2023年1月31日火曜日

Leverage Reading

Шуналыг минь хөдөлгөдөг бас нэгэн бүсгүй бий. Мэдэхгүй хүн, уншдаггүй хүн бараг байхгүй байх тийм үү? "Ээнээгийн тэмдэглэл" хуудсаараа алдартай. Бичсэн болгон нь хөөрхөн, ухаарал хайрласан, зоригжуулсан, сэдэлжүүлсэн байдгаараа онцлог. 

Олон ч залуу ээжүүд уншдаг шиг байна лээ. Би залуу ээжийн тоонд орохгүй ч, зулзага минь жаахан гэдгээрээ бас уншина шүү. 

Тэгээд санал болгосон япон номыг нь чадлынхаа хэрээр олж уншихыг хичээдэг. 

Энэ удаад бүр зорин, санан байж энэ номыг зээлж уншив. Оны өмнө зээлсэн ч дуусгаж амжилгүй, хугацааг нь дуусгаад, дахин зээлсэн. 

Угтаа уншихад амархан, мэдэхгүй ханз цөөн, дажгүй байсан ч би барьж авалгүй явсаар өдий хүрчээ. 

Ерөнхий санаа нь бас л миний сүүлийн хэдэн бичлэгт ч "улиг болох"-оо шахсан "УНШ УНШ бас дахин УНШ" байв. Бүр өдөрт нэг ном унших гэж байна шүү. Энэ удаагийнх гэхдээ нэг онцлог нь бизнесийн ном унших. 

Сайто багшийн хэлсэнчлэн мөнгөө төлж, худалдаж авч унших. Хэрэгтэй гэсэн санаа оноогоо доогуур нь зурж, тэмдэглэж, номоо элэгдтэл нь л эдлэх гэжээ. 

Номыг бичигч Хонда Наоюки нь их завгүй хүн тул өглөөд ваннтай усанд суухдаа ном уншдаг гэнэ. Ном чийг аваад, хуудас нь муухай болно гэж хэлэх хүн бий ч энэ хүний хувьд бол огтоос хамаагүй гэнэ. 

Жилд 400 гаран ном уншдаг гэнэ шүү. Ёстой нөгөө "ном уудаг" гэдэг шиг л.

Ном нь уншсан эсэх нь мэдэгдэхгүй, шинээрээ шахуу өрөөстэй байх тохиолдол их, энэ бол хангалтгүй гэжээ. 

Энэ хэсэг намайг хэлээд байгаа юм шиг л санагдсан. Хэ хэ. Нэг хэсэг тийм байсаан байсан. Одоо харин дээр нь тодруулаад, наадаг наалт наагаад явдаг болсон шүү. Уншсан тухайгаа блогтоо ядаж зураг оруулдаг...

Аятайхан санагдсан агуулгаас нь дор хаалт нээж хаагаад бичлээ. Та бүхэн ч гэсэн хаалт нээгээд, хаалтаа хаагаад гэж ирээд л уншаарай. Хэ хэ. 

"Ном унших бол өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Номыг үнэтэй гэж хэлдэг ч тухайн номноосоо өөртөө нааж, хэрэгжүүлж чадах юм бол тухайн ном танд 100 дахин илүү үр өгөөжөө өгнө". 

"Өнөөдрийг хүртэл уншиж ирсэн өөрийн ном унших арга барилаа өөрчлөх. Нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх арга буюу color bath effect аргыг дадал болгох. Энэ арга нь ямар арга вэ гэхээр, жишээ нь өнөөдөр улаан өнгийн юмсыг л олж харна гээд гадаах буюу өөрийн эргэн тойрон дахь улаан өнгөнд төвлөрөх. Ингэснээр санасныг бодоход маш олон улаан өнгө эргэн тойронд чинь байдаг, түүнийг анхаарлаа төвлөрүүлснээр олж харна гэсэн үг. Энэхүү color bath effect аргыг эзэмшиж чадвал тухайн хуудаснаас өөрт хэрэгтэй гэсэн зүйлээ шууд олж чаддаг болно. Бусад онцын шаардлагагүй гэсэн мөртүүдийг уншилгүй орхино гэсэн үг ".

