2023年6月7日水曜日

10 насандаа хийх 17 зүйл үргэлжлэл 4

11. Насан туршдаа нөхөрлөх найзтай болох.

Найз болгон чамд аз жаргалыг хүсдэг үү гэвэл үгүй. Хүний зүрх сэтгэл гээч нь их сонин. Бусдад аз жаргал хүсэхээр бүтээгдээгүй байдаг. Найз чинь амжилттай бөгөөд аз жаргалтай байвал чи түүнийг нь хараад сэтгэлээр унах, атаархах, өөрийнхөө чадахгүй байгаад гутрах, өөрийгөө буруутгах зэрэг үйлдэл нь их байдаг. 

Ялангуяа 10 хэдэн насанд бол тэр бүр найздаа аз жаргалыг хүсээд байж чаддаггүй, хэцүү зүйл. 

Тийм ч учраас ямар нэгэн баярт явдал тохиолдоход найз чинь санасныг бодоход нэг их баярлаагүй бол хэт шоконд ороод хэрэггүй.

Мэдээж олон хүн дотор үнэхээрийн гайхалтай хүн бий шүү. Чиний амжилт, аз жаргалыг найз чинь жинхнээсээ баярлан хүлээж авч, хуваалцаж байвал тэр найзыгаа алдаж болохгүй.

Анхнаасаа миний найз юм чинь намайг хүндлэх ёстой, надад эелдэг сайн хандах ёстой гэж хэт их хүлээлт, итгэх юм бол сүүлд хууртагдсан мэдрэмж авах тохиолдол гарч ч мэднэ. 

Энэ нас бол өөрийнхөө тухай л боддог, өөрийгөө яая гэж байдаг тийм нас учраас "найз минь юм чинь тэгэх ёстой, ингэх ёстой" гэх үзлээсээ болоод бухимдах, найздаа хууртагдсан мэт мэдрэмж авах болдог. 

Дунд, ахлах, их сургуульдаа сайн найзтай болох тохиолдол 10-хан хувь л байдаг гэж томчуудын дунд явуулсан судалгаа харуулдаг. Хэрэв олж авч чадсан бол нөхөрлөлөө улам бататган, цэцэглүүлээрэй. 

Мөн найзуудын ятгалгаар "болчимгүй" зүйл хийх тохиолдол их байдаг. Олноороо доргиод, чи тэгж чадах юм уу, хамтдаа тэгье л даа, гэх мэт хөөрсөн, онгирсон сэтгэлээр буруу зүйл, ичгэвтэр зүйл хийгээд, дараагаар нь эвгүй байдалд орох, бүр хамаг хариуцлагыг нь чи үүрэх хэрэг ч гарч магад. 

Ийм үед болгоомжтой хандах хэрэгтэй...

12. Дурлах, хайрлах. 

Хэн нэгэнд дурлах, хайртай болох нь гайхамшиг. Хэн нэгэнд дурлах нь хүнд байгалиас заяасан хэвийн л өсөлт, хөгжилт. Айх хэрэггүй, сандрах хэрэггүй. 

Хэн нэгэнд дурлах нь өдөр тутмын хэв маягийг гэгээлэг, хөгжилтэй болгодог. 

Сургуулийнхаа хэн нэгэнд дурлах, татагдах нь ямар ч сонирхолгүй хичээл сургуулийг хөгжилтэй, хичээлдээ явахыг тэсэн ядан хүлээдэг болгоно. 

Хамгийн ихээр дурлах боломж олддог нас бол энэ л нас юм. Анхны хайр, шохоорхолтойгоо учирсан уу? 

Хэн нэгэн таалагдаад, шохоорхоод, анхны хайр, анхны үерхэлтэй учрахаараа гэнэт спорт болон хичээлдээ сайжирдаг, хичээдэг хүн ч бий. 

Дурлахаараа өөрийгөө танихаа байчихдаг, өөрийгөө мэдэхээ байчихдаг тийм мэдрэмжийг амсахыг хүсч байна, энэ насандаа. Хүний амьдралд хамгийн нандин дурсамж болж үлддэг учраас тэр. 

Дурлачихсанаа мэдэлгүй, ууртай болох, бухимдуу болох, хичээл толгойд нэг л үлдэж өгөхгүй байх, ээжийн авч өгсөн хувцас таалагдагүй байх, үүнээсээ болоод гэрийнхэнтэйгээ ч таарамжгүй харьцах гээд л. Бүгд энэ насанд л амсах мэдрэмж, дурсамж юм шүү дээ. 

Хичээл, спорт зэрэг нь хичээх тусам үр ашгаа өгч сайжирдаг байхад, хайр дурлал хичээх тусам алдах нь их байдаг хачирхалтай зүйл... 

Дурласан хүн чинь чамайг тоохгүй байх, хичнээн хичээгээд өөртөө татаж чадахгүй байх гээд л...

Дотны найздаа дурлалт хүнээ алдах... 

