2021年8月6日金曜日

Зайрмаг

Дэлгүүрийн зайрмагийг зулзагууддаа идүүлэхгүй гэж санасандаа өөрсдөө хийдэг баатар болов. 

Ийм зүйл худалдаж аваад. Ашиглатлаа хэсэг ууттай нь байлгав. Хэ хэ. Зориг зүрх, бас материалаа цуглуулах хэрэгтэй тийм үү?

Банана жимсээр хийв. Энэ удаад ээж өөртөө хийсэн смүүжиг хийгээд хөлдөөчихсөн. Ямар болох бол гэж дунд зулзага их хүлээлттэй байлаа. Байн байн хөлдөөгч онгойлгож гүйгээд.

Гаргаж авахад их авъяас шаардах эд байна лээ. Хөлдөөгчнөөс гаргаж ирээд хэсэг байлгана. Халуунд дорхноо гэсэх тул мартахгүй байх хэрэгтэй.

Гаргаж ирээд долооцгоов. Ээжид бол таалагдсан. Угаасаа л ээж уух гэж байсан смүүжи юм чинь. Хэ хэ. 

Гэрийн бусад гишүүдэд таалагдсангүй. Нэг нэг долоож үзээд л больцгоох шив дээ. Ээж хэдэн өдөр дарааллаж банана зайрмаг идсэн. Ккк.

Дараагийн удаад санан санан, бодон бодон киви жимс авлаа. Сүүтэй холиод, нунтаглаад хийж хөлдөөлөө. Дунд зулзага бас л ямар болох бол гэж догдлоостой. Хөлдөөгчний хаалга үе үе онголзоостой.

Гаргаж ирээд долооцгоолоо. Бага зулзага нэг долоогоод л ээждээ өглөө. Дунд зулзага хэсэг идэж байснаа ерөөсөө гашуун байна аа гээд буцаав. 

Хань ижил бол идсэн. Би ч зулзагуудынхаа зайрмагтай нийлүүлж хэдэн өдөр л кивитэй зайрмаг идэв. 

Өөр ямар жимсээр хийх үү гэж бодов. Гашуун бус жимс юу билээ? Аминдаа элсэн чихэр хийхгүй гэж үзэж тарж байгаа ухаантай. 

Гашуу нясуун амтыг нь дарахын тулд заавал нэг тийм амтлагч хийх болчих гээд байна тийм үү? 

Аан тийм сүүний оронд шошны сүү ашиглаж байгаа. Би дуртай юм л даа. Боргол уухдаа сүүний оронд хийж ууна, сүүтэй холих гэсэн зарим нэг хоолны төрөлдөө хийж ууна. 

Үнээний сүүг одоогоор бага зулзага л хярамлаж уудаг. Аан тийм хань ижил бас сэрүүн, хүйтэн өдөр хярамлаж уудаг. 

Туршилтаа үргэлжлүүлнэ ээ. Өөртөө амжилт. Бүгдэд нь амжилт. Түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