэдэх шохоорхол, ганц хөвгүүний гэлтгүй, хөөрхөн бор охины сэтгэлийн гэгэлзээ гэх мэт зүйлийг ёстой тансаг өгүүлсэн байдаг. 

Мөн алтан тэмээ гэдэг хорхойны тухай арай дэлгэрэнгүй мэдэж авлаа. Худалч хүнд бол нэрнээс өөрцгүй л байлаа шүү дээ, алтан тэмээний тухай. 

"Мэдэрэмжийн хүлэмж". Мэдрэмж гэж бичмээр боловч мэдэрэмж гэж бичсэн байсан. Үүнд үнэрийн тухай гардаг. "...хүн өөрийн нэгэн гайхамшигт чадвар болох үнэртэх чавдараа өдөр ирэх тусам гээсээр байгааг, ийнхүү гээхэд нь түлхэц болж байгаа юм хотжилт хийгээд шинжлэх ухаан, техник технологийн дэвшил болохыг ойлгосон юм. Хүний үнэртэх чадварт тус болох ачтан бол онгон байгаль..."

Дамаан-Цаашлаад, улам бүр, тэгэх тусмаа.

Сайн гүүний унага, сайн хүний үр.

Солгой ухаан-Буруу гаж ухаан.

Нуур амар бол нугас амар.

"Бүжин бүжинхэн". Хөөрхөн өгүүллэг. Үүнд их хөөрхөн өгүүлбэр гардаг. "...Уг нь эр хүний хамгийн түрүүнд сурах вмны чинь нэг, бүсгүй хүнийг аргадаж сурах юм билээ л дээ. Би даанч хожуу мэдсэн юм..."

Төслүү-Төсөөтэй.

...Бүсгүй хүнийг бүсгүй хүн болгодог юм бол талимаарал...

...Бүсгүй хүн хүйтэн цэвдэг болохоороо бүсгүй хүн биш болчихдог...

...Аядуу намуун хөдөлгөөн бүсгүй хүний чимдэг...

Хахарч байгаа айраг. Хахрах-Айраг, тараг зэрэг идээний амт хатуурах, хэтэрхий исгэлэн болох.

Тожир тожир алхах. Бага хүүхдийн тожигнон явах

Чихэр өвсний үндсийг төмөр биш модон хутгаар тасладаг.

...Айсан хурга чоно улисан зүг рүү явдаг...

Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил төөрдөг-Ардын зүйр үг.

Эрсэн хүн олдог. Намайг өөрийгөө олсон цагт байрнаасаа хөдөлсөн чулуу өөрийн байсан байраа олно. 

Лавсах- Цас малгайлан орох. Өөр утга байсан. Шалгаж үзнэ биз ээ.

...Бүсгүй хүнийг ойлгохгүйгээр бүсгүй хүнээр хань хийж чадахгүй шүү...

Долгонцог-1. идэх уухад ховдог. 2. Сувдаг шунахай. 3. Зусарч бялдууч.

"Чулуудын хүүрнэл" бэсрэг тууж бол тасарцан шөө.

...Амар тайван сэтгэл хангалуун амьд явахын тулд хэнхдэг чээжин дотроо хураасан юмтай байх учиртай. Сэтгэ санаандаа хэдий чинээ л арвин юм хураана тэр чинээгээрээ амар тавшин амьдардаг юм уу даа гэж би санадаг...

Өөрийн санаа өөртөө зөв. Өрөөл даавуу өмдөндөө зөв.

...Хүн гэдэг амьтан сэтгэлдээ ямар нэгэн нандин нууц юм хадгалж явахгүй бол дотоод тамир алдагдаж, бусдын эрхшээлд орохдоо амархан...

...Хүн гэдэг амьтан сэтгэл ухаан хоёроо тэнцүүхэн авч явж амьд явах ёстой амьтан...

...Одоогийн улс чинь нүүр гар, бие хасаа байн байн нэг их сүрхий угаах хэрнээ сэтгэл санаагаа огт цэвэрлэхгүй улс юм...

Чулууд байрнаасаа хөдлөхөд ертөнцийн эмх цэгц алдардаг. Газрын эмх цэгц алдарахад тэнгэрийн одод үймдэг.

Хүний ухаан санаа хөгшин чавганцын хөлийн авдар биш дээ. Ухаан санаа гэдэг юм чинь новш ноохоотойгоор дүүрэх тусмаа мунхардаг юм. 

