2023年11月1日水曜日

Эргэн тойрны улбар өнгө

11 сарын мэнд ээ. 

Сүнсний баяр болоод өнгөрөх шив дээ. Тэмдэглэх биш дээ, бид. Монголд их л өргөн дэлгэр болж буй сурагтай. Эхлээд ч нэлээд бэлтэй айлуудын байрныхан тэмдэглэдэг сураг байсан чинь яваандаа борчуудын байрныхан хүртэл тэмдэглэж байна гэнэ ээ. Хи хи. 

Яахав нэг хэсэг дэлгүүр их хэсдэг байх үед дэлгүүрийн зар сурталчилгаанд автаад улбар шар өнгөтэй, хулууны зураг хөрөгтэй амттан авч иддэг л байлаа. 

Одоо бол өөрсдөө авахгүй, хаа нэгтээ хүн зулзагуудад минь өгвөл амсчихдаг болсон. Хэмнэлт хэмнэлт бас дахин хэмнэлт...

Цэцэрлэг харин улирлаа дагаад элдэв янзын уран бүтээл туурвих нь их. Бага зулзага ч бас хийж ирсэн. 

Цэцэрлэгийн үүдний чимэглэл. Хамгийн хөөрхөн нь үүнийг нэхээд тавьчихсан байгаа юм. Эрхлэгч багш нь нэхдэг байх. Өөр зөндөө хөөрхөн зүйлс нэхсэн байсан. Би бүр зорьж асуугаад, энийг хэн нэхээд байдаг байна аа? Эрхлэгч багш нэхдэг юм өө гэж билээ. 

Цонхыг нил ягаан өнгийн нимгэн цаасаар бүтээснээ ингээд цаасаар сүнс хийгээд наачихсан байсан. Зулзага бид хоёр түүгээр явж өнгөрөх бүрдээ айж бүр дүр үзүүлж жүжиглэнэ. Хи хи.

Ангиараа хийж өлгөсөн байсан. Зарим нь хар нүд сахалтай. Таазнаас олноор нь өлгөчихөөр бас л хөөрхөн харагддаг юм билээ. Авах болгонд л би хийсэн, ээжээ та хардаа гэж зааж өгдөг юм. 

11 сарын 1 гээд л энэ чимэглэлүүдээ аваад хураачихна. Зулзагын хийсэн бүтээл анги дэвших үеэр нь бусад бүтээлүүдтэй хамт ирнэ. Дурсгал болгож хадгална гэж том ажилтай. Цаасаа дийлэхээ байж л байна. 

Ийм сальфетка хүртэл байна. Авч ирсэн. Зураг авах гэсэн чинь ингэж буугаа тавиад байсан. Аминдаа буугүйгээр дарчих гээд амжаагүй. Хэ хэ. Саяхан найзуудтай дэлгүүр хэсэхэд авахуулсан. 

Ээж авахгүй гэж гүрийгээд, аавыгаа панаалдаж байгаад, аавын найзаар авахуулж, бэлэглэсэн болгоод. Муу юмандаа тархи нь сайн ажиллана тийм ээ? Хичээл хийх, зурах гэх мэт зүйлд хойрго гэж...

Бүр ингээд иж бүрнээр нь нэхсэн байсан. Мөн их хөдөлмөр өө. Би ч иймэрхүү жижиг мөртлөө ажиллагаа ихтэй зүйл нэхэхдээ халшраад байдаг юм. Одоо бүр ч нэхэхээ байсан. 

Зээ нэг иймэрхүү. Залуу гэр бүл, хүүхдүүд олонтой айлууд нийлээд чихэр гэх мэт тараадаг гэсэн. Мөн дугуйлан секцнийхэн эцэг эхүүд нийлээд амттан авч тараадаг гэсэн. 

Сагсны дугуйланд явдаг байхад тарааж л байсан. Би ч нэг их дуртай байгаагүй ээ. Хүүхдийнхээ элдэв амттанг хянаж, танах гэж ядаж байхад ингээд тараахаар далимдуулаад идчихээд байдаг болохоор, зулзагууд. 

Мэдээж огт бол хорихгүй л дээ. Гол нь хэмжээ хязгаар хэрэгтэй. Энэ япон ээжүүд бас их амттан тараадаг санагдсан. Далд бол их хянадаг байж магад, түүнээс гэрийн төсөв зэрэгтээ их л тооцоотой байдаг гэж сонсож байсан.

Улбар шар өнгөний баяр нэг иймэрхүү. Дараагийн баяр юу билээ? Аан тийм зул сар. Тэрнээс наана хань ижлийн төрсөн өдөр гээд л баярууд эхлэх нь дээ. Улам л хөвсийх нь ээ. Яах вэ таминь ээ. Ккк. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