Энэ тухайд нэг зүйл нэмж хэлэхэд энэ насандаа амссан бүтэлгүй дурлалын түүхээсээ болж ирээдүйн амьдарлаа дэмий үрэхгүй байх, цаад хүндээ өөртөө ч сэтгэлийн шарх үлдээхгүй байх. 

Учир нь энэ нас бол хараахан санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй байдаг, ялангуяа охид болгоомжтой хандах...

13. Гадаад хэл сурах. 

Ямар нэгэн гадаад хэл сурах. Мэдээж гадаад хэл сурлаа гээд аз жаргалтай болчихгүй. Болж өгвөл 1 долоо хоног ч байсан хамаагүй гадаадад гэрээсээ хол амьдарч үзэх. 

Гадаад найз нөхөдтэй болох. Захидлаар? харилцдаг байх.

Гадаад хэл мэддэг байх, гадаад найзтай байх нь хязгаарлагдмал хүрээллийг чинь тэлж өгдөг. Ажил, амьдралын аль алинд нь шүү дээ. 

14. Амьдралд чинь асар том нөлөө үзүүлэх ном, кино, зохиолтой учрах.

Хүний амьдралд нөлөөлдөг 3 зүйл байдаг гэж үздэг. 1. Гүн шоконд оруулсан үйл явдал тохиолдох. 2. Гайхалтай хүнтэй учрах. 3. Гайхамшигтай ном болон кинотой таарах.

Аль болох олон ном унших, олон кино үзэх. Таалагдсан, онцгой мэдрэмж төрүүлсэн ном зохиол, киноныхаа хэлэх гэсэн санааг толгойдоо, зүрхэндээ хадгалах.

Түүхэн хүн, түүхэн баатартай учрах, нэг ёсондоо тэдний тухай унших. Дэлхийн түүхэнд онцгой нөлөө үзүүлсэн, түүхийг өөрчилсөн гэх мэт хүмүүсийн тухай унших. 

Амжилтанд хүрсэн хүмүүс юу гэж бодож, ямар үйлдэл хийж байсан тухай унших, тэдний алдаа, ололт, амжилтаас ямар нэгэн санаа оноо олж авч байх, мэдрэх. 

Энэ насандаа аль болох олон төрлийн, төрөл бүрийн салбарын ном унших. 

Мөн үзсэн киноныхоо сэтгэл хөдөлгөсөн тэр мэдрэмжийг марталгүй, үргэлж санаж явах. Аль болох олон кино үзэж сэтгэл хөдөлгөм тэр мэдрэмжийг ихээр амсах. Учир нь томрох тусам сэтгэл хөдлөл нимгэрч байдаг...

15. Мөнгө болон бизнесийн талаар суралцах.

Энэ насанд ээж ааваас өгдөг мөнгө, хэрэв цагийн ажил хийдэг бол түүний цалин гээд бага хэмжээний л мөнгөнд эргэлдэнэ, ойлгомжтой. 

Ирээдүйн амьдралаа хангалуун, сайхан амьдрахын тулд мөнгө, санхүүгийн тухай мэддэг байх хэрэгтэй. 

Өнөөгийн нийгэм нь мөнгөнд, ашгинд суурилж эргэлдэж байдаг. Ирээдүйд хийх зүйл чинь ашигтай юу? Хэрэв ашигтай бол үргэлжлүүлэн хийхэд болно. 

Харин ашиг өгөхөөргүй зүйл бол мянга дуртай байгаад ч удаан үргэлжлэхгүй л болов уу? 

Сургуульд ямар их сургуульд орох уу? Ямар ажилд орох уу? гэдэг л зүйлийг заадаг, зөвлөлддөг. 

Мөнгөнөөс болоод амьдралаа үрэн таран хийх хүн ч бий. Мөнгөний төлөө юу ч  хийхээс буцдаггүй хүн ч гэж бий. Тийм болохоор мөнгөний тогтолцоо, мөнгөний гүйцэтгэх үүргийн тухай, мөнгөний урсгалыг гээд л сайтар ажиглаж, суралцаж байх хэрэгтэй. 

Цалин бол чиний бусдад олгож буй ажил үйлчилгээний чанар болон хэмжээний чинь хариу гэж ойлгох хэрэгтэй. Чи чанартай бөгөөд сайн ажлаа хийвэл цалин чинь өсөх, нэг бол бизнес чин амжилттай явна гэж мэддэг байх нь чухал. 

Мөн чи мөнгөний төлөө ажиллах уу? Эсвэл мөнгө чиний төлөө ажилладаг баймаар байна уу? 

16. Хувь заяаны тухай тунгаан бодох.

Баян айлд төрсөн, царайлаг, үзэсгэлэнтэй, хичээлдээ сайн, спортын дөртэй гээд л ангид чинь ийм хүүхдүүд байдаг л байх тийм үү? 