Хангай дэлхийн чинь хэлийг номоор сурдаггүй хэл. Ажиглалтаар сурдаг хэл.

Сайн морь унаашрах тусмаа чангардаг.

Уг нь энэ халх монголчууд чинь тэнгэр заяатай улс болохоороо чичих жад, цавчих сэлэмнээс бусад эсгий туургатнаа хамгаалж халхалж явсандаа "халх" гэсэн нэр авсан юм гэнэ лээ дээ.

За нэг иймэрхүү. Амттай ном байлаа. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月23日日曜日

Цэцэгс

Дулаараад гадуур чамин тансаг цэцэгс нүд, сэтгэд баясгаад сайхан байна өө. Ганц нэг зураг оруулчих уу? Уламжлал ёсоор.

Ажлын газарт минь хэсэг хугацаанд мэлмийг минь баясгасан цэцэг. Нэр усыг нь хэлж мэдэхгүй байна аа. Хэн авчирч өгснийг мэдэхгүй л байна. Шилжилт хөдөлгөөний үеэр гэхээр хэн нэг нь явахдаа, эсвэл хэн нэг нь ирэхдээ л бэлэглэсэн байх.

Ажилдаа ирж очих замд байх аа. Мартчихаж. Нүд минь баясаад л зураг дарсан. Энэ гэхдээ одоо цэцэг нь хагдарч унаад, навч нь гарсан.

Энэ арын фоныг санаж байна уу? Төгөлдөр хуурын багшийн гэрийн үүдний гадаах цэцэг. Долоо хоногт нэг очдог тул энэ гадаах цэцэг анхаарал татна аа. Цэцэг нь өөрчлөгдөөд л явдаг. Эд ер нь их ажилсаг улс шүү гэж бодоод л зураг дардаг гэж байгаа.

Уламжлалт цэцэгний зурагтай бичлэг минь үргэлжлэнэ шүү. Ойрын өрш, өөр нэг айлын сарнай цэцэг үнэн тансаг харагдаад байгаа. Би тэсэлгүй зураг дарсан. Тэгж байгаад оруулна аа.

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年5月22日土曜日

Үлэг гүрвэл

Үлэг гүрвэлээр мастер хамгаалдаг ч юм билүү гэж бодогдлоо. Хэ хэ. Номын санд их олон төрлийн ном байна аа. Хүүхдийн шүү. Мэдээж томчуудад зориулсан нь ч бий байх. 

Хүний урианд томчуудын тасгаар нь шагайхгүй ээ. Зулзагуудаа дагаж хүүхдийн номын тасгаар л эргэлдэнэ. Гэхдээ л би тэндээс их олон зүйл мэдэж авдаг, гололтгүй.

Бага зулзага эрэгтэй хүүхэд гэсэндээ нэг иймэрхүү шүдээ ярзайлгасан, архирсан зүйл сонирхоод байх шиг. Эсвэл бас л санаа дагаад байна уу? Охидоос өөр шиг л байна.

Гэрээр дүүрэн ном. Дунд нь амьтны тухай ном их байна өө. Гэм нь таван хошуу малын тухай ховор, хэхэ. 

Саяхнаас үлэг гүрвэлд дурлаад. Хүүхдийн нэвтрүүлгийн нэг дуунд үлэг гүрвэл, арслан заан гэж гардаг юм. Тэгээд л ийм амьтан байдаг гэж танилцуулах гэж зээлсэн биш, зузаан зузаан номыг уншиж өг гэж тушаагаад. Нэг бүрчлэн уншихад цаг, хөдөлмөр их шаардах тул гол гол зургийг нь үзээд л, зохиогоод ярьчихдаг гэж байгаа энэ ээж. Ккк.

Тэгсэн, өнгөрдөг сард суугууд мужийн хүүхэд багачуудын дунд үлэг гүрвэлийн тухай ном их эрэлттэй гэж судалгаа гарсан байсан. Жагсаалтын эхэнд явж байна лээ.

Олон төрлийн үлг гүрвэлээс миний ганц мэддэг нь Тираннозавр буюу Tyrannosaurus. Нэрийг нь хэлж мэднэ. Үүх түүх, судрыг нь мэдэхгүй ээ. Нэг нартай өдөр цаг гаргаж уншина гэж мөрөөдөөд л яваа. 

