Өнөөх шагналт номнуудыг оноор нь хөөж уншиж байгаа гэсэн дээ. Тэрний 2007 оны шагналт бүтээл. 2008 оныхыг уншчихсан. Энэ 2007 оныхыг хүн зээлчихсэн байгаад дараалал нь зөрсөн болно.
Агуулга нь Камия Шинжи гэдэг хөвгүүний тухай. Гэр нь хөл бөмбөгийн улаан фен. Ах нь нэлээд сайн тоглогч. Өөрөө ч дунд сургууль төгстлөө хөл бөмбөг тоглосон.
Ахлах сургуульдаа хөл бөмбөгөө орхиод гүйлтийн дугуйланд орчихно.
Тэр ахлах сургуульд нь багадаа нэг анги байсан Рэн гэдэг найз нь хамт орно. Найз Рэн нь харин гүйх авъяастай ч, нэг их хүчин зүтгэл гаргадаггүй.
Хөл бөмбөг сонгоогүйд нь гэрийнхэн нь таагүй хүлээж авна. Өөрөө бол ахыгаа л харж өсөж, даган дуурайж ирсэн болохоор энэ удаад энэ дарамтнаас ангижрахыг хүснэ.
Мэдээж бас найз нөхдийн нөлөөлөл байгаад, энэ гүйлтийн дугуйланд яваад орчихно.
Гол дүрийн хөвүүн, аминдаа л хурдан гүйгээд байгаа хэрнээ л дасгалжуулагчдаа загнуулна. Нуруугаа эгц дээш нь өргөж гүй гэж. Ингэж гүйхэд чинь их техник хэрэгтэй байдаг юм байна.
Хөл бөмбөг тоглож байсан болохоор мань хөвүүний гүйх арга нь нуруугаа аль болох намхан, бөмбөг хөөж гүйдэг техник биед нь толгойд нь шингэчихсэн, тэр зуршил нь арилж өгөхгүй...
Хамтарсан бэлтгэлд явна. Өөрийн сургуулиас гадна өөр олон ахлах сургуулийнхан хамрагдана. Хэрээс хэтэрсэн бэлтгэл, амтгүй хоол, ганц нэг багшийн дарамт зэргээс болж Рен найз нь оргоно.
Багш нартаа баригдалгүй, олж авна. Гэх мэт хөгтэй зүйл, паян ихтэй өдрүүд үргэлжилнэ.
Ахлах сургуулийн гүйлтийн төрөлд, саадтай гүйлт, 100 метрийн гүйлт, 400 метрийн гүйлт, зээрэнцэг шидэлт, буухиа гүйлт, өндрийн харайлт гэх мэт байна.
Өдөр бүр гүйж дасгал хийнэ. Өглөө эртлэн гүйнэ гэх мэт.
Гүйх гээд гараандаа зогсож зогсож байхдаа, гараанаас гарахдаа газраас ирэх хүчийг өвдгөөрөө биш, гуяны хэсгээрээ, аарцгаараа мэдрэх гэж байна шүү.
Энэ номын ачаар гүйлтийн тухай бага сага ойлголт авч байна. Түүнээс нэг л их гүйсэн улс байдаг юм энд. Яасан ч дуртай юм, бороо шороотойд ч гүйнэ. Цастай нартайд ч гүйнэ.
Энэ гүйлтийн тэмцээн уралдаанд тамирчнаасаа хамаараад салхины чиглэл, хүч гээч чинь асар чухал үүрэгтэй байдаг гэнэ.
Хөвгүүдийн хоорондын яриа, ахлах сургуулийн хөвүүдийн тухай уншаад их сонихон содон байна.
Дунд, ахлах сургуулийн спортын дугуйлангийн тухай, тэмцээнд хэрхэн яаж бэлддэг, бүсээсээ шалгарч мужын хэмжээнд, улсын хэмжээнд оролцоно гэдэг ямар их нэр хүндийн ажил байдаг тухай мэдэж авч байна.
Уншиж дуусаагүй тул, ингэсгээд өндөрлөе. Дараагийн 2 боть юу гарах нь уу? Амжвал бичнэ ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