Чи тэдгээрт атаархдаг уу? Би яагаад тэдний оронд байж болоогүй юм бол оо? гэж ээж аавдаа уурлах уу?, бурханд гомдох уу? Ингэж гомдлоо гээд ямар ч арга байхгүй шүү дээ. 

Энэ хорвоод хүн өөрийн гэсэн хувь заяатай, үйлийн үртэй байдаг. Баян хүн ч бий, ядуу хүн ч бий. Авъяастай нь ч бий, огтоосоо авъяасгүй нь ч бий. 

Төрөхөд л байсан тэр орчин, байр байдлыг "хувь заяа" гэдэг. Энэхүү хувь заяаг бид өөрсдийн хичээл зүтгэлээр өөрчлөх боломж байдаг. 

Учир нь мянга авъяастай төрсөн ч түүнийгээ буруу ашиглах, хөгжүүлэхгүй байх, гаргуунд нь хаяхад л хүний хувь заяа төсөөлснөө өөр тийш эргэж байдаг. Эсрэгээрээ огтоос авъяасгүй гэж бодон, чадлынхаа хэрээр хөдөлмөрлөхөд төсөөлж байгаагүйгээр хувь заяагаа өөд нь татдаг хүн ч бий. 

Би энэ хорвоод яах гэж төрсөн, юуны төлөө амьдрах вэ гэдгээ тунгаан бодох. Энэ бол хүмүүний насан туршдаа л өөртөө тавих асуулт гэж боддог. 

Хүний амьдралын зорилго бол "өөрийн онцлогийг олж мэдэн, авъяас чадвараа зүлгэн, хүмүүсийг баярлуулах зүйл хийж, үр бүтээлтэй, бүтээлч амьдрах" гэж хэлэх байна. 

Мэдээж хүний амьдралд даван гарч чадахааргүй хана туурга, гаталж гарч чадахааргүй гол мөрөнтэй таарч л таараа. Тийм тохиолдолд "заавал болно, бүтнэ, болгоно" гэж шантралгүй хичээгээд үзээрэй. 

Хувь тохиолоо сайжруулах арга бол чиний өөрийн авъяас чадварт нуугдаж байдаг. Чи юу чадах вэ? Яавал хүмүүсийг баярлуулж аз жаргалтай болгох вэ? Нэг бол би өөрөө хэрхэн аз жаргалтай болох вэ? Эдгээрийн хариултыг олж, өөрийн хийх зүйлсээ олсон цагт хувь заяагаа сайнаар эргүүлж чадна. 

Өндөр хүсэл тэмүүлэлтэй, эргэн тойрныхоо хүмүүсээр дэмжүүлдэг байхад л хувь заяа чинь өөдрөг, эерэг байна. 

Мөн хүний насны хязгаар, наслалтын тухай ч тунгаан бодох. Хэдийгээр чи одоо залуу байна, хойшид олон зүйлийн туршлага суугаад ирэхээр, эргэн тойрны чинь хэн нэгэн тэнгэрт халих ч явдал гарна. 

Урт наслах хүн ч бий, богино насладаг хүн ч бий гэдгийг мэддэг байх. 

17. Мөрөөдлөөрөө амьдрах.

Мөрөөдөлтэй хүн гялалздаг. Мөрөөдөл том ч байж болно, жижиг ч байж болно. Ямартай ч энэ чухал гэсэн зүйлийнхээ төлөө зүтгэдэг байх нь өөрөө гайхалтай юм. 

"Нэгэнт бүтэхгүй, нэгэнт өнгөрсөн" гэдэг бодлыг толгойноосоо авч хаях. Хүн жаахан юманд шантрахаараа "одоо нэгэнт өнгөрсөн, угаасаа бүтэхгүй" гэж болох нь их. Ялангуяа энэ насанд гутранги үзл давамгайлах гээд байдаг талтай. 

Өмнө чинь олон сонголт, хязгааргүй боломж дэлгээтэй байна гэж хэлсэн дээ. Хэдийгээр ээж аавын хараанд эрх чөлөөгүй мэт санагдаж болох. Одоо байгаагаараа л өсвөр насаа хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсч байна. 

За ингээд энэ ном өндөрлөв. Сүүл хэсгийг нь жаахан халтуурдчихлаа. 

Энэ номонд мөн "Баян аав ядуу аав" номын зохиолчийн нэр гарсан. "Алхимич" ном унших номын жагсаалтанд байсан. 

Гэснээс томчуудаас авсан "энэ насандаа тэгдэг байжээ, ингэдэг байжээ гэж боддог зүйл юу вэ?" гэдэг асуултын хариултыг жагсааж бичих үү? Дараагийн бичвэрт. Уншсан байвал зүгээр гэсэн номын жагсаалттай хамт. 

Би ч өөрөө ганц нэгээр нь зээлж уншихын тулд санаж байх хэрэгтэй тийм үү?

За түр баяртай. Зулзагууддаа үглэхдээ ашиглаарай. Хэ хэ. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