Бага зулзага бас тираннозавр гэж мэддэг болсон. Дөхүүлээд хэлээд байгаа. Нэг хөөрхөн нь чулуужсан өндөг энэ тэр олдсон газрын нэрсэд Монгол гэж байсан. Монгол гэж хэлж сурсан. Дэвшилт биз дээ?

Нэг иймэрхүү, эрэгтэй хүүхэдтэй тулж ажиллаж байна. Ямартай номтой нөхөрлөдөг, уншдаг болгочих санаатай. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月21日金曜日

52 герцийн халимнууд

Хэдэн жилийн өмнөөс их гоё зүйлтэй учирсан нь энэ "Номын дэлгүүрийн худалдагчдын санал болгодог номын шалгаруулалт" шүү дээ. 
 
Одоогоор сүүлийн 4 жилийн тэргүүн байрны шагналт 4 номыг уншсан. Хойшид ч уншина гэж бодож байгаа. Өмнөх жилүүдийг чадвал нөхөж уншина даа. 
 
Жич: Энэхүү Японы номын дэлгүүрүүдийн худалдагч нарын саналаар тухайн оны шилдэг бүтээлийг шалгаруулдаг арга хэмжээ нь 2004 оноос эхэлсэн юм билээ. Би анх суугуул нутагтаа хөл тавьж байлаа. 
Номын хорхойтон, номын хорхойтон болохыг хүсэгч зэрэг уншчигдад санал болгодог юм билээ. 10 ном дэвшүүлээд, байр эзлүүлнэ. Мөн орчуулгын номын шалгаруулалт тусдаа байдаг.
 
Нүдийг минь тайлж, сайхан зүйл санал болгосон Хонгорзулдаа баярлалаа. 

Уншигч олонд танилцуулахад Хонгорзулын бэлтгэсэн Баяртай нэвтрүүлгээр нь мэдэх болсон тийм үү? 5 сарын 16-нд Монгол ТВ-ээр гарсан. Олж үзсэн биз дээ. 

Сэтгэл хөдөлгөсөн, сайхан гэж хэлэх ч багадах баримтат кино болсон байсан шүү. Заавал олж үзээрэй. 

Мөн энэ номын товч танилцуулгыг эндээ хуулан хүргэлээ шүү. Нүүр номдоо бас түгээчихсэн.

 

Халимнууд “дуулдаг”.
Дуу нь учиртай.
Хоорондоо ярилцаж байгаа нь тэр.
Тэд их чангаар дуулж чаддаг тул 800 км алсад байгаа найзтайгаа ч
-Өнөө шөнийн сар ёстой ганган байна аа.
-Ойрдоо эрэг үрүү дөхөв үү?
гээд л хууч хөөрдөг байх нь. Үзүүргүй их далайд ганцаарддаггүй гэсэн үг.
Гэтэл бусадтайгаа хэл нэвтрэлцдэггүйгээсээ болоод цор ганцаараа явдаг нэгэн халим байдаг. Түүнийг 52 гэдэг. Бусад нь 15-25 герцийн давтамжтай дууны долгион гаргаж хоорондоо ярилцдаг бол тэр л цор ганцаараа 52 герцийн долгион гаргадаг учраас ингэж нэрлэх болж.
Долгион таарахгүй учраас бусад нь түүнийг сонсдоггүй. Бүр байдгийг нь ч мэдэхгүй.
Тэр ямар ч сайхан дуу дуулж, яаж ч гунигтайгаар уйллаа ч тэр нь бусад халимнуудад хүрдэггүй. Бүр хажууд нь байсан ч гэсэн. Түүнд хэн ч хариулдаггүй...
1989 онд нэгэн судалгааны багийнхан түүний гаргаж байгаа чимээг анх олж илрүүлснээс хойш 52-тай холбоотой зохиол бүтээлүүд багагүй гарчээ. Тэдгээрийн нэг болох “52 герцийн халимнууд” гэдэг, япон зохиолчийн шинэхэн номыг өнөөдөр уншиж дуусгав.
Өөрийнхөө гэрт, өөрийн аав ээждээ гадуурхагдаж, бие сэтгэлийн хүчирхийлэл дунд өсч буй хүүхдүүд. Тэд зүгээр л “надад хэцүү байна, намайг авраач” гэж хэлж чаддаггүй учир, тэдний аврал эрсэн чимээгүй хашгираан тэр болгон бусдад хүрдэггүй... Японы номын дэлгүүрийн худалдагч нарын саналаар шалгаруулдаг шилдэг бүтээлийн шагналыг энэ жил авсан. 「52ヘルツのクジラたち」
Япон хэлтэй найзууд уншаад үзээрэй. Хүнд сэдэв юм шиг боловч, нэг уншаад эхэлвэл зогсохооргүй сонирхолтой бичигдсэн, олон юм бодогдуулах ном.
Нээрээ халимны дуу сонсмоор байгаа хүмүүс энэ бичлэгийг үзээрэй. Аймаар ч юм шиг, гоё ч юм шиг, гунигтай ч юм шиг... Нойр муутай хүмүүс сонсвол бөх унтдаг гэсэн. https://youtu.be/Z1D1G7Hajxw

