Уржигдар зулзагыг авахаар очсин чинь, багшийн өөдөөс хараад манай хүн, бас нэг хүү хоёр их л чухал царайлсан, дээрээс нь доошоо хараад их л гэмшсэн байртай зогсож байна аа.
Нэг хэрэг тарьж дээ гэж бодоод хүлээсэн. Жаахан байзсанаа багш нь гарч ирээд, хүүхэд хазсан гэж хэлэв.
Энэ удаад тарах үеийн мэндчилгээ, цуглаан гээд багш нь яг өөдөөс нь хараад сууж байсан гэнэ. Манайх ээж нь удахгүй ирнэ гээд цүнхээ үүрчихсэн, харих бэлтгэлээ хийчихсэн сууж байсан гэнэ.
Тэгсэн нэг жаал өмнүүр нь орж ирээд л хоёр гараа хөдөлгөөд, байлдах гэж байгаа хөдөлгөөн хийсэн шиг байна. Тэгсэн манай хүн гарыг нь барьж авснаа хазсан гэнэ.
Энэ удаад багш нь зэмлээд, дахин хазаж болохгүй гэж хэлсэн, найзаасаа уучлал гуйсан гэнэ.
-Уучлаарай, шомбойгоод урвайсан чигээр нь гэрт нь хариулж байгаад...
-Өө зүгээр, зүгээр. Хазуулсан хүү зүгээр үү? Уучлаарай гэж дамжуулж хэлээрэй.
-Гайгүй ээ, хөргөж мөсөөр жин тавьсан.
Жин тавьсан гэхээр нэлээд хүчтэй хазсан бололтой шүү. Мөр үлдээгүй л байгаасай, бурхан минь.
Замдаа жаал үглэлээ. Нэлээд ширүүн. Дахин хазахгүй гэж ам өчгийг нь авлаа. Орой аав нь бас хэлж байгаа харагдсан. Нэг их ширүүн бус хэлээрэй гэж нүдээрээ хань ижилд айлдлаа.
Аавын чанга дуутайг хэлэх үү? Уурлахаараа нэлээд ширүүнийг хэлэх үү? Хүүгээ өрөвдөөд, хэхэ. Ингэхэд хүүхдүүддээ уурлахдаа бие биенээсээ харамладаг тийм ээ? Ккк
Харилцах дэвтэрт нь дахин уучлал гуйж бичлээ. Хариуд нь "хамгаас хайртай ээжийнхээ үгэнд орох байх аа" гэж бичсэн байна лээ.
Маргааш нь очиж авсан чинь "өнөөдөр найзыгаа хазаагүй" гэж угтсан. Ха ха. Хазаж байх ёстой юм уу? Өнөөдөр бас аажуухан гэгч нь "хазаагүй" гэсэн.
Аав нь багадаа нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй байсан гэдэг. Яахаараа дандаа "мууг" нь дуурайдаг байна аа. Манай удамд лав... Хэ хэ. Идэр-Одын нэг хошин яриаг дуурайсан юм шүү.
Нэг иймэрхүү, ёстой жинхнээсээ чих халууцуулна гэдэг нь болох гээд байх шиг шүү.
Өөрийнх нь ямар нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлж буй зүйлд садаа хийхэд дургүй шиг байгаа юм.
Өөр чинь юу билээ? Аан тийм, хамраа ухаж байснаа ухаж байсан хуруугаа ам руугаа явуулаад, нусаа идээд байх шиг байгаа юм. Хэлэхээр идээгүй гээд гүрийгээд. Ха ха.
Ингэхэд нусаа идэж байсан уу? Та нар. Ккк.
Охид харьцангуй гайгүй байсан шиг санаад байх юм. Мартсан ч байж магад. Гэхдээ хаа нэгтээ хананд хатсан нус наалдсан явж байдаг байсан. Бодвол идэлгүйгээр хананд наачихдаг байсан юм болов уу? Ха ха.
Хүүхэд томрох тусам асуудал нь хамт томордог гэж үнэн шүү. Нялзрай байхад бол амар. Уйллаа, мөөмөө ам руу нь. Тэгээд л хөөрхөн унтаад өгдөг.
Одоо ч...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