Энэ аргыг тусгай мэргэжлийн үгээр хэлдэг байх тийм ээ? Мэддэг хүн байвал хэлж өгөөрэй. Хичээнгүйлэн хүсье. 

Нэг зүйл санаанд орчихлоо. Багадаа хотын машинуудын азын дугаарыг олж харах гэж, олж харахаараа тэр өдрөө азтай байна гэж хөөрдөг байлаа. Энэ нь одоо энэ color bath effect арга гэгч байх нь. Тийм үү? Одоо ч үе үе энд азын дугаар байна даа гэж хардаг...

"Зөвхөн унших гэж уншилгүй, хөрөнгө оруулалт, эдийн засгийн эрчимтэй үйл ажиллагаа гэж үзэн унших. Ойролцоогоор 1500 иенээр авч уншсан ном чинь эргээд чамд 100 дахин үржигдэж, ашгаа өгөх ёстой".

"Бизнесийн ном уншихдаа ихэвчлэн амжилт олсон туршлагаа, алдаагаа бичсэн номнуудыг сонгож унших. Онолын чанартай, сургасан маягийн, зузаан ном жаахан дэмий. Харин хүмүүсийн өөрийн туршлагаа бичсэн ном нь илүү богино хугацаанд их зүйл ойлгож авахад дөхөм. Цаг ч хэмнэдэг".

"Уншсан номд чинь бичигдсэн ноүхаүг өөрийн арга барилд тохируулан, өөрийнхөөрөө ашиглаж гэмээнэ эргэн 100 дахин ашгаа өгнө."

"Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд уншдаг. Ном унших тусам цаг гардаг. Ном унших цаг гардаггүй гэж хэлдэг хүмүүс бий. Үнэндээ уншдаггүй учраас цаг гардаггүй".

Энэ мөрт яг үнэн гэж бодсон. Унших цаггүй гэж хэлдэг хүмүүсийг хараад байхад гар утсаа л маажаад байгаа харагддаг. Мөн зурагт үзээд л...

"Ном унших зорилгоо тодорхойлох. Аль болох өөртөө уншихад амар ном сонгох. Зузаан, хэцүү номыг сүүлд ном унших чадварт суралцсан үедээ сонгож уншихад болно. Мөн өөрийн эргэн тойрны, өөрт ойрхон сэдвээсээ эхэлж унш. Нэг сэдвээр дагнаж унш, эхний ээлжинд".

"Өөрт тохирсон ном унших таатай орчныг бүрдүүлэх. Эсвэл тийм таатай орчинг олох. Намуухан кофены газар, гэрийнхээ аль нэг булан гэх мэт".

"Ном уншдаг тогтмол цагтай болох. Өглөөд завтай бол өглөөдөө, оройд завтай бол оройдоо. Унших цаггүй гэлгүй аль болох яаж ийгээд ном унших санаа сэдэл олох, хэрэгжүүлэх. Өөрийн амьдралын хэв маягтаа тааруулж унших".

Би өдрийн цайныхаа 1 цагийг уншихад зориулах гэж оролддог. Хувийн хөөцөлдөх ажил гарсан үед амждаггүй. Ийм өдрөө жорлон орохдоо авч ордог. Хэ хэ. 

"Бизнесмэн хүн завгүй явдаг тул 1 номыг уншиж дуусгах цаг хугацаагаа тодорхойлох. Мэддэг, чаддаг зүйлсийнхээ тухай, хүмүүсийн туршлага, амжилт, эдийн засаг, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт сэдэвт 1 цаг зарцуулна. Харин огт мэдэхгүй, зузаан, өмнө нь уншиж байгаагүй шинэ сэдэв бол 2 цаг гаран зарцуулна гэх мэт".

Өнөөдөртөө ингээд дуусгая. Урт бичлэг болчихлоо. Энэ удаагийн зөвлөгөө нь бизнесмен, орлогоо нэмэгдүүлэх гэсэн зорилготой хүмүүст зориулсан ном юм байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2 件のコメント:

  1. Мааш их таалагдлаа:))

    返信削除
    返信
    1. Мааш их таалагдсанд баяртай байна.

      削除