За нэг иймэрхүү. Гоё бичдэг улс зөндөө шүү. Би бичих гэхээр... Өөрийгөө голдог болсон. Саяхан нүүр номоор нэг бичлэг яваад байсан даа. "Даруухан болоод байна гэсэн чинь эрдэм сурцан байна лээшд" гэдэг шиг. Унших тусам өөрийнхөө түүхийг мэддэг болсон гэчих үү? Ккк

Ямартай ч алга болсон 1 сарын хугацаандаа уншсан нэг япон ном минь байлаа гэж. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月20日木曜日

Хонгорууд минь, санажээ

Сайн байцгаана уу? Хонгорууд минь. Сар гаран алга болсон сонин сайхнаасаа бичих үү? Хэрэгт дуртай уншигчид минь ээ. 

Онц сонин алга дөө. Нөөтбүүкээ нээхээс залхуураад блогоо завсарлачихлаа.

Түүнээс бичих зүйл их л байгаа шүү дээ цаадахад чинь. Яаж ийгээд л нэг сонин сайхан олчихсон л бичиж байдаг даа. 

Зарим нэг хүнд бол долоон булчирхайгаа тоочоод л гэж бодогддог л байх тийм үү? Хэ хэ. 

Гэхдээ ингэж бичих чинь бас их хэрэгтэйг саяхан мэдсэн шөө. Нэг үйл явдлыг санах гээд, хэдэн онд билээ гээд санадаггүй. 

Блогоо ухаж мэдэж авсан шүү дээ. Тэгэхээр наддаа бол хэрэгтэй л зүйл. 

Оршил минь үргэлж урт болдог тийм ээ? Хэ хэ. Энэ номны зургийг оруулаад орхисон байх юм. Бодвол дунд зулзагын төрсөн өдрийн бэлэг гэж бичих гэсэн байх. 

Харри Поттэри-н бүх номыг цуглуулах юм гэсэн. Би түүнийг нь нэг нартай өдөр уншина гэсэн том мөрөөдөлтэй. Дүүгээ бас дуртай болгоно гэсэн. Өнөөх нь ч хачин дуртай болсон шүү. 

Яаж дуртай болсон, болгосон нь инээдтэй. Өнгөтөөр бичих үү? Гялс хариу?

За ингэсэн юм аа. 

Ажлын газраас акталсан Харри Поттэрийн видео кассет байсан юм. Тэрийг нь би манайх видео уншигчтай гэж байгаад авсан хэрэг. Хэсэг тоосонд дарагдаад явсныг бага зулзага олж, гаргаж ирээд тэврээд гүйгээд байгаа.

Эгч нь идэвхитэйгээр гол дүрүүдийн нэр усыг хэлж цээжлүүлсэн. Тэгсэн өнөөх нь ам ангайвал л Харри Поттэр гэж шулганаад, эсрэгээрээ дэглүүлээд эхэлсэн. Өөр нэвтрүүлэг, кино үзэх гэхээр л үгүй гэж орилоод. Ккк. 

Нэг хэсэг Тоторо гэж зүтгэдэг байсан хүн чинь ашгүй Тоторогоосоо саллаа гэж бодсон, байдаггүй шүү. 

Нэг сарын дотор бага зулзагын тархины хөгжил, үг яриа л ихээхэн дэвшилттэй байх шив дээ. Бусдаар ч бахь байдгаараа л шахуу. 

Хойшид идэвхитэй бичихийг хичээнэ ээ. Дэмжээд эрхий хуруу муруу, зүрх мүрхээ дарахаа мартуузай...

Бүгдэд нь амжилт хүсье.