2023年10月31日火曜日

Хутга

Хутга хэрэглээний соёл гэж маш том соёл байх. 

Ойрд хутганы тухай, төрөл, хэрэглээ, ган, хутганы ишийг нь хийдэг модны тухай гээд л шинэ содон зүйл их уншиж, сонсож байна. 

Ямар ч олон төрлийн хутга байдаг юм? Бараг хоол бүрт зориулсан нэг хутга байх шиг байна шүү, энэ улсад чинь. 

Сашиминых, соба буюу гурил хэрчдэг, ногооных, ногооны чимэглэл хийх зориулалтынх, махных, бусад төрлийнх гэх мэт. 

Эртнээсээ хутга хийж ирсэн дархчууд, төмрийн дархан, гангын үйлдвэрлэл зэрэг нь их эртний түүхтэй, одоо ч уламжлагдаад, тэд дэх үеийн дархны цехээ ажиллуулж байна гэх улс ч байна. 

Өөрийн гэсэн асар өндөр бөгөөд өвөрмөц ур чадвартай, алдартай дархчууд ч байна. 

Гэртээ байгаа хутгануудаа тоолсон чинь том жижиг, үнэтэй хямд гээд л 15 ширхэг байна. Хөөх л гэж бодлоо. Миний өдөр тутамдаа хэрэглэдэг нь 3 ширхэг. Бусад нь хань ижлийн ан авдаа хэрэглэдэг, аялал зугаалга зэрэгт авч явдаг ганц нэг тонгорог. 

Маслоны хутгаа оруулаагүй шүү. Лав 3 ширхэг бий. Ха ха. 

Саяхан нэгэн алдартай дархан хүний маш цөөн тоогоор хийгдсэн нэгэн гоёмсог хутга худалдаж авсан. Их гоё хайрцаг савтай. Мөн нэгийг бэлгэнд авсан. 

Гэснээс би өөртөө нэг гоёмсог хутга худалдаж авна гэж төлөвлөв. Баяжихаараа. 

Үнийн хувьд мэдээж алдартай хүмүүсийнх нь, гангын төрлөөсөө, хийцээсээ болоод өөр өөр. Үнэтэй. Үнэтэй хутга бас цаанаа л өөр, бүр өөрийн эрхгүй худалдаж авмаар санагддаг юм билээ. 

Японд Гифү мужийн Сэки хот, Осака мужийн Сакай гэдэг хотууд ерөнхийдөө алдартай юм билээ. Мэдээж  өөр мужууд, бүс нутагт алдартай дархчуул бий шүү. 

Гангын үйлдвэрлэлээрээ Шиманэ мужийн Ясүги хот алдартай юм билээ. Манайхтай ойр. Бид хутганы үзэсгэлэн худалдаанд нь очсон. Хутганаас гадна билүү, ер нь л төмөр, ган зэргээр хийсэн олон бүтээгдэхүүн зарагддаг юм билээ.  

Тэгсэн чинь эргэн тойронд хутганы хоббитой хүмүүс зөндөө байна шүү. Бүр сэлэмтэй ч айл байна. Хэ хэ. Их гоёмсог тонгорого хутгатай байдаг юм байна, хүүхнүүд. Үлгэр жишээ авна аа. 

Ямартай ч шинэ хоббитой болох гэж байгаа, хажуу дахь хань ижлээсээ их юм асууна, найзуудаасаа асууна. Заримдаа тэс хөндлөн юм ярьж инээдийг нь хүргэнэ. Ха ха. 

Мөн хутганыхаа материал болох гангын тухай уншиж байна. Зэвэрдэг, тэр бүр зэврээд байдаггүй гэх мэт. Мөн химийн хичээл хийх хэрэгтэй юм шиг санагдав. 10 жилдээ химийн хичээлдээ гавиагүй минь муу юм болжээ. 

Хром, молебден, ванади гэх мэт сонин сонин үг гарч  ирж байна. Монгол хэлээр орчуулагдахгүй, энэ хэвээр нь хэлдэг юм байна. 

Дараа гоё хутганы зураг оруулна аа. Өөрийн гэсэн хутгатай болохоороо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүьсе. 

0 件のコメント:

コメントを投稿