"Хишигт" дурсамжит туужийн тухай их олон жил сонсоод, дуулаад, зургийг нь энд тэндээс үзээд л хараад л явсан юм. Захиж уншина даа гэж бодоод л, тулгамдахаараа мартчихаад, тэс ондоо ном захиж аваад явсныгаа санан санан энэ удаад захьсан.
Өнгөрдөг жил, 10 сард байх аа? Манайд ирсэн ном. Ширээн дээрээ хэсэг, номын сандаа хэсэг хугацаанд байлгаж байгаад, уншив. Уншаад эхэлсэн чинь амтанд нь ороод, боссон ч, суусан ч барьж авсаар дуусгасан.
Шуудангаар ном захиж авахаар хүнд болоод, би нимгэхэн номноос сонгосон нь энэ туужийг унших бас нэг түлхэц болж өгсөн юм байна. Үнэнээ л хэлье. Хэ хэ.
Зохиолчийн талаар хэдэн үг холбох хэрэгтэй байх өө.
Анх блог гээч зүйл монгол залуусын дунд хүчээ авч байхад "Диваажингийн хоригдол" гэдэг блогийг уншдаг байлаа. Их сонирхолтой зүйл бичдэг, байнгын уншигч нь байлаа.Тэгсэн аргагүй л зохиолч хүний бичдэг блог болж таарсан.
Мөн нэгэн хөөрхөн охиныг хөл дээр нь босгох гээд олон мундаг залуус сэтгэл зүрхээрээ нэгдээд, хандив цуглуулж байсан юм. Тэр үйл ажиллагааг "удирдаж", "чиглүүлж" өгсөн байсан нь Х.Болор-Эрдэнэ зохиолч.
За тэгээд олон зүйл нурших нь илүүц биз дээ? Туужийн тухай тэмдэглэл, зохиолчийн ярилцлага гэх мэтээр нетэд зөндөө бий шүү. Сонирхож уншина биз дээ?
Туужид гардаг "пионер"-т элсдэг хэсэг нэгэн дурсамийг минь бас сэргээсэн.
Сургуулийн минь урд Лениний музей гэж байдаг байлаа. Пионерт элсэхийн тулд тасалгааны ургамал хэрэгтэй болоод, хэн авчирах уу? гэхээр нь гар хөлөө зэрэг өргөж байгаад л гэртээ байсан хамгийн гоёмсог ургамлыг аваачаад өгчихөж билээ?
Ээж минь нам мамаас айгаад юм хэлээгүй байх даа, түүнээс их л хайрладаг ургамал нь байсан юм. Нэрийг нь одоо мартжээ.
Их л сүр бадруулж пионерт элсэж байсныгаа бүдэг бадаг санадаг юм. Нэг их хэцүү ч билүү? амархан ч билүү юм цээжлээд л, уншаад л. Багшаас айж, цугласан олноос сүрдэж байсныгаа ч бүүр түүрхэн санадаг юм.
Нохой нь хүний үнэнч нөхөр гэдэг дээ. Зулзагууд минь нохой тэжээмээр байна гэж хааяа хэлдэг л юм. Хишигтийг уншсан чинь тэжээмээр ч юм шиг санагдав.
Гэснээ хэсэг азнаад буцаад хөрсөн дээрээ буугаад бодох нь ээ эхэндээ ч өөрсдөө л арчлах байх, хэсэг хугацааны дараа ээжийн л ажил болчихно. Ерөөсөө болих минь гэж. Хэ хэ.
Яа тэр ширүүн аав зэвүүн. Тийм ширүүн аавтай байсан бол ч...
Гэж бодсон чинь дотор арзаганана.
За за тэгээд надаар хэлүүлэлтгүй та хэд минь өөрсдөө авч уншаарай, хүүхдүүддээ уншуулаарай. Ёстой хөөрхөн шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Жич: "Гүйж яваа эмэгтэй" номыг нь уншсан. Монгол хүүхдүүд авч уншаад, хоорондоо дамжуулж уншаад, алга хийчихсэн бололтой. Буцааж өгөхгүй юм. Гандан буурахгүй нэхээд л байгаа юмсан. Олдохоосоо өнгөрсөн байх гэж бодоод л...
Тийм болохоор л би номоо хүнд зээлүүлэх дургүй.
0 件のコメント:
コメントを投稿